Comment.mn

Монголын хувцас загварт TUVZA брэнд шинэ өнгө төрхийг ‘урлав’

Монголын хувцас загварт шинэ өнгө төрхийг нэвтрүүлэн хөдөлмөрлөж яваа хамт олон бол TUVZA брэндийнхэн. Уг брэндийг үүсгэн байгуулагч нь дизайнер А.Түвшинзаяа юм. Тэр Хөх хот болон Милан хотуудад хувцасны дизайнераар ажиллаж байсан туршлагатай нэгэн. 2018 оноос Монгол үндэсний гоёлын хувцас, насанд хүрэгчдийн болон хүүхдийн эрэгтэй, эмэгтэй өдөр тутмын хувцас урлаж бүтээлүүдээ хэрэглэгчдийнхээ гарт хүргэж эхэлсэн. Тус брэнд нь ‘MPDU Fashion Week’ загварын шоуны үеэр сонирхол татам хээ, материалаар дүүрэн бусдаас өвөрмөц цуглуулгыг толилуулсан нь загвар сонирхогчдыг шинэ ертөнцөөр аялуулж чадсан юм.

Дизайнер А.Түвшинзаяа цуглуулгаа үүлэн хээ, ирвэсний хээ, матрын арьсыг санагдуулам материал болон хээтэй загваруудаас бүрдүүлэн урлажээ. Тод цэнхэр, ягаан, улаан, ногоон зэрэг зоригтой өнгөнүүдийг тун чадварлаг ашигласан нь түүний бүтээлүүдээс харагдаж байв.

Харин эсгүүрийн хувьд  oversize, бэлхүүс тодотгосон, богино болон урт гэсэн төрөл бүрийн туршилтуудыг хийж болно гэдгийг ч батлан харуулжээ. TUVZA брэндийн шинэ цуглуулгад гар аргаар урласан өнгө өнгийн цэцгэн хатгамалтай цүнх, өнгө болон материалаар хувцастайгаа хослох цүнх, малгай зэрэг аксесуарууд багтаасан байв. Мөн шинэ цуглуулгад багтсан курткануудыг пиджак мэт харагдах эсгүүрээр урлажээ.

Ийнхүү Олон улсын дизайнеруудтай энэ зэрэгцэн монголын загвар зохион бүтээгчид шинэ төвшинд хүрч буйг амжилттай харуулж өндөр үнэлгээг авч чадлаа. TUVZA брэндийн хамт олон сүүлийн үед уран бүтээлчдийн клипэнд зориулж хувцас урлах ажилд тун чадварлаг ажиллаж байна. МУГЖ дуучин Т.Ариунаа,  ThunderZ нарын хамтран дуулсан Цасан аялгуу дууг шинэчлэн клипжүүлэхэд багаараа ажиллажээ. 

Хэзээний гал цогтой, эрч хүчтэй гавьяат дуучин Т.Ариунаа ч тус брэндийн зөвхөн түүнд зориулан урласан бүтээлийг гайхалтай амилуулжээ. Дизайнер А.Түвшинзаяа Итали улсын Миланд Accademia Bella arti di brera сургуульд хувцасны дизайны чиглэлээр магистераар суралцаж, тэнд байх хугацаандаа өөрийн брэндээ үүсгэн байгуулсан хөдөлмөрч нэгэн билээ. Өдгөө өөрийн авьяаслаг хамт олноо амжилттай удирдан эх орондоо бүтээлээ туурвиж яваа нь энэ юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.