Comment.mn

Батлан хамгаалах, зэвсэгт хүчин авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаар удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн ажиллаж байна

Батлан хамгаалах яам нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон УИХ-ын 2016 оны тогтоолоор батлагдсан “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж буй билээ.

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар, Батлан хамгаалах яамны ёс зүйн зөвлөлтэй хамтран тус яамны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнтэй “Авлига түүний нөхцөл, шалтгаан, авлигын хор уршиг” сэдвээр сургалт, соён гэгээрүүлэх өдөрлөгүүдийг өнгөрсөн хугацаанд амжилттай зохион байгуулсан.

Түүнчлэн Батлан хамгаалах салбарын шударга байдлын үнэлгээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Авлигын эсрэг хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тэгвэл энэ удаад Батлан хамгаалахын сайдын өгсөн үүргийн дагуу салбарын хэмжээнд авлига, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой сургалтыг өнөөдөр ҮБХИС-ийн “Сүбээдэй” танхимд болон цахимаар зохион байгууллаа.

Зэвсэгт хүчний Жанжин штаб, ХЗЦК, АЦК, ТХЦК, КАБЦК, Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон харьяа нэгтгэл, анги, салбаруудын алба хаагчид хамрагдсан тус сургалтыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нээж үг хэлэв.

Тэрээр “Батлан хамгаалах яамны Ёс зүйн зөвлөлөөс 2022 оныг “Зөв харилцаа, хандлагын жил” болгосон. Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайдын хувьд офицер, ахлагч нарт хоёр зүйлд онцгой анхаарахыг захисан. Тодруулбал, үүргээ шударгаар биелүүлэх, хандалгаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлэх талаар батлан хамгаалах салбар нэлээд ач холбогдол өгч ажиллаж байна. Сүүлийн үед манай салбарт бага гэлтгүй зөрчил дутагдал гарч байгаа. Бид үүнд дүгнэлт хийх ёстой. Ялангуяа Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, БИЦУГ, нэгтгэл, анги, байгууллагын удирдлагууд анхаарал хандуулж ажиллах ёстой. Тийм учраас энэхүү сургалтад идэвхтэй хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлэх нь бидний өдөр тутмын болоод цаашдын үйл ажиллагаанд тун чухал. Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Өнгөрсөн долоо хоногт цэргийн төлөвшил, ёс зүйн талаар нэг цагийн ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, телевизийн сувгуудаар олон нийтэд хүргэсэн. Нууцлалын зэрэгтэйгээс бусад асуудалд бид нээлттэй хандах ёстой.

Энэ ч үүднээс бид бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн сургалт Батлан хамгаалахын сайдын баримталж буй бодлогын хүрээнд явагдаж байгаа. Төрд тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч авлига, ашиг сонирхлоос ангид байх ёстой гэсэн зарчмыг баримтална. Энэ зарчмын хүрээнд салбарын алба хаагчдад Авлигатай тэмцэх газартай хамтарсан сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад Батлан хамгаалах яам болон ЗХЖШ-ын Ёс зүйн зөвлөл, АТГ-ын соён гэгээрүүлэх нэгжтэй хамтран сургалт зохион байгуулж, урьд урьдынхаас илүү өргөн бүрэлдэхүүнийг хамрууллаа. Бид авлига, ашиг сонирхлоос ангид байж чадвал салбарын нэр хүнд, алдар гавьяа тэр хэрээрээ өсөн нэмэгдэнэ. Бидний ажлын үр дүнд өмнө нь гарсан алдаа дутагдал, зөрчлүүд арилсан. Гэхдээ сахилга хариуцлага, дэг журмыг улам бэхжүүлэх, үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэхэд энэ сургалт чухал ач холбогдолтой. Мөн бид сэтгэлгээ, үзэл санааны хувьд өөрчлөгдөж, тодорхой ахиц гаргаж сургалтын үр дүнг бодитоор мэдрэх ёстой” гээд сургалтад оролцож буй бүрэлдэхүүнд амжилт хүслээ. Үргэлжлүүлэн АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун, М.Жамьяанцоожил нар Авлигын тухай ерөнхий ойлголт, шалтгаан нөхцөл, эрх зүйн орчин, авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор уршиг зэрэг сэдэв тойрсон олон чухал асуудлыг хөндөж, мэдээлэл өгсөн бол сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүн өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч, тодорхой саналуудыг уламжилж байв. 2022 оны нэгдүгээр сараас Батлан хамгаалах яамны харьяа 13 байгууллага, салбарын хэмжээнд удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлагыг зөв байлгах талаар цогц сургалтуудыг хүртээмжтэй зохион байгуулсан бөгөөд энэ удаад ч идэвх оролцоо сайн байгааг Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд мөн дурдсан юм. Түүнчлэн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагуудын авлига, ашиг сонирхол, ёс зүйн зөрчлөөс ангид байх талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас төрийн албан хаагчийн удирдах манлайлал нэлээд идэвхтэй явагдаж байгаа нь харагдлаа хэмээн онцлов.

ЗХЖШ-ын АУГ-ын дарга бригадын генерал С.Дашзэвэг сургалтыг хааж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн сургалтаар та бүхэн мэдээлэл авахын зэрэгцээ харилцан ярилцаж, санал бодлуудаа солилцон, идэвх оролцоогоо нэмэгдүүллээ. Цаашид сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс холбогдох хууль тогтоомжийг сайтар судлах хэрэгтэй. Бидний хувьд авилга, ашиг сонирхол ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, БИЦУГ болон харьяа нэгтгэл, ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, үр дүнг тооцож ажиллах болно” гээд төрийн албан хаагчийн ёс зүйг ямагт өндөрт өргөж ажиллахыг уриалав.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.