Comment.mn

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд чуулж байна

Энэ өдрүүдэд манай орны иргэд, цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэж байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 20300 гаруй, түүний дотор 900 орчим эмэгтэй энхийг сахиулагч дэлхийн 10 гаруй улсад НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм.

Өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдөр Соёлын төв өргөөнд Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас НҮБ-ын энхийг сахиулах мөн олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн эмэгтэй энхийг сахиулагчдын алдрыг тэмдэглэх өдөрлөгийг зохион байгуулж байна.

Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг нарын хүндэт зочид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэсэн цэнхэр дуулгатан-энхийг сахиулагч 1000 гаруй эмэгтэйчүүд оролцож чууллаа.

Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах зорилгоор анх удаагаа зохион байгуулж байгаа уг чуулга уулзалтыг нээж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үг хэлсэн ба үүний дарга ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор “Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, ач холбогдол”- талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг харуулсан баримтат нэвтрүүлгийг уулзалтад оролцогсдод үзүүллээ.

Үүний дараа энэхүү чуулга уулзалтад оролцож буй хүндэт зочид, энхийг сахиулагч эмэгтэйчүүдэд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар сэтгэл догдлуулсан, баярын мишээл тодруулсан, энхийг сахиулагч эмэгтэйчүүдээ магтан алдаршуулсан, гавьяа, зүтгэлийг нь үнэлсэн, тэдэндээ талархал илэрхийлсэн бахархалтай мэндчилгээг нийт оролцогсдын халуун алга ташилт дор хүргэсэн юм.

Эдгээр хүндэт зочдын дараа Монгол Улсад суугаа НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра эмэгтэй энхийг сахиулагчдад баяр хүргэж, амжилт ерөөлөө.

Энэхүү хүндэтгэлийн ажиллагааны дараа ЦДБЭЧ, ХЦДБЧ, ЦЕГ-ын “Сүлд”, ШШГЕГ-ын “Соёмбо” чуулгын уран бүтээлчид болон даян дэлхийн энхийн үйлсэд зүтгэсэн энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хамтарсан урлагийн тоглолтыг толилууллаа.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор манай улсад анх удаагаа зохион байгуулж буй эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт, тэдний алдрыг сурталчлах өдөрлөг үргэлжилсээр байна.

Эх дэлхий амгалан, эх үрс аз жаргалтай байж, эмэгтэй энхийг сахиулагчдын алдар гавьяа үеийн үед мандан бадрах болтугай.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.