Comment.mn

23-р сургууль Moodle системийг нэвтрүүлснээр багшийн ачааллыг бууруулж, сурагчид дэлхийд тэргүүлэх болжээ

– SOLS 23 багш, сурагчдыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхуулж байна-

Дэлхийн 240 гаруй орны бүрэн, дунд сургуульд хэрэгжүүлж байгаа Moodle системийг Монголын хөрсөнд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль анх удаа санаачлан нэвтрүүлжээ. Үүнээс  судалгаа хийж боловсруулан тус системийг Монголын дунд сургуульд нэвтрүүлэхдээ нэрийг нь SOLS 23 /School online Learning system/ гэж өөрчлөн 2018 оноос туршиж эхэлсэн бөгөөд цааш хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэн, хөгжүүлсээр дөрөв дэх жилтэйгээ золгож буй юм. Энэхүү системийн тусламжтайгаар багш нарын бичиг цаастай ажиллах ачааллыг эрс бууруулжээ. Мөн хүүхдүүд хичээлийн хоцрогдолд өртөхөө больсон байна.

Багш нарын бичиг цаасны ажлыг багасгаж, хөндлөнгийн шалгалтаас сурагчдыг үнэлдэг үнэлэмжүүдийг багш нарын оролцоогүй шалгаж чаддаг болжээ. Энэ нь сурагчдын сурлагын чанарт маш их амжилт авчирсан гэдгийг тус сургуулийн захирал Ц.Цолмонбаатар онцолсон юм. Сүүлийн хоёр жил элсэлтийн ерөнхий шалгалтад 23 сургуулийн 15 хүүхэд 800 оноо авчээ. Энэ нь SOLS 23 системийн үр дүн бөгөөд 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын улсын дунджаас судлагдахуун болгоны үнэлгээг давуулж чадсан гэв.

Уламжлалт аргаар зохион байгуулагддаг шалгалтын дүнг боловсруулах, анализ хийх, эцсийн үр дүнг тооцох хүртэл 8-11 цагийг багш нар зарцуулдаг байжээ. Харин одоо уг системийн тусламжтайгаар нэг цагийн дотор тухайн сурагчдын авсан үнэлгээ мэргэжлийн багш нар дээрээ шууд очдог болсон нь цаг хугацаа хэмнэсэн томоохон амжилт юм. Тус сургуулийн багш нар сурагчдадаа хичээлээ илүү сонирхолтой байдлаар заах болсон бөгөөд зөвхөн танхимын 40 минутаар сургалтын үйл ажиллагаа нь хязгаарлагдахгүй болжээ. Хүүхдүүд хичээлээсээ бусад цагт нэмэлт даалгавруудыг системээсээ үзэж илүү хөгжих, өөрөө өөрийгөө сорих даалгаврыг цаг хугацаа, орон зай үл харгалзан хэзээ ч, хаанаас ч суралцах бүрэн боломжоор хангагджээ. Тухайлбал, ямар нэг шалтгааны улмаас хүүхэд хичээлдээ сууж амжихгүй тохиолдол гарахад дараа нь л хичээлээ нөхөж авдаг байжээ. Харин одоо бол шалтгаантай хүүхдүүд өөрийн байгаа орон зайнаас системдээ нэвтрээд тухайн өдрийн хичээлдээ бусадтайгаа зэрэг үзэж, суралцах боломжоор бүрэн хангагджээ. Цар тахлын улмаас гадаадад байгаа тус сургуулийн хүүхдүүд хичээлдээ SOLS систем рүүгээ нэвтрээд цаг алдалгүй суралцаж буй гэнэ. Ийнхүү Монголын боловсролд “Үүлэн технологи” гэдэг шинэ дэвшлийг оруулж ирэхэд 23-р сургуулийн удирдлагын чадамж ихээхэн нөлөөлжээ гэдгийг энд онцлох нь зохистой биз ээ. Улсын сургуулиудаасаа анхдагч болж суралцагчдаа техник технологийн эрин зуунд амьдарч байгааг нь мэдрүүлнэ гэдэг нөр их хөдөлмөрийн үр дүн. Энэ дэвшлийг нэвтрүүлэхэд интернет, сервер, хадгалалт, хамгаалалт, хөгжүүлэлт гээд мэргэжлийн хүмүүсийн туслалцаа хэрэгтэй болжээ. Ийнхүү хөгжүүлэлтийн асуудлыг Ай Си Ти групп хамтран хийж байгаа юм.

– SOLS 23 системийн давуу тал дундаршгүй-

Багш нар ажлаа календарийн эвэнт хэсгийн төлөвлөгөөний дагуу заагдсан төлөвлөгөөт ажлуудаа хийгээд явдаг. Ингэснээр сургуулийн удирдлагууд систем дээр багш нарынхаа ажлыг үнэлж дүгнэдэг болжээ. Өөрөө хэлбэл, багшийн цагаас хумсалж сургалтын албаны өрөөнд дуудаж хийсэн ажлыг нь дүгнэх, шалгадаг байдлыг бүрэн халсан гэсэн үг юм.  Багш нар сар, улирал, жилийн эцэст байнгын бичиг цаастай зууралддаг байжээ. Тэгвэл одоо системийнхээ тусламжтайгаар маш хурдан тайлангаа хийдэг болж. Цаг хугацааг хэмнэснээр багш зөвхөн хүүхдүүдийнхээ оюуны чадамжийг нэмэгдүүлэх материалыг бэлтгэхэд зарцуулдаг болсон байна.

Эцэг эхчүүд  хүүхдийнхээ төлөө анхаарах, сургуультайгаа хамтарч ажиллах, хүүхдийнхээ оролцоо, хандлага, хичээл, сурлагад гарч байгаа өөрчлөлтийг тэр бүр мэдэх боломжгүй байдаг. Тэгвэл мэдээлэл технологийн эрин үетэйгээ хөл нийлүүлэн уг системээрээ хүүхдийнхээ сурлагын төвшин, хичээлээс гадуурх ажиллагаанд оролцож чадаж байгаа эсэх, сургуулийн бодлого, багш нарын системээр хүүхдүүдэд өгч байгаа даалгавар, дасгалууд хэр өгөөжтэй, нийцтэй байна гэх санал зөвлөгөөнүүдийг өгдөг давуу талтай.

Сурагчид хичээлээс гадуур өөрийн дутуу ойлголттой байгаа чадваруудаа дээшлүүлж сорих боломжтой болгож өгсөн нь хүүхдүүдэд ихээхэн таалагдаж байгаа гэнэ. Тухайн шалгалтыг авахад даалгаврын санд дотор нэгж хичээлтэй холбоотой даалгавруудыг систем дотор сан үүсгээд бүрдүүлжээ. Энэ нь хүүхдүүдээс шалгалт авахад маш хялбархан болжээ. Сангаас авсан даалгавар дээр хүүхдүүд шалгалтаа өгч байгаа нь багш нарыг хөндлөнгөөс дүнд нөлөөлөх боломжгүй болгож. Ингэснээр багш нар хичээлээ маш өндөр төвшинд бэлтгэж заах бөгөөд нэмэлт даалгаврыг хүүхдүүддээ сайн өгөх хэрэгтэй болжээ.  Ингээд шалгалтын үр дүн дээрээс анализ хийнэ. Өөрөөр хэлбэл багш хөтөлбөрөө сайжруулна гэсэн үг юм. Систем хүүхдүүдийг ямар даалгаврыг хийж чадав гэдгийг нарийвчлан гаргадаг байна. Алдаатай байгаа даалгаврыг дахин нарийвчлан гаргаж ирдэг. Энэ нь хүүхдийн дутуу ойлгосон зүйлийг сэргээхэд давуу тал болдог ажээ.

Сургуулийн захирлын зүгээс эцэг эх, багш, сурагчдын хамтын ажиллагааг бүрэн хангасан томоохон систем болж чадсан хэмээн дүгнэв.

Багш ажлын байран дээрээ хөгжиж байна-

Багш хөгжих ёстой гэдгийг байнга ярьдаг. Гэвч маш их ачааллын араас тэд гарч чадахгүй явсаар өөрийгөө хөгжүүлэх нь орхигддог байна. Цар тахлын улмаас нэгдсэн багшийг хөгжүүлэх сургалт явагдах боломж ховор болжээ.
Мэдээлэл технологийн өндөр хурдацтай нийгэмд амьдарч байгаа хүүхдүүд амьдралаа ухаалаг гар утас, таблет, компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй болчихсон нийгэм. Тэдний хувьд мэдээллийн асар олон сувгаас өөрийн хэрэгцээт мэдээллийг багш нарын шаардлагагүйгээр өөрсдөө бие дааж харчих боломжтой үе билээ. Ийм нийгэмд амьдарч байгаа хүүхдүүдтэй багш нар ажиллана гэдэг асар их ур ухаан, арга зүй, сэтгэл зүйн бэлтгэлийг шаардаж байгаа нь хэн бүхэнд мэдрэгдэх болсон. Энэ бүх зүйлийг л Орос, Япон, Англи, Хятад, Солонгос, Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль нэвтрүүлж багш болон хүүхдүүд нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж явна. Sols систем дээр дан ганц сурагчид хөгжөөд зогсохгүй багш ч хамтдаа хөгжиж байгаа нь хамгийн том давуу тал юм.

-Монголын дунд сургуулийн боловсролд уг системээ түгээн дэлгэрүүлж байна-

Энэхүү системийг 23-р сургуулийн удирдлагууд бүх аймаг, нийслэлийн Боловсрол,соёл урлагийн дарга болон Багшийн мэргэжлийг дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Боловсрол шинжлэх ухааны яамны мэдээлэл технологийн газрын ажлын хэсгүүдэд танилцуулжээ. Азийн хөгжлийн банкны эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх төслийн багийнхан уг системтэй танилцсан байна. Мөн УИХ дахь цахим бодлого байнгын хорооны дарга Н.Учрал гишүүн ажлын хэсэгтэйгээ тус сургуульд зочлон танилцжээ. Боловсрол соёл, шинжлэх ухааны спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням төрийн ордонд тус сургуулийн захиргааг хүлээн авч системтэй нь танилцсан байна. Төрийн ордонд болсон Боловсролын салбар дахь цахим шилжилтийн үеэр SOLS системийн танилцуулгаа хийжээ. Бүхий л салбарт цахим дижитал хэлбэрт шилжиж буй энэ хувьсалд дэвшилттэй байгаа энэхүү системийн үр дүн, өгөөж нь ямар байгаатай танилцаж өндөр үнэлгээг өгч, сайшаажээ. Энэ нь тус сургуулийн хамт олны ажлын үр шим юм.

Өнгөрсөн хугацаанд хөдөө, орон нутаг, нийслэлийн гээд 40 гаруй ерөнхий боловсролын сургуульд 100 гаруй хэрэглэгчтэй болон түгжээ. Баян-Өлгий аймаг, Хэнтий аймгийн Биндэр сумын сургууль  23-р сургууль шиг үйл ажиллагаагаа явуулаад аль хэдийнээ эхэлжээ. Үндэсний лаборатори сургуулийн үүрэг, нийгмийн хариуцлага талаасаа монголын дунд сургуульд нэвтрүүлсэн систем нь тун амжилттай явагдаж байгаад сургуулийн захирал Ц.Цолмонбаатар тун баяртай байгаа гэдгээ дурдсан юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулиуд цахимд шилжсэн. Харин тус сургууль алсыг харж эхлүүлсэн үйл ажиллагаа нь хэдийнээ хэвшил болчихсон байсан учраас хүүхдүүдээ хичээлийн хоцрогдолгүй, ахицтай суралцахад нь түлхэц болж өгчээ. Уг системийг олон сургуульд түгээхэд техникийн шийдэлд асуудал тулгарч буй.  Гэхдээ энэхүү тулгарсан асуудлыг Ай си ти групп хамтран тун сайн хийж гүйцэтгэдэг байна.

Sols систем нь эцэг эх, багш, сурагчийн тухайн системд ажилласан хандалтуудыг бүгдийг нь цаг хугацааны дараалалтай гаргаж ирдэг аж. Тухайлбал, бага ангийн багш, сурагч, эцэг эхийн оролцоо ямар байна. Бүр анги тус бүрээр нь оролцоог нь илрүүлэн гаргаж ирдэг гэнэ. Ингэснээр тухайн хүүхдэд хамтарч яаж туслах боломжтой байна гэдгээ мэдчихдэг байна. Өөрөөр хэлбэл хүн болгон үүрэгтэй. Энэ үүргийн ард сургалтын чанар, багш өөрөө хөгжих, сурагчдадаа сонирхолтой хэлбэрээр хичээлээ явуулах, хүүхэддээ туслах эцэг эхийн үүрэг нэмэгдэх зэрэг олон давуу талтай юм. Хүн болгоны оролцоог шууд үнэлдэг учраас хамтарч ажиллахаас өөр гарцгүй болгож байгаа нь оролцохгүй байхын аргагүйд хүргэдэг технологийн дэвшлийн бас нэг давуу тал. Үүнээс үүдэж даалгавар хийдэггүй хүүхэд бараг байхгүй болжээ. Сурлагын амжилтаа ахиулж дэлхийн сурагчидтай өрсөлдөн тэргүүлэх болсныг энд дуулгахад таатай байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.