Comment.mn

Засраагүй Н.Энхбаяр

Сонгууль дөхөхөөр л элдэв янзын аудио болон видео бичлэг задарч, нэг нэгнийхээ бөгсийг ухдаг болсоор удаж. Угтаа зөв, төрд гарахын төлөө улайрч байгаа хүмүүс начир дээрээ ямар вэ гэдгийг тэд өөрсдөө бидэнд хэлж өгдөг. Хамгийн зартай нь МАН-ын 60 тэрбум төгрөгийн схем. За тэгээд бас бус аудио, видео бичлэгийг тоолбол барагдахгүй. Хамгийн харамсалтай нь, бид тэрийг нь үзээд, сонсоод, үзэн ядаад байгаа мөртлөө нөгөө хэдийгээ сонгосоор, молигдуулсаар. 2020 оны УИХ-ын сонгуулиар тийм ч их бичлэг задраагүй. АН-ын шинэчлэл ярьсан сүр данзан зарим нэг нөхөр намын даргатайгаа албаар хэрүүл, хэлцэл өрнүүлж, түүнийг бичиж аваад цацсаныг эс тооцвол. Харин МАХН үнэгүй орон сууц өгнө, хүүгүй зээл олгоно гэж шоудсан нь хамгийн супер амлалт байв. 

Ард түмэндээ хайртай болж, чухам л гэгээрсэн гэгдэж байсан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан, одоогийн МАН нэрээ солиогүй, МАХН байхад даргалж явсан Н.Энхбаяр огтхон ч өөрчлөгдөөгүй гэдгийг тэр үед мэдрэх нэг нь мэдэрсэн байх. Мань хүн ч өөрөө мэдрүүлсэн. Тэгвэл орон нутгийн сонгуулийн өмнө жинхэнэ утгаар нь мэдрүүллээ. Нэг хэсэг тэр өөрөө төрд эргэж гарч, эрх мэдэлд хүрэхийн төлөө бүхий л хүчээ дайчилсан. Өрөвдүүлэх, өөрчлөгдсөн гэж итгүүлэх тактик барьсан. Гэвч янз бүрийн шалтгааны улмаас санасандаа хүрч чадаагүй. Тэгвэл одоо хүү Э.Батшугараа нийслэлд ч болов оруулахаар зүтгэж байна. 

Өнгөрсөн хоёр хоногт МАХН бараг тэр чигээрээ Э.Батшугарын нэр дэвшиж буй Сонгинохайрхан дүүрэгт хүч хаяж, хэрэглэж болох бүх аргаа хэрэглэж буйг баталсан бичлэгүүд цацагдлаа. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ Сонгинохайрхан дүүрэг буюу НИТХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигч Э.Батшугарын ухуулагч нартай хийж буй уулзалтын бичлэг задрав. Дүрсгүй бичлэг л дээ, гэхдээ дуу хоолой нь З.Баянсэлэнгийнх гэдэг нь эргэлзээгүй. “Одоо бүгдээрээ хятадууд шиг мэрж ажиллана. Нэг ухуулагч нэг өдөр 10 хүнтэй бол. Нэг цагт нэг хүнтэй уулз.  Тэгэхээр 12 цагт 10 хүнтэй уулзаж чадахгүй амьтан гэж юу байдаг юм бэ. Яг энэ 10 хүнийг хаанаас олох вэ гэвэл нөгөө 20 мянган төгрөгөөр саналаа худалддаг хүмүүсээс татна. Та нарын бүрдүүлж өгсөн энэ хүснэгтээр бид  бүртгэл, тооцоогоо хийнэ. Овог нэр,  утасны дугаар,  регистрийн дугаар, гэрийн хаягийг  нь өдөр бүр  олж ирнэ. Мэдээлэл нь зөвүү гэдгийг тулгаад мэдчихнэ” гэх зэргээр ярьж байх юм. 

Нөгөө л сонгогчдын саналыг худалдаж авах гэсэн оролдлого. Бүр 20 мянган төгрөгөөр саналаа худалддаг гэх хэсгийг онилохоор улаан, цагаан яриад сууж байна. Хамгийн их шударга ёс ярьж, орилж байгаа намын төлөөлөл. Дахиад нэг дүрстэй бичлэг ч цацагдсан. Б.Энхжаргал гэгч Э.Батшугартай хамт Сонгинохайрханд нэр дэвшиж байгаа эмэгтэй иргэдтэй уулзаад “Орон сууцны хөтөлбөрт бүртгүүлээгүй хүмүүс байвал бүртгүүлээрэй. Зуутын дарга нар хэлээд, иргэний үнэмлэхээ авчирч өгөөд, батламж авна шүү. Бид гурав багаараа ялаад гараад ирлээ гэхэд хамгийн түрүүнд бүртгүүлсэн хүмүүстээ 6 сард орон сууцных нь түлхүүрийг май гээд гардуулаад өгнө” гэж ярьж байна. 

УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал хэрэгжүүлнэ гэж амласан орон сууцны хөтөлбөрөө яриад байгаа бололтой юм. Эсвэл орон нутгийн сонгуульд зориулж шинээр орон сууцны хөтөлбөр гээчийг зарласан юм уу. Тийм зүйл л сонсогдоогүй санагдах юм. Дахиад л иргэдийн саналыг юугаа ч хамаагүй худалдаж авах гэсэн арга. Нөгөө амлалтын чанартай мөрийн хөтөлбөр батлахгүй энэ тэр гэсэн утгатай хуулийн заалт хаачив. Э.Батшугар л төрд орж байвал бүхэл бүтэн намыг ч хөдөлгөж, юу ч хамаагүй амлах МАХН-ын дарга Н.Энхбаярт хамаагүй бололтой. Тэр огт засраагүй байна. Тэр ч битгий хэл 20 мянгыг тарааж, Хятадууд шиг мэрж ажиллаж, орон сууцаар хошгируулж байгаад санал авах нь. 

Бид шударга ёсыг хүсэж байгаа. Шударгын төлөө ажиллах хэнийг ч болов дэмжихийг хүсэж байна. Гэтэл сонгуулийн хар машиныг хакердлаа энэ тэр гэж шударга ёсыг ярьж байгаа хүмүүс өөрсдөө ийм увайгүй байхаар яах болж байна. Хэчнээн чин үнэнийг хэлээд ч иргэд итгэх үү. Бусдаас шударга ёсыг шаардаж байгаа бол өөрсдөө шударга, зөв ажиллах хэрэгтэй. Түүний дараа шударгын төлөө иргэд та нарыг дэмжинэ. Түүнээс биш хар хэрээ нөгөөгийнхөө харыг гайхаж байгаа цагт мянга сайхан шударгын дүрд тоглоод сонирхолгүй байна. 

tumen.mn

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.