Comment.mn

Монгол Улсаа бодоод Э.Сумъяаг ДАШТ-д оролцохыг хүлээн зөвшөөрлөө

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулахаар болсон талаарх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд нэлээд тарсан билээ. Хоёр бөхийн маргаантай энэ асуудал өнөөдөр хоёр талын зөвшилцөлөөр тохиролцоонд хүрлээ. Залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн гэр бүлийнхэн Монголын чөлөөт бөхийн холбоонд өргөдөл бичиж өгөөд байсан юм. 

Тэдний гомдлыг МЧБХ-ныхон хэлэлцээд “ДАШТ-д 53 кг-д заавал бөх оролцуулах шаардлагатай гэж шийдвэрлэжээ. Түүнийгээ өнөөдөр Пүрэвтунгалагийн аав, ээж хоёрт танилцуулав. Энэ үеэр МЧБХ-ны нарийн бичгийн дарга Б.Батбаяр “53 кг олимпын жин. Энэ жил ДАШТ-ээс эрх авах боломжтой. Мөн бүтэн багаараа оролцвол Дэлхийн цомын эрх авах боломж бүр ч бүрдэнэ. Нэг жинд тамирчнаа оролцуулахгүй байх асар их сөрөг үр дагавартай. Тиймээс ийм шийдвэр гаргасан юм шүү. Тэгэхдээ заавал Э.Сумъяаг оролцуулна гэж тусгаагүйг онцолъя” гэв.

Түүний хариуд С.Мөнхбат “Ийм нөхцөлд байгааг нь, Монгол Улсаа бодоод Э.Сумъяаг ДАШТ-д оролцохыг хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ би ингээд бүхнийг орхихгүй. Хуулийн байгууллагад хандана, хэвлэлийн хурал зарлана. “Энэ жил ДАШТ-ээс заавал медаль, олимпын эрх авна. Хэрвээ тэгж чадахгүй бол залуу тамирчдад зайгаа тавьж өгнө, зодог тайлна” гэх ганцхан амлалт Э.Сумъяагаас авмаар байна” гэлээ.    

53 кг олимпын жин. Хэрвээ Пүрэвтунгалагийн аавын хүслээр болсон бол энэ жил ДАШТ-ээс 53 кг-д медаль, олимпын эрх авах боломж хаагдана. Тэгээд ч барахгүй багаараа эхний VIII-д шалгарч, Дэлхийн цомын эрх авах боломж хязгаарлагдана. Нэг жин оноо авахгүй хоосон үлдэнэ гэдэг нь багийн амжилтыг асар их хойш нь татна. Ямартай ч ДАШТ-ий 53 кг-д Монгол Улс тамирчнаа сойхоор боллоо.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.