Comment.mn

“Иогийн дасгалыг буруу хийвэл эрүүлжих бус эмгэг олно”

“Гималай” иогийн студийн багш Э.Ариунаатай ярилцлаа. 

-Монголд иогоор хичээллэх хүмүүс олон болж байна. Танайх уламжлалт бариатай иогийг хослуулдаг гэсэн. Яагаад бариа засалтай хослуулах болсон талаар сонирхуулахгүй юу?

– Иог бараг анагаах ухаан болоод байна. Бие болон сэтгэлзүйд нөлөө үзүүлэг. Биенд үзүүлэх ач тус нь булчин холбоос эдүүдийн уян хатан байдлыг нэмэгдүүлэхээс гадна, үйл ажиллагааг хүчирхэг болгож биеийн хэлбэр төлөв байдлыг сайжруулдаг. Асаан буюу байрлалууд нь эрхтэнүүдэд массаж хийж, үйл ажиллагааг сайжруулах тустай. Ийм байдлаар иог болон иогийн асаанууд нь хоол боловсруулах, дотоод шүүрэл, зүрх судас, мэдрэлийн төрөл бүрийн үйл ажиллагааны системийг хянах чадвартай болдог. Мөн сүүлийн үед үе мөч нурууны өвчин түгээмэл болсон. Энэ нь техник технологи хурдтай хөгжих хэрээр хөдөлмөрийг хөнгөвчилж хөдөлгөөний хомсдолд оруулж буйтай холбоотой. Үүнээс үүдэн уламжлалт бариаг  иогийн дасгалтай хослуулах нь үе мөчний өвчнийг анагаахад илүү тустай. Мөн иогоор хичээллэснээр цусны их, бага даралт, ужгирсан биеийн өвдөлт, чихрийн шижин, сэтгэл гутрал, нойр хэвийн биш байдал зэрэг янз бүрийн ужиг хууч өвчнүүдийг анагаадаг.

-Иогоор хичээллэвэл сэтгэлзүйн хувьд нөлөө үзүүлдэг гэсэн. Ямар нөлөө үзүүлдэг юм бол?

-Амьсгал нь сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжүүдийн үед өөрчлөгддөг. Жишээ нь уурлах үед амьсгал хурдасч, уйтгар гунигтай үед хүндэрч, сэтгэл амгалан үед тогтуун болдог. Сэтгэл санаа амьсгалд нөлөөлдөг шиг иогын үед зөв амьсгалах нь сэтгэл санаанд нөлөөлдөг. Иогод заагддаг Пранаяма (амьсгалын техникүүд)-ээр дамжуулан сэтгэл илүү тогтуун, амгалан, тайван болж шийдвэр гаргахад хүртэл нөлөөлдөг. Мөн анхаарал төвлөрөл сайжирч, ажлын бүтээмж нэмэгдэнэ. Иогоор дамжуулан хуримтлагдсан стрессийг илүү үр дүнтэй арилгаж өгдөг.

-Иогийн дасгалууд өдөр бүр өөр байдаг гэсэн. Яагаад өөр байдаг юм бол?

-Иогийн дасгалыг хүн бүр хийх албагүй бөгөөд биедээ тун сайн тохируулж хийхгүй бол тус биш хор ч болж мэднэ. Зөв амьсгалах, хооллох, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих, бие махбод, ажил хөдөлмөр, хийж буй дасгалаа хянаж чадвал үр өгөөжтэй.

-Иогийн дасгалыг буруу хийх нь аюултай гэдэг. Энэ тухай ярихгүй юу?

-Хүмүүс ихэвчлэн дасгал хийж байхдаа нийтлэг алдаануудыг гаргадаг. Иогийн хэцүү байрлалуудыг сайн гэж ойлгодог. Мөн хүчний дасгалуудаас сунгалтыг илүүд үздэг, дасгалын үеэр амьсгалаа мартах, өвдөж байсан ч өөрийгөө хүчлэн дасгалаа үргэлжлүүлэх, иогийн бусад хэрэгслүүдийг ашиглахгүй байх, үр дүнг нь шууд гаргах гэж улайрах зэрэг нь хүний биеийг гэмтээж сөрөг үр дагавар өгдөг.

-Хүмүүс иогоор хичээллэж турах хүсэлтэй байдаг. Турахад хэр үр өгөөжтэй байдаг юм бол?

-Иог бол сэтгэл санаа болон бүх зүйлийг эрүүлжүүлэх замаар хэрэгждэг. Иогоор хичээллээд хүмүүс жин нэмээд байна гэдэг. Энэ нь булчин эхлээд суларч байгаа юм. Гэвч тууштай дасгалаа үр өгөөжтэй сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Тэгвэл хоёроос гурван сарын дотор эрүүлээр турна гэсэн үг.

-Иогоор хичээллэхэд нас заадаг юм болов уу. Хэдэн насандаа хичээллэвэл илүү үр дүнтэй вэ?

-Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт өтлөхөөс сэргийлж бие махбодио хэвийн хэмжээнд байлгах зорилгоор иогийн дасгалыг 4-80 насны хооронд хийж заншвал үр ашигтай.

-Иогийн сургалтынхаа талаар сонирхуулбал?

-Би аэробик, Иогийн салбарт хөл тавиад 30 жил болсон байна. Багшлаад 25 жил өнгөрчээ. Өөрийн гэсэн иогийн студээ нээгээд зургаан жил болж байна. Манайх дээр хэлсэнчлэн уламжлалт бариа заслыг иогтой хослуулдагаараа бусад иогоос онцлогтой.

-Аэробик, иог хоёрыг хослуулж болох уу? Хоорондоо юугаараа ялгаатай вэ?

-Аэробикийн хувьд илүү эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж зүрхний ачаалал даах чадварыг нэмэгдүүлж богино хугацаанд их калори шатааснаар жин хасч болно. Харин иогийн хувьд зүрх судасны үйл ажиллагаанд ачаалал бага өгч биеийн бүх булчинг зэрэг чангалж, сунгаж, сулласанаар биеийг галбиржуулж өгдөг.

Б.Баяржавхлан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.