Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу “Компанийн тухай хуулиар санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор Төлөөлөн Удирдах Зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэхийг шийддэг. Хурлаар 2025 оны ашгаас нэгж хувьцаанд 65.55 төгрөг олгохоор шийдвэр гарсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөг хүртэл 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргаж байсан бөгөөд 2.6 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд тараасан байдаг” гэлээ.
2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсан.
1,072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгоно гэж компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлээд буй.