Мэдээлэл

Г.ЗОЛБОО: САЛБАРАА САЙЖРУУЛАХ ЁСТОЙ САЙД НЬ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛЭЭ НУУЖ БАЙГААД ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА

2026.02.25 Төр Төмбөгөр 32 үзсэн

Монголын сайн дурын байгаль хамгаалагчдын холбоо ТББ-гийн  Гүйцэтгэх захирал Г.Золбоотой ярилцлаа.

-Та бүхэн хуш модны самрын экспорт тойрсон асуудлууд, хууль журам, тэдгээрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллаад удаж байгаа юм байна. Энэ чиглэлд бизнес эрхэлдэггүй, ямарваа хэлбэрээр оролцогч биш атлаа үүнд санаа тавьдаг учир шалтгаанаа юуны өмнө тайлбарлана уу?

 

-Монгол орны нийт газар нутгийн найман хувийг л ойн сан эзэлдгээс үүний ердөө таван хувь нь хушин ой юм. Таван төрлийн шилмүүст мод байдгаас хуш мод хамгийн хэцүү  үрээр ургадаг нь. Мөн уулын хамгийн өндөр хэсэгт оройгоор ургадаг. Хүлэмжид үрийг нь суулгахад хоёроос гурван жилийн дараа дөнгөж 4-5 см өндөртэй болдог гэх мэт нэг хуш модыг нөхөн суулгахад маш олон жил шаардагддаг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 33 сая гаруй хуш мод тарина гэсэн тоон мэдээллийг уншиж байснаа санаж байна. Мод ургуулах болон ургасан модыг хамгаалах гэдэг өөр асуудлууд. Байгаа зүйлээ хамгаалж чадахгүй байж дахиад хэчнээнээр нь ч тариад түүнийгээ хэн яаж хамгаалж арчлах вэ. Мөн тэгж их хэмжээгээр тариад байх төсөв боломж ч хомс. Мэргэжлийн хүмүүсээс асууж, сонсож байхад хуш мод хөрсний гүний усны цэвдгийг хадгалдаг, ойдоо байгаль экологийн тэнцвэрийг хадгалж байдаг чухал үүрэгтэй гэсэн. Гэвч энэ тал дээр өнөөгийн Засгийн газрын байгаль орчны бодлогыг хэрэгжүүлж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлого, хэрэгжилт нь тодорхой биш, олон нийтэд ойлгомжгүй, ил тод бус байна. Хушин ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд гол оролцогчид нь самрын экспортын зөвшөөрөл бүхий компаниуд юм. Тухайн жилд орон нутаг өөрсдөө түүх, бэлтгэх самрын хэмжээг тогтоож, түүнийгээ Байгаль орчны яаманд мэдэгдсэнээр улсын хэмжээнд хэчнээн мянган тонн самар бэлтгэх, экспортлох вэ гэдэг квот тодорхой зарлагддаг журамтай. Өндөр гарцтай жилд 12 мянган тонн хүрдэг. Зарим жил 20 мянган тоннд хүрдэг гэх судалгаа ч бий.

Зөвшөөрөл бүхий компаниуд дуудлага худалдаагаар тухайн жилд экспортлох самраа худалдан авдаг. Есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд дуудлага худалдаанд аж ахуйн нэгжүүд өөрсдийн захиалгаа өгөөд худалдаж авдаг. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн нэг суманд 100 тонны нөөц зарлагдаж орж ирэхэд аж ахуйн нэгжүүд бүхлээр нь авахын тулд хоорондоо өрсөлдөж үнээ хэлдэг. Энэ жилийн хувьд нэг кг тутам  нь 3000-5000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хамгийн гол асуудал нь тэдгээрийн худалдан авсан самрын хэмжээнээс орон нутагт өгдөг татвар хураамжийн хэмжээ хамаардаг. Тодруулбал кг тутамд 1200 төгрөг орон нутагт татвар болгон төлнө. Мөн Ойн дагалт баялаг ашиглах, бэлтгэх  журмын дагуу аж ахуйн нэгжүүд 15 тонн самар тутамдаа нэг га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой гэж заасан байдаг. Гэвч жилд хэчнээн тонн самар түүж бэлтгэж байгаа, хэд төгрөгийн хураамж улсад төлөгдөж, хэдэн хувийг нь нөхөн сэргээлтэд зарцуулж байгаа талаар ямар ч мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ил мэдээлдэггүй. Албан бичгээр бид удаа дараа хандсан ч хариулт өгдөггүй. Мөн энэ удаад бид нээлттэй мэдээлэл, ил тод үйл ажиллагаанаас гадна тонн самар тутмаас экспортод гаргадаг эцсийн бүтээгдэхүүн болох чөмөгний хэмжээг дахин шинэчлэн тогтоох асуудлыг хөндөж байгаа юм. Тийм учраас бид энэ удаад шаардлага хүргүүлээд байна.

– Түүж бэлтгэсэн самрын хэмжээ, түүнээс экспортод гаргадаг чөмөгний хэмжээг яаж тогтоодог вэ. Энэ нь яагаад чухал асуудал вэ гэдгийг тодруулж өгнө үү.

-Судлаачдын тооцоолсноор нэг тонн цайруулсан самраас 338 кг буюу 1/3 орчим нь л чөмөг болдог. Экспортод уг чөмгийг савлаж гаргадаг. Тухайн аж ахуйн нэгж уг нь бол 100 тонн самар авлаа гэхэд тэр 100 тонн самраасаа гарсан хэмжээгээр нь экспортлох ёстой.

Уг нь бол гэдэг нь юу гэсэн үг вэ. Одоо яаж байгаа хэрэг вэ?

Өмнө нь 100 тонн самар ойгоос бэлтгэлээ гэхэд 70 тонн чөмөг экспортод гаргаж болно гэдэг байсан. Учир нь 100 тонн самраас 70 тонн чөмөг гардаг гэсэн ойлголтыг зориуд бий болгосон байсан. Яг бодит байдал дээрээ ийм байдаггүй. Ойролцоогоор 1/3 нь л чөмөг болдог. Гэтэл 2/3 нь чөмөг гэж үзээд экспортоо тооцдог байсны цаад шалтгаан нь тэрхүү зөрүүн дээр аж ахуйн нэгжүүд хулгайн самрыг хилээр гаргадаг байсан гэсэн үг.

Хулгайн самар гэдэг нь эдийн засгийн утгаараа юу гэсэн үг вэ?

– Аж ахуйн нэгжүүд тухайн жилд дуудлага худалдаагаар худалдан авах самрын хэмжээ, түүнд төлөх үнэ нь тодорхой байдаг бол үүнээс гадуур хямд үнээр юм уу, орон нутгийн тогтоосон хэмжээнээс гадуур нууцаар самар бэлтгэж байна гэсэн үг. Нэгэнт түүсэн самрыг экспортод гаргах ёстой. Гэтэл энэ нь бүртгэлгүй, татвар хураамж төлөгдөөгүй хулгайн бүтээгдэхүүн учраас ямар нэг аргаар өнгөлөн далдлах ёстой болно. Тийм учраас 100 тонн самраас 70 тонн чөмөг гардаг гэдэг худлаа тоо бүртгэл зохиож энэ зөрүүн дээр хулгайн самраа экспортолдог байсан гэсэн үг. Хулгайн бизнес цэцэглэчихсэн байсан энэ салбарт тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ маш соргог шуурхай хандаж зөв шийдвэрүүд гаргаж чадсан. “Тэнгэрлэг Монголын газар шороо” ТББ-ын зүгээс тавьсан шаардлагыг хүлээн авч холбогдох бодлого, журмыг шинэчлэх ажлын хэсэгт төлөөллийг нь оруулан санал, байр суурийг нь тусгаж ажилласан. Бидний зүгээс санал болгосны дагуу 100 тонн самраас 70 тонн нь экспортын бүтээгдэхүүн гэдэг төөрөгдлийг залруулж, үүнийг 40 тонн болгож бодит байдалд ойртуулж чадсан юм. Энэ бол анхны том амжилт байсан. Үүнийгээ албажуулж, хэрэгжүүлж чадсаны зэрэгцээ холбоотой бүх мэдээллийг ил тод нээлттэй байлгаж, самрын экспортын бизнесийг нэлээн цэгцэлсэн гэхэд болно.  Ингэснээр орон нутгийн тогтоож өгч, дуудлага худалдаанд оруулсан хэмжээг хэтрүүлэн нууцаар самар бэлтгэх, үүнийгээ тооны аргаар луйвардан экспортод гаргадаг байсан явдал бага ч болов цэгцэрсэн. Өөрөөр хэлбэл, бэлтгэгдэж байгаа самар болгон кг тутамдаа зохих татвар хураамжийн орлогыг улсад болон орон нутагт байгаль орчны нөхөн сэргээлтэд төвлөрөх боломж, баталгаа нь нэмэгдсэн. Мөн 15 тонн самар тутамдаа 1 га-д хушин ойн нөхөн сэргээлт хийх байгаль орчны бодлого бодитой хөшүүрэгтэй болж чадсан. Бид тийм их, хангалттай хушин ойтой улс биш.

Харин бид энэ удаад 100 тонн тутмаас 40 тонн нь экспортын бүтээгдэхүүн гэдэг хувь хэмжээг 34 болгох ёстой гэж үзэж үүнийгээ Б.Батбаатар сайдад албан бичгээр санал болгон хүргүүлсэн ч хариу өгөхгүй байна. Мөн самрын экспорттой холбоотой мэдээллүүд буюу тухайн жилд орон нутгаас өгч буй самрын нөөц, дуудлага худалдаа, экспорт, нөхөн сэргээлттэй холбоотой мэдээллүүдийг ил тод байлга гэж шаардаж байгаа. Энэ яагаад нууц байдгийг ойлгохгүй байна. Экспорт эрхэлдэг компаниуддаа л мэдээллээ өгч ажилладаг юм бол уу ч гэж хардахаар байна.  Яам бол бизнесийн зөвшөөрөл өгдөг биш байгаль хамгааллын бодлого хэрэгжүүлдэг газар биз дээ. Тэгээд яагаад бодлого нь нууц байх ёстой юм бэ гэдэг асуудлыг л хөндөж байна. Бид хорь, зогсоо гэж огт хэлээгүй. Энийгээ боловсронгүй болоод байгаль эх дэлхийдээ өгөөжтэй, халгүй болгочих л гэж байгаа юм.

-40 хувийг 34 хувь болгож өөрчлөх нь ямар ач холбогдолтой вэ?

Энэ тоон харьцаануудыг сайн тайлбарлахгүй бол болдоггүй юм. Яг ойлгуулахад их хэцүү. Хүмүүс 34 болон 40 хоёрын ялгаан юу байна аа гэж хүртэл асуудаг. Их том ялгаатай. Энэ багахан 6 хувийн зөрүүн дээр л хулгай явагдаад байна гээд байгаа юм шүү дээ.  Нэг кг самарнаас 340 грамм чөмөг гарна. Үлдэгдэл нь хаягдал, яс болно. Тэгэхээр 100 тонноос 34 тонн нь чөмөг болно гэсэн үг. Үүнийг бид биш судлаачид нь тодорхойлсон. Одоо мөрдөгдөж байгаа 40/60 харьцаагаар экспортонд гаргана гэвэл зөрүү 100 тонноос 6 тонны зөрүү гарна гэсэн. Яагаад ч 100 тонноос гарахгүй самрын чөмөгийг гардаг мэтээр зөвшөөрөөд байх нь хуш модондоо асар их халтай гэж хэлээд байгаа юм. Энэ бол нэг ёсны хулгай. Аж ахуй нэгжүүд ямар ч нөхцөлд 40 хувьдаа тулгах л болно. Тулгахын тулд бүрдүүлж байгаа 6 тонн чөмөг буюу 18 тонн самар нь хэрхэн бэлтгэгдэж байгаа нь гол зүйл. Ямар ч татвар, дуудлага худалдаанд ороогүй самар л энэ хувийг бүрдүүлж байгаа гэсэн үг. 2025 онд Б.Батбаатар сайд 10000 орчим тонн самрын зөвшөөрөл олгосон. Үүнээс энэ зөрүүгээр бодвол 600 тонн чөмөг ямар татвар, дуудлага худалдаанд оролгүйгээр бэлтгэгдэж экспортонд гарна гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр нэг кг чөмөг 30 доллар гэдэг гэвэл 18 сая доллар, 65 тэрбум төгрөг гэсэн үг. Бидний яриад байгаа 6 хувийн зөрүү ийм их, өндөр төлбөртэй байгаа юм л даа. Байгаль хамгаалагчид яагаад самрын экспортын хувь хэмжээ хөөцөлдөөд яваа юм бэ гэж гайхах байх. Ойн дагалдах баялаг самар бол хуш модтой салшгүй холбоотой. Хуш модны амьдрах насжилттай холбоотой учраас самрыг ярихгүйгээр модыг нь хамгаалах тухай ярих боломжгүй.

Төлбөр төлөлгүй, байгалиасаа хулгайлаад авсан тэр самрын ард хушин ой, түүний нөхөн сэргээлтийн асуудал, түүнд зарцуулагдах мөнгөний асуудал яригдана?

Тийм. Манай самрынхан иргэд рүү бурууг чихдэг. Орон нутгийнхан өөрсдөө хулгайгаар түүж зардаг гээд. Гэтэл үнэндээ нутгийн оршин суугчдыг буруутгах аргагүй. Тэд амьдрах гэж оролдож байна. Нэг зүйл байгаа нь тэднийг дэвэргэж байгаа хүмүүс нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө. Аж ахуйн нэгжүүд энэ бизнесээ тогтвортой байлгаж, урт хугацаанд экспортлогч байя гэвэл хуш модоо хамгаалж байх ёстой. Гэтэл хамгаалахгүй байна.

-Ойг нөхөн сэргээгдэх баялаг гэж үзэх байх. Гэхдээ энэ нь маш урт хугацааны буюу биологийн үйл явц. Химийн урвал шиг хурдасгаад үр дүнг нь үзэх боломжгүй. Энэ асуудлын ард ер нь хэчнээн компанийн тухай бид ярьж байна вэ?

Өнөөдрийн байдлаар яг хэдэн компани байгааг мэдэхгүй байна. 2-3 жилийн өмнө бол 24, 25 компани байсан. Ойн дагалт баялгийг ашиглах, бэлтгэх тусгай зөвшөөрөл гурван жилээр олгогддог юм билээ. Анх Б.Бат-Эрдэнэ сайдын үеэд ажлын хэсэг байгуулагдаж энэ салбарын аж ахуй нэгжүүдэд шалгалт явуулахад 20 гаруй компанитай танилцаж байсан. Үүнээс ганц хоёр нь л үйлдвэртэй байсан. Нэг компани дээр шалгалтаар очиход хоёр гурваараа сууж байх жишээний.  Яг хэзээнээс экспортолж эхэлснийг бол сайн мэдэхгүй ч арав гаруй жил 70/30 гэдэг харьцааг мөрдөж ирсэн байдаг. Энэ харьцааг нарийн, үнэн зөв болгоход дүргүй хүмүүс байгаа юм шиг санагдаад байгаа юм.

-Одоо та нарын тавьж байгаа шаардлага нь 100 тонн самраас 40 тонн нь экспортын бүтээгдэхүүн гэж үзэж байгаа журмыг 34 хувь болгох тухай. Энэ тоо хэр үндэслэлтэйг хэн баталгаажуулах вэ?

-Бид тухайн үед анх удаа харьцааны судалгаа хийх саналыг тавьж Ботаникийн хүрээлэнгийн судлаач болон самрын холбоонууд, харьяа байгууллагууд гээд бүгд ажлын хэсэгт орж судалгааг хийсэн. Тэр анхны судалгаа нь тухайн жилийн самар дээр хийгдэж 40/60 гэж тогтоогдсон. Сая 2025 онд мөн адил энэ судалгаа хийгдсэн. Энэ жилийн самрын гарц дээр гэсэн үг. Гэхдээ энэ сүүлд хийгдсэн судалгааг олж авахад хэцүү юм. Судалгаагаа нээлттэй тавьдаггүй. Бидэн шиг хүмүүст өгдөггүй юм билээ. Нуугаад байна. Яагаад нуугаад байгааг нь ойлгохгүй байна. Энэ сүүлд хийсэн судалгааг мөн адил Ботаникийн хүрээлэн хийсэн. Тэднийхээс сүүлд хийсэн судалгаагаар кг самар тутмын 33.8 хувь нь чөмөг гэдэг дүн гарсан гэсэн. Тиймээс үүнийг үндэслээд хувь тогтоовол болох юм байна гэдэг зүйлийг бид яриад байгаа. Ингэвэл бид хуш модоо хамгаалж байгаа нэг хэлбэр шүү дээ.  Манай байгууллага гарч ирснээрээ энэ асуудлыг тухайн үед тодорхой хэмжээнд шийдэж чадсан. Аливаа бодлого зохицуулалт улам сайжирч байх ёстой. Гэтэл ямар ч санал шийдэл сонсохгүй, өмнөх бодлогын зөв бурууг хэлэлцэхгүй, үйл ажиллагаа нь улам хаалттай ойлгомжгүй болж байгаад Байгаль орчин, уурын амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт бид шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Нэг л улс. Нэг л төр засаг байгаа. Яагаад бодлогын залгамж байж болдоггүйг ойлгохгүй байна.

– Самрын экспорт цаашид хэр ирээдүйтэй вэ. Энэ хандлагаар бол мөдхөн нөөцөө шавхаж магадгүй юм байна гэж ойлголоо?

-Дэлхий дээр зөвхөн манайх самрын асуудалтай улс биш. Испани, Орос, Солонгос, Хятадад хүртэл самрын асуудал яригддаг. Яагаад Хятад улс Монголын самрыг их хэмжээгээр авдаг гэхээр монгол самар үржил шим сайтай, тослог өндөртэй, сайн чанарын самар байдаг. Нэг кг самар 30 доллар хүрдэг гэхээр том зах зээлтэй. Бид оргил үед нь нэг их наяд төгрөг эргэлдүүлж болох салбар гэж энгийн жишээгээр сонсож байсан. Би юм мэдэх хүнээс сонсож байхад Дэлхийн самрын холбоон дээр Монголын хушны самар гэж яригддаггүй. Хятадууд өөрийн нөөц мэтээр ярьдаг гэсэн. Гэтэл дэлхийн хуш модны самрын зах зээлийн 30 хувийг Монгол Улс болохуйц гээд байгаа. Хятадууд биднээс аваад өөрсдийн самартайгаа холиод Европ руу экспортод гаргадаг. Яг л Монголын ноолуурын хувь тавилан давтагдаж байгаа. Бид ноолуурыг ярьдаг шигээ энэ зах зээлээ илүү боловсронгуй болгож болохгүй байгаа юм бэ. Тухайн үед аж ахуйн нэгжүүдийг яам дээр цуглуулаад хуралдахад гурван холбоо ирсэн. Гурван холбоо байна, гурван эрх ашгийг л хамгаалж байгаа, та нар яагаад нэгдэж болдоггүй юм бэ, нэгдээд асуудлаа боловсронгуй болгоод нэгтгээрэй гэхэд одоог хүртэл тэр холбоод нэгдээгүй. Бизнес хийж байгаа хүмүүст энэ хуш модон ойг хамгаалах нь тэдний бизнесийнх нь тогтвортой байдал шүү дээ уг нь.  Эсвэл тэр хүмүүсийн сонирхол, эрх ашиг нь өөр байна уу даа гэж тухайн үед би харж байсан. Одоог хүртэл гайхаад байгаа нь яагаад салбарын сайд нь Байгаль орчны яамны чиглэл нь үүнийг хамгаалахад, баяжуулахад оршиж байгаа гэчихээд хэрэгжих нөхцөлийг нь бүрдүүлэхдээ зөрүүтэй байгаа юм бэ.

– Самрын экспортлогч компаниуд 15 тонн самар тутамд 1 га-д хуш мод нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн тохиолдол байдаг уу. Үүнийг нь хэн хянадаг вэ?

-Байхгүй. Мэдээлэл ил тод биш, ямар нэгэн тайлан байдаггүй.  Ойн дагалдах баялгаа ашиглах, хамгаалах журам гэж бий. Түүгээр 15 тонн тутамд нэг га газарт нөхөн сэргээлт хийх ёстой. Б.Батбаатар сайд 2025 онд улсын хэмжээнд10 мянган тонн самрын эрх өгсөн. Үнэхээр тэр нөхөн сэргээлтийг хийж байгаа бол болж байгаа юм. Гэтэл ямар компанид хэдий хэмжээтэйг өгсөн, тэд хаана нөхөн сэргээлт хийх талаар мэдээлэл огт байхгүй. Самар их ургацын жил, бага ургацын жил гэдэг цикльтэй байдаг. Бага ургацтай жил самар түүхийг зогсоох хуулийн заалт байдаг. Бага ургацын жил, их ургацын жил гээд нээлттэй хэлдэггүй, зарладагүй. Өнгөрөгч онд  бага ургацын жил учир 1800-2200 тонн орчим л гарах болов уу гэж байсан ч салбарын сайд нь 10 мянган тонн самрын зөвшөөрөл олгосон. Хаана тэр их самар байгаа юм. Энэ нь ямар үндэслэлтэй юм бэ. Төрийн өндөр алба хашиж байгаа хүн үндэслэлээ тогтоогоод тайлбарлаж тайлагнах ёстой шүү дээ. Тэр аймгаас ийм нөөцийн мэдээлэл ирүүлснийг үндэслэсэн гэдгээ мэдээлэхэд л болно. Байгаль орчны тухай хууль нь дээр журмыг сайд өөрөө баталж болдог гэж байдаг. Түүний дагуу ойн дагалт баялгийг ашиглах, бэлтгэх журмыг сайд баталдаг. Түүнээс үүдээд журам маш их өөрчлөгдсөн. Журам нь тогтвортой байж болдоггүй юм уу. Ядаж өөрчлөгдөж байгаа үндэслэл нь тодорхой байх ёстой ч байдаггүй. Тэгвэл бидэнд албан бичиг хүргүүлээд маргаад байх шаардлага үүсэхгүй. Энэ журмыг тогтвортой байлгах, анхаарлаа хандуулах, журмаа нарийвчлах зүйл дээр маш сул ажилладаг. Нээлттэй бус байна. Үүний хохирогчид нь иргэд болдог. Бид самар яриад байгаадаа биш ойг эзэнтэй байлгах,  мод хамгаалах тухай ярьж байгаа гэдгээ байнга хэлдэг.

-Монголд хушин ойн сан маш бага гэж та хэлсэн. Ер нь хэдэн аймгаас самар бэлтгэдэг вэ. Гарц их болон бага жил ямар давтамжтай явдаг вэ?

Судлаач болгон янз бүрээр тайлбарладаг. Монголын 10 орчим аймгийн 50-60 орчим суманд самар ургадаг гэсэн албан бус тоо байдаг. Энэ 2023 онд яригдаж байсан тоо. Өнөөдрийн байдлаар яагаад сайн мэдэхгүй байна гэхээр салбар, яам нь энэ талаарх мэдээллийг нээлттэй мэдээлээд явдаггүй гэсэн үг. Бид хөндлөнгийн ТББ болохоор бүх сум руу самар ургасан уу гээд асуугаад байж чадахгүй, боломжгүй, тийм эрх байхгүй. Бага, дунд, их ургацын жил гэж байдаг. Таван жилийн хугацаатай үргэлжилэн өөрчлөгдөөд явдаг гэж сонсож байсан.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт