Улс эх орныхоо тэргүүлэх салбар мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эх мал бүрээс төл бойжуулан, нийгмийн хариуцлагын хүрээнд залуу малчид, цөөн малтай олон иргэдийг малжуулснаас мянгат малчин төрүүлсэн булган сүүлт, сайн малчин Г.Отгонбаатар 30 гаруй жил мал маллахдаа өөрийн сайн туршлага, мал маллах эрдэм мэдлэгээ залуу үедээ сурган, үлгэрлэн манлайлж, жилийн дөрвөн улиралд бэлчээр сэлгэн ашиглаж, отор нүүдлээр малынхаа тарга хүчийг сайжруулан, хадлан, хужир шүүгээ бэлтгэн өвлийн бэлтгэлийг сайтар базаадаг нямбай сайн малчин ажээ.

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярын босгон дээр “Улсын аварга малчин”‘-аар тодорсон Гаваагийн Отгонбаатар, гэргий Батжаргалын Ганцэцэг нарын шагналыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав болон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
