Comment.mn

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёстой гэсэн уур амьсгал МАН-д хүчтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нэг жил хүрэхгүй хугацааны дараа болох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аасаа дахин нэр дэвших нь тодорхой.

Ингэхдээ зөвхөн АН төдийгүй МАХН, ШИНЭ намыг багтаасан Ардчиллын төлөөх намуудын нэгдсэн платформ байгуулахаар ажиллаж, эхнээсээ яриа хэлэлцээр нь амжилттай болон үр дүнд хүрч байна.

Харин МАН Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хэрхэн оролцох нь одоо ч тодорхой бус хэвээр байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан гэсэн хэд хэдэн хувилбар яригдсан ч аль нь ч МАН-ын удирдлагууд, лидерүүд дунд дэмжлэг авахгүй байгаа аж.

Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН дотор ч, иргэдээс ч хамгийн их дэмжлэг авах улс төрч бол Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх. Гэвч У.Хүрэлсүх нэгдүгээрт Ерөнхий сайдаараа үргэлжлүүлэн ажиллаж, ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө зүтгэх, хоёрдугаарт, Өөрийг нь Ерөнхий Сайд болоход тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, мөн хэд хэдэн тодорхой асуудалд хамтран ажиллаж байсан Ерөнхийлөгч Х.Баттулгатай өрсөлдөх сонирхолгүй байгаа гэх.

Гэвч МАН-ын лидерүүд: “Одоо Х.Баттулга та хоёрын зам салах цаг болсон. Та ч тэр хүнд насаараа өртэй явах учиргүй. Та өндөр нэр хүндтэй байгаа дээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, төрийн тэргүүн болох ёстой. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор МАН-ын нэр дэвшигч Монгол төрийн тэргүүн болох нь энэ намын хувьд маш чухал ач холбогдолтой” гэх агуулгатай үгсийг зөвлөх, шахах, ятгах хослуулан дайж байгааг эх сурвалж өгүүлж байна.

Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулж ямар нэгэн сул нэр дэвшигч “хаяж өгөлгүй”  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийгээ өрсөлдүүлэх ёстой гэсэн уур амьсгал тус намын удирдах түвшинд хүчтэй байна.

Э.Мягмар

sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.