Comment.mn

ХЭДС-г цөлмөсөн хэрэгт шалгагдаж эхэлсэн УИХ-ын эмэгтэй гишүүдтэй танилц

УИХ-ын зургаан эмэгтэй гишүүн танил тал, хамаарал бүхий компаниуддаа тендергүйгээр зээл олгуулсан уу

“…Энэ хошууны бузар булайг дэлгэвэл далай далай” гэдэг шиг энэ УИХ-ын гишүүдийн булай, хууль бус үйлдэл барагдахгүй нь ээ. Тэр тусмаа энэ удаагийн парламент дахь гишүүдийн сувдаг шунахай байдал хэрээс хэтэрчээ гэхэд хислдэхээргүй байна. Ганцхан жишээ татахад, 2016-2017 онд УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гийн мөнгийг нэг гараараа ах дүү, хамаарал бүхий компанидаа шилжүүлэхийг үүрэгдэж суусан бол нөгөө гараараа тус онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог зээлийг албан тушаалаа ашиглан танил талдаа шийдвэрлүүлжээ.  

Учир нь, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2016-2017 онд албан тушаал, эрх мэдлээ ашиглан зориулалтын бусаар, тендергүйгээр нэр бүхий компаниудад зээл олгосон хэргээр ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй. АТГ болон хууль хяналтын бусад байгууллагад сар гаруй хугацаанд тасралтгүй шалгагдаж буй дээрх хоёр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт ноцтой мэдүүлэг өгсөн байна. Тэд “Номтойбаяр сайдын тушаалаар 27 аж ахуйн нэгжид тендерийн шалгаруулалтгүйгээр 2.7 тэрбум төгрөг шилжүүлсэн. Үүнд, УИХ-ын 17 гишүүн, гурван сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга, хоёр дэд сайд, аймаг, дүүргийн хоёр Засаг даргын хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгосон” хэмээн мэдүүлээд буйг албаны эх сурвалж онцолж байгаа. Тэгвэл бор зүрхээрээ хөдөлмөр эрхлэгч, бизнесээ өргөжүүлэхийг хичээж буй аж ахуйн бичил бизнес эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, МСҮТ төгсөгчид, малчдад очих ёстой байсан 2.7 тэрбум төгрөгийг хэн гээч УИХ-ын гишүүн, өндөр албан тушаалтнууд хувааж хүртсэн гэдгийг хүргэе. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ 200 САЯЫГ НЭГ ТББ-Д, М.ОЮУНЧИМЭГ 140 САЯЫГ ГУРВАН АЖ АХУЙН НЭГЖИД ЗЭЭЛЭХЭД НЬ НӨЛӨӨЛСӨН ҮҮ

Н.Оюундарь, Б.Ундармаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг зэрэг УИХ-ын эмэгтэй гишүүд албан тушаал эрх мэдлээ ашиглан танил тал, хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүддээ ЖДҮХС-гаас бага хүүтэй, их хэмжээний зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй хэрэг өнгөрсөн онд ил болсон. Тэгвэл энэ удаад бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн жилийн 8.4 хувийн хүүтэйгээр олгодог 40-200 сая төгрөг хүртэлх зээлийг ах дүү, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ ногоон гэрлээр шийдүүлж өгсөн байж болзошгүй эмэгтэй гишүүдийг танилцуулъя.
1.    УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэг нь ХХҮЕГ-ын дэргэдэх ХЭДС-гаас “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая, “Эгшиглэн магнай” хэмээх компанид үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд 50 сая, иргэн Б.Болорцэцэгт “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай байна.   
2.    УИХ-ын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь тус сангаас Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь “Ээж Оюу Сайхан” нэртэй компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ. 
3.    УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод харьяалалтай гэх ”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх хэмээн АТГ-аас шалгаж байна. 
4.    УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн бололтой.

Тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс бага учир арилжааны банкуудад зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж, ашиг олж байх магадлалтай…

5.    УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг нь “Монгол Сор Хөгжил Олон Улсын Академи” ТББ-ийг монгол зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийлгэхээр 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашигласан уу гэдгийг шалгаж байна. 
6.    УИХ-ын гишүүн Цэдэнбалын Цогзолмаа нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг гэх харъяалалтай иргэн Б.Тамирт 150 сая төгрөгийг мал аж ахуйн ферм ажиллуулна хэмээн зээлэхэд нь нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. 
Дээрх зээл нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд байхад олгогдсон бөгөөд ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар “Номтойбаяр сайдын өгсөн жагсаалтын дагуу зээлийг нь даруй олгосон” хэмээн мэдүүлээд байгаа юм. 
Ташрамд дурдахад, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгосон 17 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг их хэмжээгээр хэтрүүлэн олгосон, дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон гүйцэтгэлийн тайлан авдаггүй, хуваарийн дагуу төлөлт хийдэггүй учир авлага өссөн байгааг өнгөрсөн хоёрдугаар сард холбогдох байгууллагаас зарлаж байсан. Мөн тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс бага учир арилжааны банкуудад зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж, ашиг олж байх магадлалтайг тухайн үед сануулж байсныг дахин онцолъё. 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ХЭН ЗЭЭЛ АВАХ ЭРХТЭЙ ВЭ

ХЭДС-гаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх  журамд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн төлөх, зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаа нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, бичил аж ахуй эрхлэх, өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох, хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ” хэмээн заажээ. Тодруулбал, ХХҮЕГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан хөтөлбөрийг хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлан хэрэгжүүлдэг байна. Нэгдүгээрт, ажлын байрыг дэмжих хөтөлбөр 35-аас дээш хөдөлмөрийн насны иргэнд хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжин гурван сая төгрөгийг барьцаагүй, хүүгүйгээр хоёр жилийн хугацаанд эргэж төлөх нөхцөлтэй олгодог аж. Хоёрдугаарт, залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 15-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр гарааны бизнес төслүүдийг өрсөлдүүлэн, шалгарсан төслийг 10 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Мөн МСҮТ төгссөн залуучууд гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд нэг гишүүнд гурван сая төгрөг хэрэв гурван гишүүнтэй байвал есөн сая төгрөг гэх мэтээр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Гуравдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг, эхчүүд хөтөлбөрт хамрагдан таван сая төгрөгийг хүүгүй, эргэн төлөгдөхөөр авч болно. Дөрөвдүгээрт, тэтгэвэрт гарсан ахмадууд, залуучуудад ажил мэргэжлийн ур чадвар олгох сургалт зохион байгуулах бөгөөд сургалтын нэг цаг нь 3500 төгрөгийн цалинтай түр ажлын байр юм. Тавдугаарт, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох хөтөлбөр нь удаан хугацаагаар ажилгүй байгаа иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, үйлдвэр дээрх сургалтыг зохион байгуулах юм. Зургадугаарт, залуу малчдыг дэмжих хөтөлбөр 39 хүртэлх насны залуу малчид, хонин толгойд шилжүүлснээр 200 хүртэлх цөөн малтай малчдыг дэмжих зорилготой. Таван сая төгрөгт төллөх мал авч өгч малжуулах бөгөөд эргэн төлөлтийг хоёр жилийн хугацаанд төлнө.
Дээрх зургаан хөтөлбөрөөс гадна хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ буюу ажилд жуулчлах болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ эрхлэгч тус сангийн зээлд хамрагдах боломжтой аж. Тодруулбал, аж ахуйн нэгж, нөхөхрлөл, хороо 20 хүртлэх, иргэн 10 хүртлэх сая төгрөгийг хоёр жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр 8.4 хувийн хүү төлөн зээлэх боломжтой.  
Бид дараагийн дугаартаа ХЭДС-гаас зээл авсан УИХ-ын эрэгтэй гишүүд болоод гурван сайд, төрийн нарийн, аймаг, дүүргийн Засаг дарга нарын талаарх баримт, уг сангаас авсан зээл зориулалтын дагуу зарцуулагддаг эсэх, эргэн төлөлтийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх болно.

Үргэлжлэл бий. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.