Comment.mn

Шинэ Элчин сайдуудын CV

Баасан гаригийн чуулганы хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Ингэснээр ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг, Кубад суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг, Польш улсад суух  Элчин сайдаар Б. Доржийг дэмжив.

Мөн Тайландын Хаант улсад суух Элчин сайдаар А.Төмөрийг, Шведийн Хаант улсад суух Элчин сайдаар Т.Жанабазарыг олонх нь дэмжлээ. Түүнчлэн энэ үеэр Монгол Улсаас НҮБ-ы дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг томилохоор болов.

Элчин сайдад нэр дэвшигчид нь мэргэжил, мэдлэг боловсрол, ажлын туршлага, чадварын Төрийн албаны тухай болон Дипломат байгууллагын тухай хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж үзэж буйгаа Ерөнхийлөгчийн зөвлөх дурдаж байв. Ингээд шинээр томилогдсон Элчин сайдуудын танилцуулга CV-г хүргэж байна.

-ОХУ-д суух Элчин сайд Д.Даваа

Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суух Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг төгссөн, дэслэг генерал цолтой. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Кубад суух Элчин сайд Ш.Батцэцэг

-Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Польш улсад суух  Элчин сайд Б. Дорж

– Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 1989 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байв. 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажилладаг.

 Тайландын Хаант улсад суух Элчин сайд А.Төмөр

Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амарсанаагийн Төмөр нь 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 2003 оноос Гадаад харилцааны яаманд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар, 2014 оноос Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байгаа аж.

Шведийн Хаант улсад суух Элчин сайд Т.Жанабазар

-Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазар нь 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаад 2015 оноос Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

-НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч В.Болд

-Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч  Воршиловын Энхболд нь 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын Холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.