COP17 Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан өнөөдөр /2026.08.14/ мэдээлэл өглөө.

Нийслэлийн хот төлөвлөлт судалгааны инстутын ерөнхий инженер КОП17-ийн Ногоон бүсийг хариуцсан дэд хорооны нарийн бичиг н.Лхагвасүрэн: Нийслэлээс “Ногоон бүс” буюу үндэсний оролцогчдод үнэ төлбөргүй үйлчлэх талбайг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийт долоон барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн. Тухайлбал, 4000 метр квадрат талбай бүхий дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн танхимуудыг байгуулж байна. Нийт 39 аж ахуйн нэгж, төсөл, хөтөлбөрийг танилцуулахаар төлөвлөсөн. Мөн 1500 метр квадрат талбай бүхий шинжлэх ухааны павильонд хоёр том хурлын заал болон олон нийтийн зориулалттай талбайг байгуулсан. Энд байгаль орчны чиглэлээр ажилладаг судлаачид, иргэд илтгэл тавих боломжтой.

Түүнчлэн 1700 метр квадрат талбай бүхий үзэсгэлэнгийн павильонууд бий. Эдгээрт иргэний нийгмийн байгууллага, яам, агентлагуудаас байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулна. Харин энэ урт барилга нь ажилчдын хооллох хэсэг болон “Ногоон бүс”-д зохион байгуулагдах урлагийн үйл ажиллагаанд оролцох ажилчдын хувцас солих зэрэг техникийн зориулалттай.

Төлөвлөлтийн бүсийн энэ дугуй байгууламжид гол тайз байрлаж байгаа. Хурлын 12 хоногийн хугацаанд энд урлагийн тоглолт болон илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.

Энэ гурван гэрт Монгол Улсын биет болон биет бус соёлыг танилцуулах үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Мөн COP17-ыг тохиолдуулан байгаль орчин болон бусад чиглэлээр бүтээсэн кинонуудыг толилуулах төлөвлөгөөтэй. Зүүн талын гэрт киноны нээлтүүд зохион байгуулагдана.

COP17 Үндэсний хорооны ажлын албаны ногоон бүсийн хөтөлбөр хариуцсан ахлах шинжээч Г.Эрдэнэцолмон: Цэнхэр бүс бол хаалттай бүс буюу талуудын бага хурал, үндсэн гэрээ хэлэлцээрүүд явагдах хэсэг. Одоогоор тус бүсэд 7000 гаруй оролцогч оролцох төлөвтэй байна. Харин Ногоон бүс нь иргэдэд зориулсан нээлттэй талбай. Одоогоор 481 арга хэмжээний хөтөлбөр гарч, 42 мянган хүн оролцохоор төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, Ногоон бүсийн ачаалал Цэнхэр бүсийнхээс тав дахин их байна.

Ногоон бүс Монгол Улсын иргэн бүрт нээлттэй. Иргэд веб сайтаар урьдчилан бүртгүүлэх боломжтой. Мөн газар дээр нь ирээд иргэний үнэмлэх болон E-Mongolia-аар бүртгүүлж, нэвтрэх боломжтой. QR кодоор дамжуулан арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцаж болно. Одоогийн байдлаар хөтөлбөрт 180 төсөл, 110 хэлэлцүүлэг, 1500 орчим илтгэл, мэдээлэл багтаад байна.

Ногоон бүсийн хүрээнд Монгол Улсын уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулахад онцгой анхаарч байгаа. Монголын түүх, соёл, өв уламжлал, байгалийн болон соёлын биет, биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үзэсгэлэнгүүд гарна.

Мөн Ногоон бүсэд өдөр бүр соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдана. Сэдэвчилсэн арга хэмжээний хүрээнд урлагийн тоглолтуудын бэлтгэл ажил дуусаж байна. Түүнчлэн 21 аймгийн шилдэг туршлагуудыг танилцуулна. Орон нутгаас ирсэн малчдын дуу хоолойг сонсох нээлттэй талбарыг ч бүрдүүлж байгаа.

Мөн олон улсын гурван, дотоодын гурван кино буюу нийт зургаан киноны нээлт болно. Киноны гэрт байгаль орчин болон бусад чиглэлээр бэлтгэсэн олон сонирхолтой бүтээл, нэвтрүүлгийг толилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.