Ардчилсан залуучуудын холбоо маргааш буюу 2026.08.15-ны өдөр Өвөрхангай аймагт хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.

Тус холбооны Ерөнхийлөгчид  гурван хүн өрсөлдөхөө илэрхийлж, өнгөрөгч долоо хоногт нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан билээ. Тодруулбал,

1. Энхтөр овогтой Галбадрал

2. Саруулсайхан овогтой Цэнгүүн

3. Дарьсүхбаатар овогтой Билгүүдэй нар нэр дэвшиж буй.

Нэр дэвшигчид холбооны цаашдын бодлого, зорилго, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, хөгжлийн шийдлээ Үндэсний чуулганы төлөөлөгчдөд танилцуулж, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.

Тэгвэл тэдний хэн нь хэн бэ? гэдгийг “ТАНИЛЦ” булангаараа онцлон хүргэж байна.

Энхтөрийн Галбадралын энэ удаагийн сонгуулийн амлалт нь “Тогтвортой бодлого, 21 аймгийн засаглал”. 

Түүнийг олон нийт нэр дэвшигч нарынхаа хамгийн ахмад нь буюу буурь суурьтай нь хэмээж ам сайтай байгаа нь ажиглагдав. Тэр англи, орос хэл эзэмшсэн бөгөөд Эдийн засгийн аюулгүй байдал судлалын магистр.

  • Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх
  • Багахангай дүүргийн АН-ын дарга
  • АН-ын дарга зөвлөх, ажлын албаны дарга
  • Төрийн өмчит “Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал,
  • “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал,
  • Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул зэрэг алба хашиж байсан гэдгээрээ нөгөө хоёроосоо ажлын туршлага зузаан.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийн сонгуулийн амлалт нь “Хууль санаачлага” онцолж буй нэгэн. Түүнийг залуу үеийн төлөөлөл гэдэг ч парламентын 2024 оны сонгуульд АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж гишүүн болсон. Хэрэв тэр энэ удаагийн сонгуульд ялалт байгуулвал, УИХ-ын 2028 оны сонгуульд залуусын төлөөлөл болон дахин жагсаалтын дээгүүрт бичигдэх магадлал өндөр. Нэг талаар түүнд АН-ын дарга асан Л.Гантөмөр том дэмжлэг үзүүлсэн гэдэг. Нөгөө талаар түүний аав С.Саруулсайханы хөрөнгө, нөлөө орсон ч гэдэг. Ямартай ч сонгуулийн үеэр МАН-ын дарга, сайд нарын пи-ар, эрх баригчдын олон нийтийн сүлжээнд явуулж ирсэн компанит ажилд зүтгэдэг цэргүүдийн нэг байсан нь ил болж байлаа. Тэр С.Бямбацогтын бэр болж буй нь олныг ихээхэн гайхашруулаад амжсан. УИХ-ын гишүүдийн хамгийн залуу нь гэгддэг “хөөрхөн”  С.Цэнгүүн өдгөө намынхаа даргыг хаа ч явсан цугтаа дагаж явдаг болсон.

Англи, Герман хэл эзэмшсэн түүний улс төрийн карьер нь нимгэн. Ажлын туршлагын хувьд аавынхаа үүсгэн байгуулсан “Атмор” ХХК-ийн маркетингийн менежерээс ТУЗ-ийн дарга хүртэл ажиллаад л гишүүн болчихсон.

  • 2023 оноос Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч,
  • 2024 оноос Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга

Дарьсүхбаатарын Билгүүдэй энэ удаагийн сонгуулийн амлалт нь “Залуучуудын гарах цаг болсон” тэднийг дэмжинэ.

Түүний гол давуу тал нь ардчиллын анхдагчдын нэг гэгддэг Д.Сүхбаатарын хүү. Тэрээр овгоо аав болон өвөөгийнхөө нэрний нийлбэр Дарьсүхбаатар хэмээн бичдэг нь ардчилалд тод данстай нэгэн гэдгээ харуулж буй гэдгээ онцолдог нэгэн хэмээгддэг. Тэрээр Англи хэл эзэмшжээ.

  • УИХ-ын гишүүний зөвлөх,
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх,
  • Яаманд хэлтсийн дарга,
  • Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Үндэсний зөвлөх,
  • Намдаа Үндэсний бодлогын хорооны гишүүн, нийслэл болон дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгч, Ардчилсан залуучуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,  тус холбооны хэрэг эрхлэх газрын дарга