Мэдээлэл

СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?

2026.02.13 Төр Төмбөгөр 20 үзсэн

2026 он бол монголчууд нэгдэж хамтдаа хичээн, улсаа таниулах, анхаарлын төвд орох чухал жил.

Учир нь, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Энэхүү арга хэмжээ ирэх наймдугаар сарын 17-ноос 28-нд болох юм.

Дэлхийн 197 талууд буюу олон улсын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийн 10 мянга орчим элчин сайд, өндөр дээд түвшний төлөөлөгч, хэлэлцээрчид хүрэлцэн ирж цөлжилт, газрын  доройтол, ган гачигтай холбогдох асуудлаар хуралдана.

Тус хуралд оролцохоор ирсэн төлөөллүүд хэлэлцээрт оролцохоос гадна манай улсыг таньж мэдэхээр сонирхох нь дамжиггүй. Иймд мөн аялал жуулчлалын салбарт ач холбогдолтой байх буюу гадаад валютын урсгалд нөлөөлнө. Хуралд оролцохоор ирж буй төлөөлөгчид зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбаруудын орлого өсөхөд шууд нөлөө үзүүлнэ. Мөн хурлын зохион байгуулалттай холбоотойгоор зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт зэрэг салбарт ойролцоогоор 7000 түр ажлын байр бий болно гэсэн тооцоолол гарчээ.
Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай улсын бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөх юм.

Олон улсыг хамарсан ийм хэмжээний хурал нь гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ. Засгийн газар ч энэхүү боломжийг тооцоолон тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж  COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьжээ. Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьсан байна. Харин ямар төсөлд хөрөнгө оруулалт татах зорилго тавих нь хамгаас чухал. Аливааг боломж гэж харвал боломж. Ухаалаг, зохион байгуулалттай, эв нэгдэлтэй, улсынхаа нэрийг бодож, ирээдүйн өгөөжийг нь харгалзан үр дүнтэй хийж чадвал гарсан зардал хэд нугараад манайд орж ирнэ. Нутаг дэвсгэрийнх нь ихээхэн хувь цөлжилтөд өртсөн манай улсад үр өгөөжөө бэлэглэх төслүүд эхэлнэ.

Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудаас амжилттай хөрөнгө оруулалт татах магадлалтай төсөл бол цөлжилтийн эсрэг ойжуулах төсөл. 2022 онд Кот-д’Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Үүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байна. Үүний адилаар манай улс цөлжилтийн эсрэг ойжуулах төсөлд хөрөнгө оруулалт татаж мартагдсан “Ногоон хэрэм” төслөө үргэлжлүүлэх боломжтой. Энэ төсөл нь одоо хэрэгжүүлж буй “Тэрбум мод” төсөлтэй ч шууд холбогдоно. Олон улсаас ч бодлогын дэмжлэг авах боломжтой юм. Учир нь, манай говийн угалз элсэн шуурга БНСУ-д хүрдэг гэдэг. Тийм ч учраас БНСУ “Ногоон хэрэм” төсөл дээр хамтран ажиллаж байсан юм. БНСУ-аас эхлээд энэ төслийг дэмжинэ. Энэ бол СОР17 хуралд оролцохоор ирсэн хөрөнгө оруулагчдыг бэлэн төсөлтэй угтах нь зөв гэсэн санаа. Заавал энэ төсөл байх албагүй. Энэ мэт маш чухал ганцхан төсөл дээр л хамаг анхаарлаа хандуулбал үр дүнтэй. Тэр нь ямар төсөл байхыг эртнээс ярьж, нийтээрээ хэлэлцэн тодруулж болно. Хөрөнгө оруулалт татахын тулд бид өөрсдөө санаачилгатай, идэвхтэй байх чухал. Сайтар хөдөлмөрлөсний үр дүн ирдэгтэй адил энэ ажлыг сайн зохион байгуулсны өгөөж дэлхийд газар нутгаараа эхний эгнээнд явдаг манай улсын хувьд ер бусын олон өгөөж болон ирнэ.
 

Б.НОМИН

www.niitlel.mn

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт