Мэдээлэл

Улсын ерөнхий прокуророор Энх-Амгаланг томилох саналыг Ерөнхийлөгч өргөн барилаа

2015.02.13 Төр Төмбөгөр 189 үзсэн

600x600

Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай  асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр  УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр оруулсан байна.

М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, 6 дугаар сургуульд тус тус суралцаж, 1982-1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Мөрдөн байцаах дээд сургуульд хууль зүйн бакалавр, 2003 онд ОХУ-ын МКСВУЗ-д хууль зүйн магистрын зэргийг тус тус эзэмшсэн. Дээд боловсролтой. Эрх зүйч мэргэжилтэй.

Тэрээр 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байв.

М.Энх-Амгалан нь нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Улсын ерөнхий прокурорын нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тул ийнхүү УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Таны сэтгэгдэл
Хайлт