Comment.mn

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийг батлахад оролцсон нь миний амьдралын түүхэн зурвас үеийн нэг

Д.Лүндээжанцан:  Үндсэн хуулийг батлахад оролцсон нь миний амьдралын түүхэн зурвас үеийн нэг

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ой удахгүй тохиох гэж буйтай холбогдуулан ардчилсан Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон УИХ­ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа

-1992 оны Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон нь таны амьдралын үнэ цэнэтэй дурсамжийн нэг байх гэж бодож байна. Ардчилсан Үндсэн хуулийг батлалцах нөр их ажилд ямар сэжмээр холбогдож байв?

­-Хүн болгон өөрийн хүсэл мөрөөдөлтэй. Гэхдээ Үндсэн хуулийг батлахад гар бие оролцох тухай багадаа бодож байсангүй. 1990­ээд он бол Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн шинэ давалгаа түрсэн нийгмийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан үе байсан. Тэр үед нь би хуульч мэргэжлийг эзэмшиж, хөрөнгөтэй орнуудын төр, Үндсэн хуулийн эрх зүйн талаар судалсан учраас гадаад орны Үндсэн хууль нэг иймэрхүү байдаг гэсэн төсөөлөлтэй байсан. Тиймээс 1980 оны сүүлчээр нийгэм, улс төрийн тогтолцооны өөрчлөлтөөр санаа бодлоо хэлдэг сэхээтнүүдийн нэг байлаа. Тухайн үед олон намын тогтолцоо Ерөнхийлөгчийн институт, сонгуулийн ардчилсан тогтолцоо гэдэг их шинэ зүйл байсан. Тэр үед 1992 оны Үндсэн хуулийг батлах гэж бараг гурван жил дамнасан ажил болсон доо. Үүний шат дамжлага болгонд нь ямар нэг сэжмээр оролцож ирсэн нь миний амьдралын түүхэн зурвас үеийн нэг болж үлдсэн. Үндсэн хуулийн эцэг гэж нэрлэгдсэн Б.Чимид бол миний багш, эрдэм шинжилгээний удирдагч байсан. Дээр нь С.Төмөр, Ж.Амарсанаа нарын олон хуульч оролцсон доо. Би 1990 оны хавар хуулийн төсөл боловсруулах ажилд гар бие оролцохоор Төрийн ордонд орж ирснээс хойш 25 дахь жилтэйгээ золгож байна. Монгол Улсын Үндсэн хууль бол Монголын ард түмний хүсэл зорилгын төвлөрсөн илэрхийлэл. Нэг үгээр хэлбэл, төр нийгмийн хооронд байгуулж байгаа гэрээ гэсэн үг. Ард түмэн ямар эрх эдлэх юм бэ, төр нь иргэддээ хэрхэн үйлчлэх вэ гэдэг дүрэм журмыг тогтоосон гэрээ. Үндсэн хууль бол Монголын ард түмний хамтын бүтээл гэж хэлэхийг хүсч байна.

-Өмнөх Үндсэн хуулиуд мэдээж тухайн нийгмийнхээ хэрэгцээ, шаардлагатай уялдаж байсан нь тодорхой. Харин таны батлалцсан ардчилсан Үндсэн хууль чухам юугаараа онцлог байсан гэж та боддог вэ?

-Мэдээж, өмнөх Үндсэн хуу лиудын нийгмийн үнэт зүйл нь өөр байсан байж таараа. Жишээ нь, 1940-1960 оны Үндсэн хуульд нийгмийн үнэт зүйлээс хувийн өм- чийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Харин 1992 оны Үндсэн хуулиар өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, төрийн эрх мэдлийг хуваарилсан. Төр улсаа парламент, төрийн тэргүүн Ерөн хий лөгч, Засгийн газар, шүүх, нийт иргэн, орон нутаг, иргэний нийгэмтэй нь нэгэн гэр бүл хэмээвээс төрийн эрх мэдэл хуваарилахуй нь гишүүдийнх нь хоорондын харилцааны дүрэм, журам юм. Харин Үндсэн хуульт ёс, ардчилал, иргэний нийгэм хууль дээдлэхүй нь мах цусан барилдлагааных нь үндэс болдог. Угтаа энэ бүхэн хүний эрх, эрх чөлөөг хангах, улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулахад орш дог. Өмнөх Үндсэн хуулиудад хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж ирсэн. Харин 1992 оны Үндсэн хуульд түүнийг баталгаатай нь хамт зааж өгсөн. Ингэж зааж өгснөөрөө хүний эрхийг бүрэн дүүрэн хангаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Ер нь төгс төгөлдөр Үндсэн хууль гэж байхгүй. Нийгмийн жам ёсны харилцааг тусган бэхжүүлсэн, нийгмийн харилцааны биет загвар болсноороо 1992 оны Үндсэн хууль чанарын болоод хэв маягийн эрс ялгаатай болж чадсан. Гэхдээ аливаа хуульд хүйн холбоо, залгамж чанар гэж байдаг. Жишээ нь, 1924 оны Үндсэн хуулиар хамжлагат ёсыг халсан, тусгаар тогтносон бүрэн эрхийг тунхаглан бэхжүүлсэн. Энэ бүх уламжлал 1992 оны Үндсэн хуульд ямар нэг хэмжээгээр тусгалаа олж, шинэ агуулгаар баяжиж, сууж өгсөн байдаг.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай улстөрчид маш их ярьж байна. Ер нь өөрчлөлт оруулахгүй л бол урагшлахгүй, гарцаагүй байдалд орчихсон юм уу. Яагаад улстөрчид байсхийгээд л Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ам нээх болов?

-Огтоос өөрчилдөггүй хууль гэж байхгүй. Тэр дундаа Үндсэн хуулийг ч гэсэн өөрчилж болно. 1999, 2000 онд оруулсан өөрчлөлтийг дордуулсан долоон өөрчлөлт гэж иргэд их шүүмжилж байгаа. Гол нь төрийн эрх мэдлийн хуваарилалт дээр гажуудал үүсгэсэн. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэхээсээ илүүтэй үүнийгээ засах ёстой. Энэ хуулийг батлаад 23 жил болж байна шүү дээ. Зарим нэг өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй Гэхдээ Үндсэн хууль гэдэг хүнтэй адилтгавал араг яс, булчин шөрмөс бүхэл бүтэн систем байхгүй юу. Түүнд санамсаргүй байдлаар эсвэл судалгаа шинжилгээгүйгээр нэг судсыг нь тасалбал бусад эд эрхтэндээ нөлөөлж эхэлнэ. Тиймээс энэ асуудалд туйлын няхуур, нямбай шинжлэх ухааны үндэстэй хандах хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьдаг хүн олон. Гэхдээ яг юуг нь хэрхэн өөрчлөх юм бэ гэдэгт санал зөрөлдөөнтэй зүйл бий. Би “Үндсэн хуулийг бурханчлан тахиж, хэзээ ч гар хүрч болохгүй” гэж хэлэхгүй. Гэхдээ өөрчлөлтийг зөв хийх ёстой. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихвий” гэж маш их болгоомжилдог. Ер нь том ерөнхий дүр зургаар нь харвал 1992 оны Үндсэн хууль боломжийн болсон. Тэр утгаараа ч 23 жил үйлчлээд Монголын нийгмийн тогтолцоог бэхжүүлж, ард түмний зөвшилцлийн хамгийн том бичиг баримт болж ирсэн. Тухайн үед энэ хуулийг нийт ард түмний санаа оноог авч, Улсын бага хурал гурваас дөрвөн удаа, Ардын Их хурлын 429 депатут 70 гаруй хоног хэлэлцсэн. Үндсэн хуулийн шинжлэх ухаанд хөтөлбөр Үндсэн хууль, хууль Үндсэн хууль гэсэн хоёр хандлага байдаг. Хөтөлбөрийн шинжтэй байвал бусад хуулиараа нарийвчилж үзэх ёстой. Бид Хууль Үндсэн хууль байлгахын төлөө нэлээд зүтгэсэн. Мэдээж, амьдрал баян учраас нийгмийн хурдтай өөрчлөлтийг дагаад зарим зүйлийг шийдвэрлэх Үндсэн хуулийн чадвар, чадавхи шавхагдсан уу, үгүй юү гэдэг асуудал урган гардаг. Нөгөө талдаа Үндсэн хуулийнхаа нөөц боломжийг бид бүхэн бүрэн ашиглаж шавхаж чадсан уу гэдэг нь сонин. Би хувьдаа Үндсэн хуулийн нөөц боломж шавхагдаагүй гэж боддог. Тиймээс шинээр баталж байгаа хууль нь Үндсэн хуулийнхаа үзэл санаатай нийцэж, түүнийг баяжуулсан байдлаар гарах хэрэгтэй. Ингээд болохгүй шүүрэн шанаган дээр ямар нэг зүйл тунараад үлдэж байвал түүн дээр нь өөрчлөлтийн тухай ярьж болно. Тэгэхээр Үндсэн хуульд зарчмын томоохон өөрчлөлт орохгүй, цөөн тооны хэдэн өөрчлөлт орох байх гэж харж байна.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар их ярьсан. Тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжиний өргөн барьсан цөөнгүй хуулийн төслийг Д.Дорлигжав сайдаар томилогдоод буцаан татлаа. Энэ тухай та ямар байр суурьтай байна вэ?

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Х.Тэмүүжиний өргөн барьсан хуулиудтай холбоотой үгээ хэлж байсан. Хууль зүйн шинэ сайд авах гээхийн ухаанаар хандсан байх. Санаа нь зөв боловч өнөөдрийн Монголын нийгэмд тохирох уу, үгүй юү. Нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу. Хүн хүч, хөрөнгө мөнгөний хувьд болох эсэхийг нь шинээр томилогдсон сайд нягталж үзээд эргүүлж өргөн барих байх. Ер нь хууль зүйн шинэчлэл гэдэг тасралтгүй үргэлжлэх процесс байдаг. Хууль зүй бол шударга ёсны гол салбар. Хүний эрх, шударга ёсны гол баталгаа нь шүүх шинэчлэл, хуулийн шинэчлэл байдаг учраас энэ салбарын хууль тогтоомжийг туйлын няхуур, нямбай боловсруулах ёстой. Ингэхгүй бол цаана нь хүний эрх хохирч, шударга ёс гажууддаг. Хууль, эрх зүйн шинэчлэл гэдэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гарч ирсэн цоо шинэ зүйл биш. Өмнө нь хуулийн шинэчлэл явж байсан. Энэ удаагийнх гурав дахь хууль, эрх зүйн шинэчлэл болж байна. Өмнөх хоёр шинэчлэл нь ч үүргээ боломжийн биелүүлсэн. Цаашдаа энэ салбарт ажиллаж байгаа хуульч, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын үүрэг хариуцлага, иргэддээ үйлчлэх төрийн үйлчилгээ, хүний эрхийг хамгаалах чиглэлийн өөрчлөлтийг сайн хийх хэрэгтэй. Өмнөх өөрчлөлтүүд морин дэл дээгүүр дутуу дулимаг боловсруулсан учраас үүнийг нэлээн тунгааж, гүйцээж оруулж ирэх байх гэж бодож байна.

-УИХ-д зөвхөн мэргэжлийн хуульч, эдийн засагчийг оруулах ёстой гэсэн байр суурьтай хүн байдаг. Үүнийг та юу гэж үздэг вэ?

-Сонгуулийн тогтолцоотой хол боо тойгоор хууль тогтоох байгууллагад ямар хүн оруулж ирэхийг ард түмэн шийддэг. Манайх өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай болохоор тойргийг нь томруулахаар хөрөнгө мөнгөний асуудал байдаг. Дээр нь УИХ дээрээ анхаарал тавихаасаа илүү тойрогтоо зүтгээд байвал хэцүү. Тэр бол ганцхан тойргийн хүн биш. УИХ-д суусан бол Монгол Улсын төлөө ажиллах хэрэгтэй. Монгол Улсын төлөө ажиллаж байна гээд эргээд иргэд сонгогчдоо таг марчихаж болохгүй. Энэ хоёрын алтан дунджийг олж байх ёстой. Үүнд тохирсон сонгуулийн тогтолцооны төлөө явж байгаа. Манайх 76 гишүүнтэй ганц танхимтай парламенттай. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхийг хэрэгжүүлдэг. Яг үнэндээ бол манайд хоёр танхимтай парламент хэрэгтэй. Харам салтай нь, нийгмийн сэтгэлзүй хоёр танхимтай парламентыг хүлээж авахгүй л дээ. Гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэвэл иргэд тийм ч таатай хүлээж авахгүй. Уг нь ард түмний төлөөлөл сайн баймаар байна. Тэгж байж ард түмний хүсэл сонирхол хуульд тусч өгнө. Нөгөө талдаа үндэсний аюулгүй байдлын дархлаа сайж рахаас эхлээд эерэг тал олон бий. Парламентыг хоёр танхимтай болгох миний санаа амьдрал дээр жаахан явц муутай байж магадгүй юм. Гэхдээ ер нь зүй тогтол нь ийм байвал дээр гэдгийг хэлэхгүй байж болохгүй л дээ. Ойрын үед энэ тал дээр зарчмын том өөрчлөлт гарахгүй байх. УИХ-д суугаа, ард түмний элч болж сонгогдсон төрийн түшээдийн үүрэг хариуцлага өндөр байх ёстой. Үе үеийн парламент чадах чинээгээрээ зүтгэж ирсэн. Хэдийгээр эдийн засаг хүндэрч, ард түмний аж амьдралд хүчтэй нөлөөлөхүйц төсвийг Засгийн газраас оруулж ирсэн энэ үед байдал хүнд байна. Ер нь амар үе гэж байгаагүй. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэж үг байдаг. Уг нь УИХ, Засгийн газар хоорондоо жаахан зайтайхан ажилласан бол УИХ нь хууль тогтоох байгууллага, Засгийн газар нь гүйцэтгэх байгууллага шиг ажиллах боломж байсан. Энэ бүхэн өнөөдрийн ирцээс гадна олон асуудал дээр харагдаж байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд дордуулсан долоон өөрчлөлтөөс авахыг нь аваад хаяхыг нь хаяад явсан нь дээр байх. УИХ ганц танхимтай тэр нь ажлаа хийж чадахгүй байна гээд тараад байвал улс төрийн жинхэнэ тогтворгүй байдалд орно шүү дээ. Тийм болохоор сонгуулийн тогтолцоо, улс төрийн намууд, сонгогдож байгаа төрийн түшээдийн үүрэг хариуцлага өндөр байх шаардлага бий. Бүгд чадах чинээгээрээ зүтгэж байна. Ер нь харж байхад сайн нэртэй парламент гэж бараг байдаггүй. Ард түмэн олон жилийн дараа энэ парламент ямар шинэчлэл хийж вэ гэдгийг харж, дүгнэдэг.

-Та парламентын зөвшилцлийн талаар ямар бодолтой явдаг вэ. АН, МАН зөвшилцлийн гэрээ байгуулсан нь энэ чиглэл рүү явж байгаагийн илрэл мөн үү?

-Парламентын зөвшилцөл гэж чухал ойлголт. Зөв- шилцлийн гэрээ бай- гуулсан нь энэ чиглэлд хийсэн нэг алхам гэж бодож байна. Өнөөдөр үл ялиг олонхи болсон нь бүхнийг хүч түрэмгийлээд явах уу, зөвшилцлөөр асуудлаа шийдээд явах уу гэдэг ардчиллын загварт өрнөд Европын орнууд шилжиж байгаа юм. Үүнийг манайхан бодох цаг болсон. Тэгэхээр зөвшилцөл, ардчилал гэдэг зоосны хоёр тал гэсэн үг. Тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэдэгтэй адилхан. Эдийн засаг өнөөдрийн хэмжээнд хүрч муудсан углуурга уг шалтгаан байхаас гадна сүүлийн хоёр жилийн хугацаанд явуулсан эдийн засгийн буруу бодлоготой холбоотой гэж хүмүүс ярьж байна. Тэгэхээр энэ ардчиллыг ойлгох ойлголт, үнэлэмж, манай төрийн эрх мэдлийн хуваарилалт, олонхийн загвар, шууд хүч түрэмгийлсэн байдал эдийн засагтаа нөлөөлж байна. Тэгэхээр төрийн тогтолцоо эдийн засаг хоёр хоорондоо гарцаагүй холбоотой юм. Гал хамгаалагч, нийгмийг чирэгч хүч байх ёстой учраас сөрөг хүчин, олонхи, цөөнх гэж байдаг. Энэ бүгдийг нарийн тооцож байж, парламентат ёс хэрэгжих ёстой. Өнөөдөр парламентат ёсыг бий болгох нь туйлын чухал байна.

Ярилцсанд баярлалаа

Ц.ОЮУНТУНГАЛАГ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.