Comment.mn

2008 он руу буцах уу, алдаагаа засах уу…

2008 он руу буцах уу, алдаагаа засах уу...

Мөнгөний нийлүүлэлт 2008 оноос зургаа дахин, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гурав  дахин, зээл тав дахин өссөн статистик байгаа ч харамсалтай нь гадаадын шууд хөрөнгө оруулалт тэг өсөлттэй буюу 2008 онтой ижил хэмжээнд хүрч буурлаа. Бидний өмнө 2008 он руу буцах уу? Алдаагаа засах уу? гэсэн сонголт бий болжээ.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр “Бизнесийн итгэлийн индекс” гэдэг судалгааг хийж, үр дүнг нь төр засагт хүргэдэг. Өнгөрсөн жилийн эцсээр хийсэн уг судалгаанд оролцсон хот хөдөөгийн 2700 орчим бизнес эрхлэгчийн 28 хувь нь бизнесийн орчин өмнөх жилийнхээс уруудсан гэж үзсэн бол 74 хувь нь 2014 онд бизнест шинээр хөрөнгө оруулах нь алдагдалтай хэмээсэн байдаг. Тэд энэхүү тааламжгүй бизнесийн стратеги төлөвлөгөөнийхөө талаар “Төр засгийн хүнд суртал хэрээс хэтэрч, бизнесийн чөлөөт орчин хумигдсан” гэдгээр тайлбарласан. Энэ бол зөвхөн дотоодын бизнес эрхлэгчдийн санал бодол. Мөн шийдвэр.

Яг үүнтэй адил гадаадын хөрөнгө оруулагчид ч Монголоос нүүр буруулсан. Яалт ч үгүй эх орон нь юм гэсэн итгэл үнэмшлээр дотоодын бизнес эрхлэгчид бол бэрхшээлийг сөрж зогсох тэсвэр тэвчээрээ шалгуулж буй. Харин гадаадын хөрөнгө оруулагчид бол үгүй. Тийм ч учраас өнөөдөр “Рио Тинто” группыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх, цаашлаад Монголын Засгийн газрыг татварын өөрчлөлттэй уялдуулан 75-аар нь буулгаж авах санал дэвшүүлээд байж болох. Монгол хүний нүдээр харахад тэдний тулган шаардалт тэвчихгүй муу зүйл мэт санагдах ч бизнес эрхлэгчийнх нь эрх ашгийг бодож үзвэл зөв шийдвэр.

Өдгөө “Рио Тинто” Оюутолгойн ордыг хувь группынхаа хувьд стратегийн ач холбогдол бүхий орд газрынхаа жагсаалтад хасахад бэлэн болсон ч байж мэднэ. Олон жилийн турш үргэлжилсэн хэлэлцээрийг нь хэзээ мөдгүй хоосон цаас болж мэдэх манай тогтворгүй бодлого үүнд хамаатай.

Үүний балгаар өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом унаж 2008 оны түвшинд хүрчихээд байгаа хэрэг. Тоон үзүүлэлтийг нь сонирхвол 2008 онд 838,5 сая ам.долларт эргэлдэж байсан бол өнгөрсөн онд 845 сая ам.доллар болж унасан. Эдийн засгийнх нь 90 гаруй хувь нь уул уурхайгаас шууд хамааралтай байдаг орны хувьд дээрх уналт нь энэ салбараас үүдэлтэй гэдгийг бүх эдийн засагчид төдийгүй олон нийт ч мэдэх болсон. Мөн урт нэртэй хуулийн хэрэгжилтийн хүрээнд 106 хайгуулын лицензийг цуцалсан нь хөрөнгө оруулагчдыг шууд утгаараа дээрэмдсэн үйлдэл болсон.

Иймд шийдлийн Засгийн газрын авч хэрэгжүүлэх ёстой хамгийн эхний алхам бол гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудах. Энэ тухайгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг удаа дараа олон нийтэд тайлбарласан. Өдгөө ам.долларын ханш ийн чангарч буй суурь шалтгаан нь зугтаж гарсан хөрөнгө оруулагчдын дансаараа “нисгэсэн” ам.долларын урсгал юм. Тэгвэл энэ жилийн тухайд 60 гаруй хувиар буурсан гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. .

Үүний эхлэл болгож “Эрдэнэс-Тавантолгой” компанийн эзэмшилд байдаг Тавантолгойн ордын 30 жилийн ашиглалт, олборлолтын эрхийг Монголын “М-Си-Эс” групп, Хятадын “Чайна Шанхуа Энержи”, Японы “Сумитомо” компанийн мэдэлд өгөхөөр болсон. Ингэхдээ уг орд зуун хувь Монголын эзэмшил байх бөгөөд гагцхүү олборлолтын эрхийг нь иргэдэд тараах 1075 хувьцааны ноогдол ашгийг олгох, “Чалко”-д төлөх ёстой 110 сая ам.долларыг ч төлөх талаар зөвшилцөж, ойлголтод хүрээд байгаа. Улмаар хөрөнгө оруулалтын гэрээг энэ сардаа багтаан батлах үүргийг Засгийн газраас ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайханд өгсөн.
Харин дараагийн удаад Монголын эдийн засагт сэргэлт авчрах хэлэлцээрээр Засгийн газар Оюутолгойн ордыг тойрсон үл ойлголцлыг сэргээхийг зорьж буй. Уг ордын хамтран эзэмшигч “Рио Тинто” групп дэлхийн 15 хүчирхэг банкинд зээлийн хүсэлт тавьсан ч тэдгээр нь Монголын Засгийн газар хийгээд УИХ-ын зөвшөөрлийг хүлээн түдгэлзсэн байдалтай байгаа.

Иймээс “Рио Тинто”-той ойлголцох замаар хөөж гаргасан гадаадын хөрөнгө оруулалтаа дахин Монголд ирүүлэхийн тулд бодлого боловсруулагчид буулт хийх нь тодорхой гэж болно. Өөрөөр хэлбэл дээр дурдсан 106 лицензийн 36-аас бусдыг нь сэргээх шийдвэр гаргасан нь ч мөн л гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг эзлэх уул уурхайн салбарынханд найр тавьсан шийдвэр юм. Ийнхүү Монголын эдийн засаг сэргэх замдаа орно. Гэхдээ онцлон дурдсанчлан санасан сэдсэн бүхнээ хэрэгжүүлж чадвал шүү дээ.

Эцэст нь дүгнэхэд гадаад валютыг a) экспортоо нэмж, экспортын орлогоо бодитой оруулж ирж, б) гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг татаж, в) том төслүүдийг яаралтай урагшлуулж, г) хөгжлийн зээл, санхүүжилт авах боломжоо бий болгож байж л олж ирнэ.

Тэр цагт 2008 оны түвшинд очтолоо савж унасан гадаадын хөрөнгө оруулалт нар гийх биз ээ.

Эх сурвалж:  “Улс төрийн тойм” сонин Г.Отгонжаргал

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.