Comment.mn

Маргааш “Зүрх зүрхнийхээ төлөө” аяныхан Замын-Үүдийг зорих гэж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн оны наймдугаар сард 38 настай Ч.Бат-Оргил гэх залуу нэг тонн орчим цементэд даруулж  хүнд гэмтэл авсны улмаас амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа талаар манай Undesten.mn сайт цувралаар хүргэж байгаа.

 

Энэ сарын 6-нд манай сайтад Ж.Тунгалаг гэх эмэгтэйн “Цаана чинь залуу хүн амьдаараа үхэж байна” гэх гарчигтай ярилцлага, “Өндийх ч тэнхэлгүй залуу өдөр бүр үхэлтэй тэмцсээр” нийтлэл гарсан даруйд Замын-Үүд сумын удирдлага, эмнэлгийн дарга, халамж үйлчилгээний ажилтнууд гэрт нь очиж хуралдан, Ч.Бат-Оргилыг өчигдөр сумын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхлээд байгаа бол түүний аав, ээж хоёрыг сувилалд хэвтүүлэхээр болсон тухай сайхан мэдээг тус сумын Засаг дарга М.Баянмөнх ч бидэнд дуулгасан билээ.

 

Харин манай сайтын хамт олны зүгээс өнгөрсөн лхагва гараг буюу энэ сарын 7-ноос  “Зүрх зүрхнийхээ төлөө” аян өрнүүлж, өдөр бүр өвчиндөө шаналж буй Ч.Бат-Оргилын өөрийнх нь нэр дээр албан ёсны Голомт банкны 3615100408 хандивын данс нээж, сайхан сэтгэлт монголчуудынхаа хандив, тусламжийг  авч эхэлсэнийг уншигчид маань санаж байгаа байх.

 

Тэгвэл маргааш буюу энэ сарын 10-нд аянаа эхлүүлж өнгөрсөн хугацаанд цугларсан хандив, тусламжийнхаа үр дүнг үзэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг зорих гэж байна. Бидний хувьд эхний ээлжинд “Зүрх зүрхнийхээ төлөө” аянд нэгдсэн хувь хүн, албан байгууллагынхаа төлөөлөлтэй хамтран Ч.Бат-Оргил болон тэдний ар гэрийнхэнд нэн шаардлагатай байгаа эм тариа, эд материалын тусламж үзүүлэхийг зорьж байна. Ингэхдээ энэ бүх үйл явцаа сайтаараа дамжуулан олон нийтэд цаг алдалгүй, түргэн шуурхай мэдээлэх болно. Өөрөөр хэлбэл, залуугийн бие ямархуу байгаа, шинжилгээний дүн хэрхэн гарсан, цаашид ямар эмчилгээ, арчилгаа шаардлагатай болоод ар гэрийнхэн төдийгүй албан тушаалтнуудын тухай мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэл, сурвалжлагыг газар дээрээс нь уншигчдадаа хүргэх юм.

 

Дашрамд дуулгахад, Ч.Бат-Оргилд туслахыг хүссэн хувь хүн, албан байгууллагууд манай Undesten.mn сайтын 88025092, 95506045, 99127029 дугаарт холбогдоорой. Түүнчлэн маргааш бидэнтэй хамт Замын-Үүд сумыг зорьж Ч.Бат-Оргилд сэтгэл санааны болоод эд материалын тусламж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн хэн бүхнийг бид талархан хүлээж авах болно.

Б.Төрбат

Эх сурвалж: www.undesten.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.