Comment.mn

Гадаад хэргийн яамнаас 40 хүн халагджээ

 

 

Screenshot_5_500x500Бид УИХ, Засгийн газар, төрийн байгууллага, яам агентлагаас албан ёсны мэдээлэл авч олон нийтэд хүргэх үүрэгтэй ажилладаг. Сэтгүүлчидтэй хамгийн ойр ажиллаж, албан ёсны мэдээллээ дамжуулдаг нь тухайн газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд байдаг юм. Гэтэл шинэ он гарснаас хойш Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн хэлтэстэй холбогдож чадалгүй өнөөдрийг хүрэв. Яамны цахим хуудас нь идэвхгүй болж, мэдээллээ ч шинэчлэхээ больжээ. Учрыг өчигдөр тодруулахад, тус яам шинэ оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 30-нд 40 хүнийг халах тушаал гаргаж, Хэвлэл мэдээллийн хэлтсээ алба болгон өргөжүүлэх нэрээр тэнд ажиллаж байсан гурван хүнийг цомхотгожээ. Бид яамны холбогдох ажилтнаас албан ёсны мэдээлэл авч чадахгүй байсан учир нь хэвлэлийн хэлтсийнхнийг бүгдийг нь халсантай холбоотой аж.

Мөн иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг, нэн хэрэгцээтэй гэж 10 хүний бүрэлдэхүүнтэй байсан Консулын газрын захирлыг албан тушаалтнуудтай нь халж тэнд гуравхан хүн үлдээжээ. Мөн газар, хэлтсийн нэрийг өөрчлөх замаар дарга нарыг нь чөлөөлсөн тохиолдлууд байгаа аж. Энэ мэтээр тус яаманд халаа үргэлжилбэл, гадаадад томилолт аваад ажиллаж буй хүмүүсээ ч эргүүлэн татах бололтой.

Ийн шинэ сайд нар яамандаа очингуутаа халаа сэлгээ хийж буйн нэг жишээ энэ. Хуучин сайдтай нь хамтран ажилладаг байсан гэдэг утгаар тангараг өргөсөн төрийн жирийн албан хаагчид улс төрийн халаа сэлгээнд өртсөөр байна. Хэдийгээр эдийн засгийн хямралтай, мөнгө санхүү хомс байгаа ч гэлээ ажлын байрыг хэдэн арваар нь цөөлөх бус хадгалж үлдэхийг зарим газар чухалчилж байгаа юм.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа яамныхаа 20 хүнийг халсан жишээ бас бий. Хууль зүйн яамны дөрвөн ч газрын дарга халагдсан байгаа юм. Мөн МУИС-ийн захирлыг улс төрийн зорилгоор хүчээр чөлөөлж, оронд нь салбарын яамнаас хүн томилсон тохиолдол ч гараад байна.  Энэ мэт төсөв хэмнэх нэрийн дор олон хүн ажлаас халагдаж байна. Уг нь төсөв хэмнэхдээ улс төрийн албан тушаалтнууд буюу дэд дарга, зөвлөхүүд гэх мэтийн хүмүүсийг ажиллуулахгүй байхаар нэр цохсон байтал яамны ажилчид хэдэн арваараа ажилгүй болж буйг Ерөнхийлөгч анхаарах хэрэгтэй болов уу.

Учир нь Төрийн тэргүүн өнгөрсөн онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын танхимын сайд нарыг нэр дэвшүүлж оруулахад энэ тухай захиж байсан юм. Тэрээр шинээр томилогдсон сайд нар яамандаа очоод халаа сэлгээ хийж, төрийн жирийн хаагчдыг бужигнуулахгүй байхыг анхааруулж байлаа. Гэвч Ерөнхийлөгчийн үгийг эс тоосон шинэ сайд нар яаманд тухлангуутаа хуучин ажилчдаас нь халж буйг улс төрийн зорилготой гэхээс өөр юу гэх вэ. Орон гарч буй газар, хэлтсийн дарга, ажилчдын суудалд хэн нэгэн очиж л таарна. Тэгэхээр шинэ сайдын “халаасны” хүмүүс л тэнд очих биз.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

М.ЦЭЦЭГ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.