Comment.mn

Б.Эрдэнэбат: Монголбанк “Номин”-гийн Ш.Баярсайхантай нийлж, банкыг маань булаалаа…

“Ариг” банк болон “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын ил захидал

“Ариг” банкны бодит байдал тухайн үед  

Анх “Эрэл” банк, одоогийн “Ариг” банкийг байгуулаад 23 жил өнгөрөхөд, салбартаа хамгийн сайн, эрсдэлгүй байх ёстой гэдэг зарчмыг л банкныхаа удирдлагуудад  миний зүгээс тавьсаар ирсэн. Тэр зарчим  байнга биеллээ олж  Монгол банкнаас тавигддаг шаардлагууд,  дүрмийн сангийн  нэмэлтүүдийг ямар ч зөрчилгүйгээр биелүүлдэг байсан. Хожим Монголбанкнаас үйл ажиллагааг нь зогсоогоод бүтэн нэг жил дөрвөн сар болоход ч төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдаагүй, зохист харьцаагаа хадгалж, 160 гаруй ажилтнаа ажлын байраар хангаад, алдагдал хүлээгээд байгаа хэрнээ банкаа хэвийн хэмжээнд ажиллуулсаар байна. Энэ бүхний ард үнэнчээр ажиллаж буй “Ариг” банкныхаа ажилтан, хамт олноор бахархаж байгаагаа энэ ташрамд хэлье! Энэ нь өнгөрсөн хугацаанд Монголын банкны салбарт гарч байгаагүй – цоо шинэ үзэгдэл юм. Ийм урт удаан хугацаанд тэсэж чадсан банк өмнө нь байгаагүй бөгөөд зохист харьцааны шалгуур үзүүүлэлтүүдийг бүрэн хангасан банк удаан оршин тогтнож болдгийг харууллаа.

“Ариг” банк 23 жилийн хугацаанд Эрүүл мэнд, Нийгмийн даатгал, Тэтгэврийн даатгал гэх мэт олон сангаас болон Хөгжлийн банкны бондын хөрөнгө, Сангийн яамны мөнгөн хөрөнгө гээд төсвийн нэг ч  төгрөгийг хадгалаагүй, төсвийн мөнгөн хөрөнгийг эргэлдүүлээгүй цорын ганц банк юм.  Энэ банк хадгаламж эзэмшигч, харилцагч нар дээр дангаар суурилсан, банкны үйл ажиллагааг чанартай, ая тухтай байлгах, үйлчилгээний стандарт, эдийн засгийн зөв моделоор ажиллуулсаар ирсний хүчинд л эдүгээ хүртэл оршин тогтносоор буй биз ээ.

“Номин холдинг” ХХК болон “Эрэл” ХХК-ийн гэрээ

Анхны тохиролцооны дагуу “Номин холдинг” ХХК-ийн зүгээс 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн БҮК-1 үйлдвэрт эхэлж хөрөнгө  оруулаад, дараа нь “Ариг” банканд хөрөнгө оруулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, гэрээ ёсоор “БҮК-1” үйлдвэрийн хөрөнгө оруулалт орж ирлээ.

“Номин холдинг” ХХК болон “Эрэл” ХХК-ийн хооронд үүссэн хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 476 зүйлд заасны дагуу хуулийн этгээд байгуулахгүйгээр БҮК-1 үйлдвэрийг ашиглалтад оруулж, ашиг олох зорилготой, цаашдын хэтийн хөгжлөөс хамаарч хөрөнгө татах эсэхээ шийдэхээр тохиролцож байгуулсан юм. 

“УЛААНБААТАР ИМПЕКС” ХХК БОЛОН ДЭМ “САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХХК ХООРОНДЫН ГЭРЭЭ

Үүнээс 16 хоногийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр эхний гэрээг үндэслэн “Ариг” банканд хөрөнгө оруулах гэрээг хоёр талаас байгуулав.

Ш.Баярсайхан:  “Ариг” банканд оруулах  нийт хөрөнгө оруулалтаас, эхлээд би 39 хувьд ногдохыг оруулчихъя, тэгээд 39 хувийг эзэмшээд, 2017 оны гуравдугаар сарын 31-ний дотор үлдэгдлээ оруулаад 49 хувь болгоё гэхээр нь,  би “Тэгье ээ” гээд л тохиролцлоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр “Улаанбаатар импекс” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 04 дугаар шийдвэр гарч “Ариг” банканд хоёр үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийхээр болов.

“Улаанбаатар импекс” ХХК нь эхний үе шатны хөрөнгө оруулалтыг хийж “Ариг” банкны дүрэм болон  улсын бүртгэлд бүртгэгдэж, 39 хувийн эзэмшигчээр Ш.Баярсайхан өөрийн “Улаанбаатар импекс” ХХК-аараа албан ёсоор бүртгэгдлээ.

2017 оны гуравдугаар сар өнгөрч дөрөвдүгээр сарын эхээр 04 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу  2017 оны гуравдугаар сарын 31-ний дотор хийх 8.7 тэрбум төгрөгийг Монголбанканд байршуулж 49 хувь эзэмших гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан байдаг. 

Ш.Баярсайхан “Жаахан хүлээгдэж байна, хийнээ” л гээд байхаар нь манай талаас хүлээцтэй хандаж, нөгөө тал асуудлыг өөрийн боломжоор шийдвэрлэх байх гээд орхив.

“АРИГ” БАНКНЫ ХУВЬЦААГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ХУУЛЬ ЗӨРЧИН ЗАРСАН НЬ

Гэрээний дагуу 2017 оны гуравдугаар сарын 31-ний дотор Баярсайхан өөрийнхөө нэмж хийх 10 хувийн хөрөнгө оруулалтыг гүйцээж нийт 49 хувийг эзэмшиж,  дүрмийн сангаа  нэмэгдүүлэх үүргээ умартан, харин бүүр 39 хувиа гуравдагч этгээдэд буюу “LendMNийн” толгой компани болох “Анд системс” ХХК-д 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр зарчихсан байдаг.

Анх “Улаанбаатар импекс” ХХК хөрөнгө оруулалт хийхдээ “банкны салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийн, Монголын том хөрөнгө оруулалтын банк болгох чин хүсэлтэй байгаа юм” хэмээн хэлж байсан нь чулуу хөөлгөж байсан хэрэг байжээ. 

Олон жил бизнест амжилттай яваа нөхөр хууль мэдэхгүйдээ биш аархаж, омгорхож давуу эрхээр тэргүүн ээлжинд худалдаж авах эрхийг минь зөрчин, гуравдагч этгээдэд хувьцаагаа зарсан үйлдлийг нь Монголбанкнаас хүртэл дэмжин, шилжүүлгийг баталгаажуул гэсэн бичгүүд ирүүлж эхэллээ.

Энэ мөчид “Анд системс” ХХК-ийн  төлөөлөл уулзах хүсэлт тавьсны дагуу уулзлаа. 

Үүнээс өмнө ч энэ залуучууд хүсэлт тавин, бид ажлын шугамаар уулзаж, бие биенээ таньдаг болсон байсан юм. Тэд  “Ариг” банкийг  анх эхлүүлж байсан үеийг маань, хязгааргүй хүсэл тэмүүллээр дүүрэн залуу насыг минь санагдуулж байсан болохоор, монгол залуучуудын маань оюун ухаанаар бүтээгдсэн дэлхийн тавцанд өрсөлдөх чадвар бүхий шинэлэг гарааны бизнес гэж тэдний ажлыг би үнэлдэг учраас нээлттэй ярилцаж ойлголцов. “Анд системс”-ийнхэн Ш.Баярсайхантай 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд хувьцаа худалдан авах гэрээг зурж баталгаажуулаад, урьдчилгаа төлбөрөө төлсөн, үлдэгдэл төлбөрийг нь хувьцаа шилжихээр шилжүүлнэ гэсэн хэмээн надад учирлалаа. 

Мөн гэрээний дагуу урьдчилгаа төлбөр шилжсэн байхад хувьцаагаа шилжүүлээгүй, бүр хөдлөхгүй  болохоор нь мөнгөө авъя гээд ч өгөхгүй байгааг нь ч олж мэдлээ. Тэдний гэрээ нь, хувьцааг тэргүүн ээлжинд авах манай талын эрхийг зөрчин хийгдсэн, үүссэн нөхцөл байдал, мөн тэдний хийхээр төлөвлөж буй ажлыг нь дэмжин, нэгэнт үүссэн асуудлыг хүндрүүлэхгүйгээр харилцагч, хадгаламж эзэмшигчдээ л хамгийн түрүүнд бодож  Монголбанк болон Ш.Баярсайханы хүсэлтийн дагуу хувьцаа шилжихийг нь зөвшөөрч байгаагаа албан ёсоор Монголбанканд мэдэгдлээ. 

Ингээд шинэ хувьцаа эзэмшигчидтэйгээ дүрмийн сангаа бүрдүүлэн, урагшаа харан ажиллана даа гэж бодож байтал, Ш. Баярсайхан маань хувьцаагаа ч шилжүүлэлгүй, Монголбанк ч өмнө нь шаардаж шахаж шинэ хувьцаа эзэмшигч рүү шилжүүл гээд байсан нь таг болчихлоо. Таг болсон нь ч учиртай байж. Тэрбээр хувьцаагаа хууль бусаар зарж банкнаас гарсан атлаа, хүнээс олсон эх үүсвэрээрээ дүрмийн сангийн үлдэгдэл дүнг (Монголбанкнаас дүрмийн санг 50.0 тэрбум төгрөг хүргэх шаардлага тавьсан) дангаараа хийж, өмнөх хувьцаагаа өөр хүнд зарчихсан байтлаа эзэмшигч нь юм шиг аашлан, илүү дийлэнх болж хувьцаа нэмж авах арга сэдсэн байх нь тэр. 

ХУВЬЦААГАА ЗАРЧИХСАН ХҮНТЭЙ НИЙЛЖ, МАНАЙ ХУВЬЦААГ ДЭЭРЭМДЭХ АЖИЛЛАГАА ЭХЛЭВ

Үүнээс хойш Монголбанк гэдгээр нь зөвхөн Монголбанканд ажилладаг Ш.Баярсайхантай нэгдмэл сонирхолтой – тодорхой албан тушаалтнуудын талаар ярих болно. 

Яг л түүний ярьснаар, Монгол банкнаас  удаа дараа шахалт, дарамтууд ирж, тэрбээр бүр банкны үйл ажиллагааг зогсоож өгөх хүсэлт хүртэл  Монголбанканд гаргажээ.       

Гайхалтай нь Монголбанк энэ бүхнийг нь ёсоор болгосоор:

2019 оны зургаадугаар сард зээл, хадгаламжийн үйл ажиллагааг нь зогсоов. “Ариг” банк, санхүүгийн бүрэн чадвартай, зохист харьцааг маш сайн барьдаг БАНК тул банкны гол үйл ажиллагааг зогсоосон ч,  торсонгүй ээ…Ш.Баярсайхан 2019 оны наймдугаар сард “Ариг” банканд Монгол банкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилж өг гэсэн хүсэлт дахин өгчээ. Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилох хуульд заасан ямар ч үндэслэл бүрдээгүй байсан тул бид хуульчидтайгаа зөвлөлдөөд санаа зовсонгүй. Монголбанк хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой гэдэгт ч итгэж суулаа. Ш.Баярсайхан Бүрэн эрхт төлөөлөгч томилуулах хүсэлтээ 12 сард дахин гаргалаа, уг хүсэлтээ бүр УИХ-ын даргад (яагаад заавал энэ хүнд гэж?) хаяглажээ. 

2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монголбанкнаас “Ариг” банканд А/17 тоот тушаалаар  Бүрэн эрхт төлөөлөгч томиллоо.

Бүрэн эрхт төлөөлөгч нь  банкны дүрмийн санг нэмэгдүүлэх ажилд туслах, хэвийн үйл ажиллагааг хангахаар  ирж байгаа тухай тушаалд дурджээ. Бүрэн эрхт төлөөлөгч нь нэгдүгээр сарын 27-ны өдөр ирснээсээ хойш, “Ариг” банкны үйл ажиллагааг юун хэвийн явуулах, бүр эсрэгээрээ бүх үйл ажиллагааг маань зогсоолоо! Зээл олгохгүй, хадгаламж татахгүй, батлан даалт гаргахгүй болголоо. Бүрэн эрхт төлөөлөгч ч Ш.Баярсайханд илтэд үйлчилж түүний хүслээр нь ажиллаж эхэллээ. Эндээс л байдал бишдэж байгааг, миний итгэдэг шударга ёс, хуульт төр, хувь хүний ёс зүй гэдэг зүйлс уланд гишгэгдэж байгааг ухаарлаа. 

Ш.БАЯРСАЙХАНЫ ТУЛГАН ШААРДАЛТ 

2020 оны хоёрдугаар сарын эхээр бид уулзалдав. Ш.Баярсайхан надтай харьцахдаа их л итгэлтэйгээр “Та 60.5 хувийн хөрөнгөөрөө шатах уу? өөрөө л мэд! би бол 39 хувиар эрсдэл үүрч чадна! надтай эртхэн тохирчих? бүх зүйл миний талд байна! Та миний “Ариг” банк дахь хувьцааг 67 хувь болгож өсгөж өг!” гэж байх юм.

Би хариуд нь банкны үйл ажиллагааны хувьд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг тэргүүн эгнээнд байдаг. Чи ийм хууль бус үйлдлээр намайг далайлгаад, би чиний хүссэнээр байхгүй, боломжгүй. Би энэ банкийг байгуулаад 22 жил болж байхад, бүх ашгаа дүрмийн сандаа л хийчихдэг. Энэ банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдыг бод! Банк бол маш эмзэг салбар, чиний тоглоом биш гэдэг хариултыг хатуухан хэлээд авав.

Мань хүн ч мөчөөгөө өгөлгүй, би таныг гэр бүл, хань ижилтэй чинь шоронд суулгана! Таны цаг үе дууссан гэдгийг сайн ойлго! Та банкны үлдэх 33 хувийг л эзэмшихэд тэнгэрийн умдаг атгалаа л гэж бодоод баярлаж яв! гэдэг байгаа.

За ингээд:

Би ч Эрүүгийн цагдаагийнханд шалгуулаад эхэллээ. Дараа нь яллагдагчаар татуулаад найман сар өнгөрлөө. Гэтэл Ш.Баярсайхантай уулзаад удаа ч үгүй байсны дараа 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүнийг маань бас яллагдагчаар татлаа, бас хоёр хүүхдүүдийг  маань мөн яллагдагчаар татах санал гаргажээ!

Нээрэн л Баярсайханы хэлсэн үг биелэгдэж эхэлж байна даа гэж, арав гаран хоногийн дараа өөрийн эрхгүй бодогдлоо.

Энэ хугацаанд би ямар ихээр хэлмэгдэв ээ? Миний хэлмэгдүүлэлтийг эхнэр, хүүхдэд минь ч халдаах нь дээ! ….. арай ч үгүй байлгүй гэж бодсоор. 

Хуульч маань та шударга бусаар дээрэмдүүлж болохгүй ээ, та хэлмэгддэг юм аа гэхэд эхнэр, үр хүүхдүүдэд чинь огт хамаарахгүй тэдэнд битгий санаа зов гэж нүүр бардам хэлэхэд нь би ч үзэл бодлоо дагасан.

МОНГОЛБАНКНЫ ХУУЛЬ БУС ШИЙДВЭР БУЮУ ХАМТАРСАН ДЭЭРЭМД ХАНЦУЙ  ШАМЛАСАН НЬ 

Монголбанкнаас үйл ажиллагааг нь хязгаарласан болон Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос хойш “Ариг” банкнаас 58.1 тэрбум төгрөгийн хадгаламж татагджээ. Энэ тоог харахад: Монголбанкнаас “Ариг” банкны үйл ажиллагааг тогтворжуулах биш, хэвийн үйл ажиллагааг хангах ч зорилго нь биш, харин банкийг өөрийн гараар багалзуурдаж байгаагийн илэрхийлэл гэхээр байгаа юм.

Монгол банк нэг хувьцаа эзэмшигчтэй нь нийлж нөгөөг нь дээрэмдэн, банкны бизнесийг маань булаах ажил ил цагаандаа гарсан нь энэ салбарт эрс шинэчлэл хийх шаардлагатайг манай энэ жишээ тодхон харуулж, сургамж болон үлдэх байх аа!

Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчөө томилж, орой нь мэдэгдэл хийхдээ “Ариг” банк ямар ч асуудалгүй хэвийн” гэж хэвлэлийн бага хурал хийж байгаа нь, хэвийн банкруу захиалгаар орж ирж байгаагаа өөрсдөө барьж өгсөн хэрэг болсон гэж би ойлгож байна.

Ш.БАЯРСАЙХАНЫ ДУУСАШГҮЙ ШУНАЛ АЖИЛ ХЭРЭГ БОЛСОН НЬ

“Ариг” банкны хувьцаа эзэмшигчдийн хурал 2020 оны хоёрдугаар сараас хойш таван удаа хуралдахад манай талаас учраа олон ойлголцох гэсэн оролдлого бүрт Ш.Баярсайхан, гэр бүл үр хүүхдүүдтэйгээ шоронд орох уу, хувьцаагаа шилжүүлэх үү? гэдэг хоёрхон сонголт л надад санал болгосоор ирлээ!

Монгол банк 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 16/24 тоот Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж БЭТ-ээс Ш.Баярсайханд тодорхой хувьцааг хүчээр шилжүүлэх байдлаар хувьцаа эзэмшигчдийг тохиролцуулах гэж удаа дараалан санал гаргасан.  Би үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байна гэсний төлөө эцэстээ Монголбанкнаас миний “Ариг” банканд эзэмших хувьцааны эрхийг түдгэлзүүлж, уг эрхийг Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчдөө шилжүүллээ! 

Тэдний хүсэл “Ариг” банкны 67 хувийг авах дээрэм ийнхүү дээд цэгтээ хүрлээ.    

Банкны мэдээлэл нийтэд ил тод, хүн бүхэнд нээлттэй байдаг тул та бүхэн анхааралтай цаашдын үйл явцыг ажиглаж байгаарай. Монголд, төрийн оролцоотойгоор бизнесийг булаадаг гэж нэгэн цагт Нямбаатар гишүүн /MN25 ТВ/ ярилцлага өгч байсан явдал ийнхүү миний амьдралд бодитоор тохиолдоод байна. Итгэхийн аргагүй нөхцөл байдал.

Энэ бүхний эцэст үнэн ялж, тодорхой хугацааны ард “Ариг” банкны үйл ажиллагаа улам бүр сэргэж, 22 жилийн турш бий болгосон нэр хүндээ улам тодруулж, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн банк хэвээр байна гэдэгт, Монгол Улсын төв банк хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргана гэдэгт, хууль шүүхийн бүх шатанд шударга ёс ялна гэдэгт бид итгэлтэй байна. 

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.