Comment.mn

Монгол эр хүнийг зөвхөн тавь хүртэл наслахаар хүмүүжүүлдэг

Сая цэргийн баяр болоод өнгөрлөө. Нэршил, түүхийг нь харвал цэргийн алба хаагчдын, зэвсэгт хүчнийхний баяр гэж ойлгогддог ч яг үнэндээ эрчүүдийн баяр л даа. Монголчууд ийм агуулгаар тэмдэглэсээр өнөөг хүрсэн, цаашид ч тэгэх биз.

Хэдхэн хоногийн өмнө болоод өнгөрсөн эрчүүдийн баяраар цацагдсан нэг асуудал анхаарал татлаа л даа. Эрчүүд эмэгтэйчүүдээс арван насаар бага насалдаг гэсэн мэдээлэл. Монгол эрчүүдийн ихэнх нь яагаад тавь хүртэл наслахгүй байна вэ? Судалгаа энэ тэр гэсэн нарийн ширийн юм алга. Нүдэн дээр ил байгаа зүйлсийг эргэцүүлж бодсоноо л хэлье. Эр хүнийг хүмүүжүүлж байгаа бидний арга барилаас л бүх зүйл шалтгаалаад байх шиг. Түүнээс монгол эр хүн тийм ч хэврэг амьтан биш гэдэг нь хэтэрхий ойлгомжтой хэрэг. Биологийн утгаараа хүн хэдий наслах боломжтой тэр бүх боломж монгол эр хүнд бий.

Эрэгтэй хүүхэд төрөхөөр бид яаж хөөрдөг билээ. “Эх орноо манах цэрэг эр төрлөө” гэцгээдэг. Яг энэ ойлголт, хандлагаас аав, ээжүүдийн буруу хүмүүжил эхэлдэг. Цэрэг эр болох хүн хүчтэй чадалтай байх ёстой гэж сургахаас биш өрхийн тэргүүн болгох ухааныг чиглүүлж өгдөггүй. Хань ижил, үр хүүхэдтэй болно гэдгийг нь багаас нь ухааруулж, үрдээ нөмөр түшигтэй, ханьдаа халамж ивээлтэй аж төрөх ухаанд сургадаггүй. Цэрэг болно, хүчтэй байх ёстой л гэж сургасаар ирсэн.

Дайтах хүн ямар хүмүүжил авах нь дэндүү тодорхой. Хатуу хөтүү, өрөвдөх хайрлах сэтгэлгүй, хүний амь хөнөөх, бусдын өмнөөс мэс далайхаа юман чинээ бодохгүй сэтгэлгээтэй хүн болж төлөвшинө. Баатарлаг үйл явдалд дуртай, учир утгагүй тэмцэлдээн тулаанд дурласан нэгэн л болно. Наад зах нь л “Яагаад л эм хүн шиг усан нүдлээд байгаа юм. Эр хүн уйлж болдоггүй. Жинхэнэ эр хүн чинь зоригтой, дайчин байх ёстой” гэж ирээд загнаж зэмлэдэг аав, ээж өчнөөн. Эр хүн яагаад уйлж болохгүй гэж, ялгаагүй л хүн. Эр хүн уйлж болохгүй гэсэн хандлага бол хүн байх, хүнлэг орших, зөв ухаалаг аж төрөх ухааны эсрэг зүйл. “Эр хүн байж ийм жижигхэн хулганыг гишгэчихэж чадахгүй, эр хүн байж тэр муу жаахан хүүхдэд дийлдээд байхдаа яадаг юм” гэж загнаж зандчуулж өссөн хөвгүүд ямар эр хүн болж төлөвших вэ? Хэнийг ч хайрладаггүй нэгэн болж төлөвшинө. Зүй нь бусдыг хайрлаж байж л бусдаар хайрлуулж амьдрах нь хүний орчлонгийн жам. Бүр цаашлуулж ухвал бусдыг хайрлах ухаан өөрийгөө хайрлахаас эхэлнэ ч гэдэг. Хөгжилтэй орнуудын бага насны хүүхдүүддээ зааж сургадаг зүйлсийг анзаарах нь ээ эхлээд өөрийгөө хайрлах ухаанд сургадаг юм билээ. Өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэлж, өөрийнхөө гэмийг ухаарч ойлгож сурсан хүүхэд бусдад мөн л тийм сэтгэлээр ханддаг хүн болж төлөвшдгийн захын жишээ нь Япон.

Хөвгүүддээ “Болно оо болно, энүүхэн төдийд эмзэглээд байхдаа яахав дээ. Болоогүй юмны хойноос битгий гоншигноод бай” гэж хэлж яваа хүмүүс өчнөөн. Аав, ээжүүдийн ийм хандлага юуг ч төлөвлөж мэддэггүй эрчүүдийг бий болгодог.

За тэгээд хөвгүүддээ үлгэр дуурайл болгох гэж ярьж жишээлдэг хүмүүсийн жагсаалтыг бөхчүүд тэргүүлнэ гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Ер нь л бид хөвгүүддээ хүчтэй чадалтай, булчинтай шөрмөстэй хүмүүсийг бахдах шагших сэтгэлгээг багаас нь суулгачихдаг. Мэдээж ямар ч эцэг эх хөвгүүдээ ухаалаг мундаг, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн өндөр боловсролтой хүн болгохыг хүсдэг. Гэхдээ хөвгүүддээ ханддаг бидний энэ мэт хандлага яг үнэндээ өөр хүмүүсийг бий болгоод байна. Хүч чадал гэдгийг булчин шөрмөс гэж ойлгосон, булчин шөрмөстэй хүн харахаараа хүчтэй удирдагч гэж төсөөлсөн, асуудлыг шийдэх гарцыг хүч хэрэглэх гээд ухаарчихсан олонх аав, ээжүүдийн хөвгүүдээ хүмүүжүүлэх арга барилаас төрөөд байна.

Хатуухан хэлэхэд, бид хөвгүүдээ хар багаас нь ажил хөдөлмөрт дурлуулж, эрийн цээнд хүрэхээрээ өрх гэр, улс орноо удирдаж, авч явах ёстой гэсэн ухаанд сургаж чадахгүй байна. Их удаж л “Миний хүү том дарга, том захирал болно. Өчнөөн хүнийг араасаа дагуулсан мундаг хүн болно” гэх маягтай үг хэлж хөөргөхөөс хэтэрдэггүй. Бараг л арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарах их баатар болгох ухааны юм ярина. Орчин цагийн нийгэмтэй огт зохироогүй ийм арга барил, үзэл хандлагаасаа татгалзаж байж л жинхэнэ эр хүнийг өсгөж хүмүүжүүлэх асуудал яригдана гэдгийг юмны наана цааныг гадарладаг захын хэн ч хэлнэ.

Цааш нь яривал хөвгүүдээ буруу хүмүүжүүлж байгааг нотолсон хандлага, сэтгэлгээний олон жишээ дурдаж болно. Эцэст нь хэлц шахуу болсон, хөвгүүдийн багаасаа сонсож өссөн нэг үгийг онцлоод жишээгээ дуусгая. “Хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэх” гэсэн үгийг сонсоогүй өссөн хүн үгүй байх. Багаас сонсож өссөн үлгэрт хүртэл гардаг санагдана. Баатарлаг эрчүүд тойрч суугаад нэг иймэрхүү байвал л сүртэй хүчтэй харагдана гэсэн ойлголт, төсөөллийг үлгэр энэ тэрээр дамжуулаад хөвгүүддээ хар багаас нь суулгаж, өнөөдүүл нь өсч томрохоороо нэг тиймэрхүү болхидуу төсөөлөл баримжаатай болчихсон яваа тал анзаарагддаг.

Хөвгүүдээ ингээд өсгөчихөөр ямар эрчүүд бий болдог вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Түрүүн хэлсэнчлэн хүнийг хайрлах сэтгэлгүй, төлөвлөлт төлөвлөгөөгүй, өрхийн тэргүүн ямар байх ёстой талаарх ухаан чиггүй эрчүүд бий болоод байна. Онцолж хэлэх бас нэг зүйл байна. Товчхондоо бид хөвгүүдээ нэг удаагийн л сэтгэлийн хатад тэсч үлдэхээр хүмүүс болгочихож. Нэг удаагийн үйл явдалд хачин баатарлаг сүр хүч үзүүлдэг эрчүүд олон байдаг нь цаанаа ийм учиртай байж магадгүй.

Гэтэл хүний амьдрал гэдэг хэдэн арванаар үргэлжилдэг, нэг саадаас нөгөө саадыг давж байж тэнцвэрээ хадгалдаг адармаатай оршихуй. Саадыг давж чадахгүй бүдэрсэн л бол сэхэл аваад өндийхөд их хүч шаарддаг хэцүү орчил. Учирсан саад бүрийг даваад гарах ухаантай хүн л үр хүүхэд хань ижилтэйгээ жаргал дүүрэн сэтгэл тэнүүн аж төрдөг жамтай. Нэг удаагийн сэтгэлийн хаттай өсч хүмүүжсэн эрчүүд амьдралын урт хугацаанд тасралтгүй үргэлжлэх сорилтуудаад буугаад өгчихдөг жишээ захаас аваад замаар нэг байна. Бууж өгч бултаж зугтахаараа бор дарсанд дурладаг, сэхээтэй зарим нь амьдралаа үргэлжлүүлж, сэхээгүй нь хатуу идээнд живээд төгссөн түүх өчнөөн бий. Архи уусан хүн урт насалдаггүй гэдгийг бид мэдвэл мэдэхээр олон жил архидацгаалаа. Эрчүүлийн богино насалж байгаа ганц юм энэ архидалт. Үүнээс л бүх өвчин зовлон, хавдар, аваар осол эхтэй. Тэгэхлээр бид эрчүүдээ ердөө 50 хүрэхтэй үгүй наслахаар л хүмүүжүүлж байгаа юм биш үү.

Эрчүүдийн нас богинохон байна гэсэн эмзэглэлийг бодит ахуйтай уяад ажихаар ийм л учиртай байх гэсэн багцаа таамаг төсөөлөл төрж байна. Сэтгэл зүйчид илүү гүнзгий тайлбар, тодорхой шалтгаанууд хэлэх байх.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.