Ийм хүн Газрын албыг гартаа атгасаар байх уу?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд  Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүрийг  гардуулж өглөө.

  Тэрээр “…Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно”, мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах”, “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, “Төрөөс цахим хэлбэрээр хүргэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх” зэрэг ажил тусгагдсан” гэж хэлэв.

Үүнээс эхлээд нийслэлийн иргэдийн газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар гомдол санал байнга гардаг. Явсаар Газрын алба заавал ийм хэл тамтай байх ёстой гэсэн ойлголтыг ард түмэнд, тэр бүү хэл дарга нарын тархинд суулгаад авчээ.

Гэхдээ Газрын алба хэл амгүй, хэрүүл уруулгүй ажиллаж болж л таарна. Ингэхийн тулд эхлээд энэ албыг толгойлж байгаа хүн нь нэр цэвэр, улс төрийн нам, улстөрчийн хараат бус байх ёстой.

Тэгвэл Нийслэлийн газрын албыг өнөөдөр толгойлж байгаа Э.Болорчулуун ийм тодорхойлолтод багтчих гээд байдаг намтар түүхтэй юм.

Түүний тухай хэвлэлүүд чамгүй олон удаа бичиж байжээ. Э.Болорчулуун нь 2015 онд Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргааар ажиллаж байхдаа хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ Зуун модны зуслан дахь 700 м2, Бурхантын аман дахь 10000 м2 болон эхнэр Д.Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй Зуун модны зуслан дахь 700 м2, Тахилтын 700 м2, Чингэлтэй дүүрэг дэхь үйлчилгээний зориулалттай 450 м2 зэрэг таван байршил дахь газрыг мэдүүлэлгүй нуун дарагдуулсан гэжээ. АТГ-аас түүний уг үйлдлийг олж илрүүлэн шалгах болоход тэрбээр тамгаа аваад алга болсон. Тиймээс түүнийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх заалт буюу  нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах заалтын дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон байна. Гэтэл тэрбээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөх үед усанд хаясан чулуу шиг алга болоод бараг сар гаруй болж байна гэж тэр үеийн хэвлэлүүдэд бичиж байв.

Үүний дараа Э.Болорчулуун мэдээллийн нэгэн сайтад “…Миний талаар бичсэн мэдээллийг олж уншсан. Яагаад ийм ор үндэслэлгүй мэдээлэл гарах болсныг би хувьдаа гайхаж байна. Худал, гүтгэлэгийн чанартай мэдээлэл яваад байгаа учраас энэ мэдээллийг гаргаж байгаа газруудыг холбогдох байгууллагуудад нь шалгуулна. Нурууны гэмтлийн улмаас долоо хоног эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Гэтэл хэвлэлээр сар гаруй алга болсон гэж бичжээ. Надад тэр тамгийг аваад зугтаад байх шаардлага байхгүй. Тамга байдаг, байх ёстой газраа байж байгаа. Өөрөөр хэлбэл, миний ажлын өрөөнд байгаа. Зуун модны зуслан дахь 700 м2, Бурхантын аман дахь 10000 м2 болон эхнэр Д.Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй Зуун модны зуслан дахь 700 м2, Тахилтын 700 м2, үйлчилгээний зориулалттай 450 м2 зэрэг таван байршил дахь газрыг мэдүүлэлгүй нуун дарагдуулсан гэдэг асуудлыг гайхаад байгаа юм. Наад асуудлаар чинь Сүхбаатар дүүрэгт өргөдөл гаргаж миний нуун дарагдуулсан гээд байгаа хөрөнгийг гаргаад ир гэсэн, бас АТГ-т өргөдөл гаргаж өөрийгөө дахин шалгуулна. Шүүх байгууллагаар гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа хүмүүсийг гэм буруутай мэт бичээд байгаа хэвлэл мэдээллийнхэн та бүхэн гаргаж буй материалдаа бага ч болов цэнзүүртэй хандах хэрэгтэй байх. Шалгаж байна гэдэг чинь гэм буруутай нь тогтоогдсон юм биш шүү дээ. Энд бас нэг зүйл хэлье, ажил үүргээс чөлөөлөх албан бичиг над дээр ирээгүй байгаа” гэж байсан юм. Гэхдээ тэрээр АТГ-т хэлсэн ёсоороо шалгуулсан эсэх нь тодорхойгүй үлдсэн юм. Юутай ч тэндээс гараад НМХГ-ын дэд даргаар томилогдсон. Тэгж байгаад 2016 оны Орон нутгийн сонгуулийн дараа Нийслэлийн Газрын албаны даргаар томилогдсон юм.

Түүнээс хойш ч албаа хэл амтайхан хашиж яваа дуулддаг. АН засаглаж буй Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Газрын албаны асуудал хааяа манддаг. Үүнээс гадна хоёр сарын өмнө нэгэн сонин дээр иргэн Д.Дагийрмаагийн Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэр Монгол кино нэгтгэлийн хойд талд 107 метр квадрат бүхий газрын талаар бичсэн байна. Э.Болорчулуун дарга тэр газартай нь холбогдсон юм байх. Дэлгэрүүлбэл, “…иргэн Д.Дагийрмаа тэндээ 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд газар эзэмших гэрчилгээгээ 2010 оны үед дүүргийн Газрын албанаас авсан байдаг. Гэтэл “Сажа бандида” хийдийн барилга зэргэлдээхэн баригдах үеэс уг хийдийн тэргүүн Отгонбаатар лам иргэн Д.Дагийрмаагийн газрыг булааж авахаар санаархаж эхэлсэн байна. Тэрбээр энэ санаагаа гүйцэлдүүлэхийн тулд төрийн байгууллагын танил талаа ашиглаж газар эзэмших зөвшөөрлийг нь цуцлуулж дөнгөсөн байдаг. Гэтэл уг шийдвэр нь хууль бус үйлдэл болох нь илчлэгдэж улмаар нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл 2016 онд газрын эзэмших эрхийг дахин сэргээжээ. Гэвч асуудал ингээд дууссангүй.
Хийдийн тэргүүн Отгонбаатар нэр бүхий хүмүүстэй үгсэн хуйвалдаж, газрын зөвшөөрлийг нь цуцлуулахаар дахин санаархаж эхэлснээр нийслэлийн Газрын албанаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-21.2.4 болон 21.5.3-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсноо энэ оны есдүгээр сарын 26-ны өдөр мэдэгджээ. Уг асуудлаар иргэн Д.Дагийрмаа нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд удаа дараа хандсан боловч хүлээж авахаас татгалзаж, гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй гэж мэдэгджээ. Угтаа дээрх захирамжийг нийслэлийн Засаг дарга эсвэл Ерөнхий сайд цуцлах эрхтэй атал нийслэлийн Газрын албаны дарга юуны учир ийнхүү хууль зөрчсөн үйлдэл гаргасан бэ гэдгийг дараагийн сурвалжлагаараа дэлгэрэнгүй хүргэх болно” гэж бичсэн байдаг юм.

Э.Болорчулуун даргын тухай энэ мэт мэдээлэл олон. Бүгдийг нь түүж цуглуулбал томоохон боть болж магад. Эцэст нь, зарчмын нэг л асуудал байгаа юм. Бүгдээрээ тэгш шударга амьдаръя гэвэл, хэнд ч илүү үйлчилдэггүй, авлигаас ангид Газрын албатай болъё гэвэл эхлээд даргаа солих нь зөв юм. Иргэд эргэлздэггүй хүн энэ Газрын албыг даргалах ёстой гэсэн үг. Эсвэл “…Надад эргэлзэх хэрэггүй” гэдгээ Э.Болорчулуун дарга олон нийтэд тайлагнаж, зарлах хэрэгтэй юм.

Б.ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/

1 comments

Луйвардсан газрынхаа гаваар орморууд вэ.Чингэлтэйн Газрын албанд байсан Энхээ гэдэг авгай манай 40 жил гарсан зуслангийн минь газрыг хүнтэй нийлж луйвардсан муухай авгай.Олон хүний хараал идсэнээрээ амьдрал нь тогтворгүй замбараагүй байдаг гэсэн

Comments are closed.