Comment.mn

Ч. Улаан: Газрын тос боловсруулах үйлдвэр Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаа​

-Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор олон жил ярьж байгаа. Үе үеийн Засгийн газар энэ ажлыг хийхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгадаг ч өнөөдөр бид нэг ч үйлдвэртэй болоогүй л байна?

-Нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудал манай улсын стратегийн гол зорилтын нэг мөн. Бид нефтийн бүтээгдэхүүнээрээ 100 хувь гадаад улаас хамааралтай байгаа шүү дээ. Монгол Улс өөрөө тодорхой хэмжээний нефтийн түүхий эдийн нөөцтэй. Хэрэглээгээ хангачих хэмжээний түүхий эдийн орд газрыг илрүүлчихсэн байгаа. Тиймээс хэрэглээгээ хангачих хэмжээний үйлдвэр байгуулах нь тулгамдсан амин чухал зорилт гэж бий хувьдаа бодож байна.

Та УИХ-ын гишүүнээр олон удаа сонгогдсон, бас сангийн сайд байсан хүний хувьд үр ашгийг хэр байх бол гэж харж байгаа вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг бид сүүлийн 20 жил ярьж байгаа ч өнөөдөр ажил хэрэг болчихсон нэг ч зүйл алга. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудалд хугацаа нэлээд алдаж байна. Үйлдвэр байгуулах ажлыг аль болох түргэн шийдэх нь Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулахад шийдвэрлэх ач холбогдолтой асуудал байгаа юм.

Энэ асуудал хэд хэдэн удаа шийдэгдэхэд их ойрхон очсон боловч учир битүүлэг шалтгаанаар хэрэгжээгүй. Тухайлбал, Японы Засгийн газартай хамтарч нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар үйлдвэрийн зураг төсөл гаргаж, санхүүжүүлэх асуудлыг шийдэж бодитой ажил болдгийн даваан дээр нурж унасан байх жишээтэй. Тиймээс үйлдвэр байгуулах ажлыг нураахгүйн тулд маш тодорхой ажиллаж, ойрын хугацаанд дотоодын хэрэглээгээ хангачих хэмжээний үйлдвэртэй болох нь хойшлуулшгүй зорилт мөн гэж бодож байна. Ашиг тус асар их шүү дээ.

-“Төр бол муу менежер” гэж хэлц үг шахуу үг байдаг. Тэгвэл Засгийн газраас үйлдвэр барих 100 хувь төрийн өмчит компани байгуулах, компанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар болсон. Төрийн өмчит компани байгуулснаар энэ ажил удаашрах вий дээ?

-Үйлдвэр байгуулахын тулд Засгийн газар ямар арга замаар ажиллах гэж байгааг бид эндээс зааж хэлж, зурж болохгүй. Тийм “жор” байхгүй. Төрийн өмчит компани байж болно. Хөрөнгө оруулалтыг нь төр өөрөө шийдэж байгаа бол төрийн өмчит компани байхаас өөр аргагүй. Хувийн өмчит компани байх бол ямар оролцоотой байх уу гэдгээ шийдэх байх. Ер нь бол Засгийн газар өөрөө тоглоомын дүрмээ тодорхой болгох учиртай. Эцсийн эцэст Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр бий болсон байх нь чухал.

“Төр бол муу менежер” гэдэг бол төрийг сайн ажиллуулж чаддаггүй бидний зуршил. Түүнээс төрд тэргүүний сайн менежер зөндөө байгаа. Харамсалтай нь төрийн төлөө сайн ажиллахгүй болчихсон шүү дээ. Тиймээс л төрийн компаниудыг ашигтай ажиллуулж чадахгүй удлаа. Энэ бол цэвэр бидний дотоод асуудал, удирдлага, менежмент, зохион байгуулалтын асуудал гэж бодож байна. Түүнээс төрийн өмчит компани болохоор нурж унадаг, хувьд очихоороо “цэцэглэдэг” ч юм биш.

-Ашигтай ажиллуулахын тулд бид юуг анхаарах хэрэгтэй юм бол?

-Нефть боловсруулах үйлдвэр бол өндөр үр ашигтай төсөл байдаг. Тиймээс үр ашигтай, сайн л ажиллуулах нь чухал. Мөн санаачлагатай шуурхай ажиллахыг л анхаарах хэрэгтэй.

-Нефтийн үйлдвэрийг дагаад олон жижиг, дунд үйлдвэр бий болох боломжтой нь олон улсын практикаас тодорхой харагддаг. Тэгвэл таны хувьд аль чиглэлийн үйлдвэр бий болоосой гэсэн хүлээлт байна вэ?

-Үүнд бэлэн “жор” байдаггүй юм. Боловсруулж буй түүхий эдийн онцлог, технологиос шалтгаалж хичнээн төрлийн бүтээгдэхүүн гарах уу, хэрхэн боловсруулах уу гэдэг нь ТЭЗҮ-ээр тодорхой болдог асуудал. Одоо яригдаж байгаа үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хараахан бидэнд танилцуулаагүй байгаа. Тиймээс би хэлж мэдэхгүй байна. Болж өгвөл иж бүрэн боловсруулалттай үйлдвэр байх нь зүйтэй гэж боддог.

-Нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь Үндэсний аюулгүй байдлын баталгаа болно гэдэгтэй санал нийлэх үү?

-Тийм. Бид нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь гадаадаас авч байна. Хэрэв бидэнд ямар нэгэн эрсдэл тохиолдоход хөрсөн дээрээ л бууна гэсэн үг. Энэ байдлаас гарахын тулд боловсруулах үйлдвэртэй болох л хэрэгтэй. Тэгэхээр аахар шаахар асуудлаар, учир битүүлгээр үйлдвэр барих асуудлыг хойшлуулаад байх нь манай улсын эрх ашигт нийцэхгүй.

-Сүүлийн 20 жилийн сонгуулийн амлалт нефть боловсруулах үйлдвэр байсан. Тэгвэл Ж.Эрдэнэбат сайд энэ том төслийг хэрэгжүүлж чадах болов уу?

-Чадах, чадахгүйг нь хэлж мэдэхгүй ч би хийгээсэй гэж хүсч байна. Зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл. 2000 оноос хойших бүх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нефть боловсруулах үйлдвэртэй болно гэж байгаа. Харин өнөөдөр болоогүй л байна. Бид ярихаас цаашгүй байна гэдэг нь ойлгомжтой биз дээ.

Өнөөдөр боловсруулах үйлдвэртэй болохыг хориод Ерөнхий сайдыг хүчгүйдүүлээд, сориод байгаа хүчин Монголд байхгүй гэж бодож байна. Монгол Улс нийтлэг эрх ашигтай, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолоо батжуулах зорилгод бүгд нэгддэг. Тэгэхээр энэ ажлыг зогсоох сонирхолтой улстөрч, улс төрийн хүчин байхгүй гэж бодож байна. Ганцхан бид бодит ажлаа хийж чаддагүйгээс болоод энэ асуудлыг шийдэхгүй байгаа юм шүү дээ.

-Боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Наандаж жил бүр гадагш урсдаг их хэмжээний валют Монголд үлдэнэ. Энэ хэрээр манай улсын валютын нөөц нэмэгдэж, зээлжих зэрэглэл нь наашилж, үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийх бололцоо нэмэгдэнэ. Валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ ханш тогтворжино. Хүнээс хараат биш болно гэдэг ойрын болон холын маш олон эерэг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, эдийн засаг бүхэлдээ сэргэхэд эерэг нөлөө үзүүлнэ шүү дээ. Мөн бид ажлаа зөв зохион байгуулаад хийж чадвал эдийн засгийн хувьд үр ашигтай байдаг нь дэлхий дахинд нотлогдчихсон салбар.

-ОХУ манай улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний 98 хувийг дангаараа хангаж байгаа нь манай улсын үндэсний аюулгүй байдлын эмзэг тал болж байгаа. Тэгвэл биднийг нефть боловсруулах үйлдвэртэй болоход тэд хэрхэн хандах бол?

-Оросын тал нэг их дургүйцэхгүй байлгүй дээ. ОХУ-ын нефтийн салбарын үйлдвэрлэлийг манай улсад одоо бий болох гэж буй үйлдвэрлэлтэй харьцуулахад нөлөө үзүүлэх хэмжээний өөрчлөлт гарахгүй. Тэгээд ч улс өөрийнхөө түүхий эдэд түшиглэн дотоодын үйлдвэр байгуулах гэж байхад тэд юу хэлэв гэж. Тийм биз дээ. Тиймээс энэ бол монголчууд бидний дотооддоо шийдэх ёстой л асуудал.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Миний дүү насаараа худлаа ярьсан санагдана. 20 гаран жил үлгэр ярьсан даа ? Одоо битгий дахин, дахин хоолой хорсом, чих дүлийртэл ахин битгий ярьдаа?

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.