Comment.mn

Ц.Мөнх-Оргилд сайдын суудалд санаархах ёсзүй бий гэж үү


МАН энэ удаагийн сонгуульд үнэхээр үнэмлэхүй ялалт байгууллаа. Ганц нэг тойргийн маргаан байгаа ч энэ удаад сонгуулийн дүнг ард түмэн ч, сөрөг хүчин нь ч хүлээн зөвшөөрлөө.Юун 2008 оны зургадугаар сарын 30. Тэр өдөр тухайн үеийн МАХН 45, Ардчилсан нам 28 суудал УИХ-д авч байлаа. Харин маргааш нь Монголын түүхнээ хар өдөр хэмээн тэмдэглэх болсон долдугаар сарын 1-ний үймээн самуун болсон юм. Монгол Ардын нам албан ёсоор төр барьж, Засгийн газрын тэргүүнээр хуучнаар МАХН буюу одоогийн МАН-ын дарга асан С.Баяр, Хууль зүйн сайдаар Ц.Мөнх-Оргил , УИХ-ын даргаар Д.Лүндээжанцан  ажиллаж, Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр “тухалж” байсан билээ. Үндсэндээ МАН төрийн толгойд бүрэн бүрэлдэхүүнээрээ заларч байв.

Гэвч тэд иргэдийнхээ өөдөөс Монголын төр, Монголын цагдаа буудаагүй гэж тэд ард түмнээ хуурсаар, жинхэнэ үнэнг нууцалсаар байсныг мартаж болохгүй. Таван хүний амь нас хохирсны ард цагдаагийн сумны хонгио олдсон ч МАН-ын засаг “үгүй” гэж толгой сэгсэрсээр байсныг ард түмэн мартаагүй байна.
“Үймээний үед цагдаа иргэдийг буудаагүй. Хэрвээ буудсан байвал би хариуцлага хүлээнэ хэмээн албан ёсоор МАН-ын дарга байсан, Ерөнхий сайд асан С.Баяр мэдэгдэж байсан нь өнөөдөр ч хэвлэлийн шарлаж амжаагүй хуудсанд бий. Цагдаагийнхан иргэдийнхээ өөдөөс зэвсэг хэрэглэсэн, бүүр таван хүнийг буудаж хороосон нь тогтоогдож, цагдаагийн дарга нар хариуцлага хүлээж,  шоронгийн хаалга татсан. Харин тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд байсан С.Баяр нар ямар ч хариуцлага хүлээгээгүй.

Өөрөөр хэлбэл ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан.   Харин Долдугаар сарын 1-нд хохирогчдын холбоо байгуулагдаж, тэд Цагдаагийн дарга нараас илүүтэйгээр тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр болоод Хуульзүйн сайд Ц.Мөнх-Оргил нарыг буруутай хэмээн мэдэгдсээр байгаа билээ. Ардын намын зүгээс эдгээр албан тушаалтандаа хариуцлага хүлээлгэх нь байтугай, хаацайлан өмгөөлж байсан юм.  Харин 2012 оны сонгуулийн өмнөхөн Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой намын дарга нартай хийсэн уулзалтынхаа протколыг дэлгэсэн бөгөөд үүгээрээ МАН, АН-ыг сонгуульд бүрэн унагана гэсэн итгэлтэй байв. Гэвч тэрээр ердөө хэд хоногийн дараа өөрөө урьдчилан хорих төв рүү ачигдсан билээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 2009 онд хэд хэдэн удаа энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-д нээлттэй сонсгол тавих нь зүйтэй гэж байсан боловч МАН-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байсан гэдгээ 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэд хэдэн удаа хурал зөвлөгөөн дээр хэлж байсныг сануулах хэрэгтэй биз. Дөрвөн жилийн өмнө энэ хэргийг иргэд мартаагүй учраас Ц.Мөнх-Оргил болоод МАН-ыг цөөнх болгосон. Харин энэ удаагийн сонгуулийн дүнгээс харвал долдугаар сарын 1-ний хэрэг мартагдаж эхлэв бололтой.

Ямартай ч Ц.Мөнх-Оргилыг УИХ-ын гишүүний сэнтийд залав. Түүгээр ч барахгүй  Хуульзүйн сайдад ч түүний нэр яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Магадгүй МАН түүнээс хариуцлага, ёс зүй нэхэж чадахгүй бол ард түмэн тэр тусмаа 2008 оны долдугаар сарын 1-нд хохирсон хэдэн зуун иргэн, таван халуун амиа алдсан ар гэрийнхэн нь хариуцлага нэхэх буй за. Харин С.Баярын хувьд “зодог тайлсан” гэдгээ нэгэнт хэлчихсэн учраас улс төрд ил гарч ирэхгүй нь тодорхой биз. Магадгүй хэн нэгнийг кнопдож мэдэх ч ил гарахгүй. Учир нь тэр өөрийгөө “жинхэнэ” улстөрч гэдэгт итгэдэг.

МАН ёс зүйтэй хариуцлагатай, улс төрийн өндөр соёлтой нам хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг. Тиймээс энэ удаад 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрийг мартаагүй гэдэгт итгэе.

Эх сурвалж: www.assa.mn

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.