Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах асуудал удаан хугацаанд маргаан дагуулсан ч өнөөдөр дуудлага худалдаанд 24 тэрбум төгрөгөөр зарагдлаа. Дуудлага худалдаанд Капитрон банк, Таван Богд Трейд, “Bluemon” ХХК болон хувь хүмүүс оролцсон юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэхдээ анхны үнийг 7 тэрбум 155 сая төгрөг хэмээн зарласан юм.
Энэ талаар Өмчийн харилцааны газрын холбогдох мэргэжилтнүүдээс лавлахад Абдул Каримыг Монгол Улсын иргэн хэмээн батласан бөгөөд одоохондоо тус барилгыг ямар зориулалтаар ашиглах талаар мэдээлэл алга байна.
Уг барилга “Улаанбаатар таймс” сонины харьяанд байсан ч МАН-ын дарга М.Энхболдыг Нийслэлийн захирагч байх үед менежментийн хувьчлалд оруулж улмаар энэхүү хувьчлал шударга бус болсон гэх гомдлын мөрөөр “Улаанбаатар таймс” сонины Ерөнхий эрхлэгч асан До.Чулуунбаатарыг ганц худагт хорьж, нөлөө бүхий хэд хэдэн хүнийг байцааж байсан удаатай. Нэгэнт л хувьчлалын ажилд будилаан орсон нь тогтоогдсон учир 2011 оны тавдугаар сард нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувьчлалыг цуцалж, дахин тендер зарлахаар болсон нь удаан хугацаанд хойшилж өнөөдөр ийнхүү зарагдлаа.
Дуудлага худалдаагаар зарагдсан газрын талаарх товч мэдээлэл:
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2698 м2 эзэмшил газартай.
Эх сурвалж: Time.mn
Абдул Карим гэгч хэн бэ???