Comment.mn

Гадаад харилцааг цогцоор нь явуулах хэрэгтэй

 

 

Сайдын цаг уулзалтад өчигдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож Монгол Улсын гадаад харилцааны салбарт хийсэн ажил, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Гадаад хэргийн сайд мэдээллийнхээ эхэнд төрийн өндөр түвшний олон айлчлал дараалан болж байгааг онцолсон юм.

 

Тухайлбал Мьянмарын гадаад харилцааны сайд өчигдөр айлчилж байгаа бол маргааш Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд анх удаа айлчилна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Эмират руу албан ёсны айлчлал хийхээр явж байгаа бол Ерөнхийлөгч Япон руу ажлын айлчлал хийхээр төлөвлөснийг дурдсан.

 

Тэрбээр “Би Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын гадаад бодлогын зөвлөхөөр 10 жил ажилласан. Тэр хугацаанд олон хүн “Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл юу байна вэ” гэж асуудаг байсан. Хүмүүс голдуу буруутнаа гаднаас хайдаг. Орос уу, Хятад уу аль нь илүү аюул учруулдаг вэ гэж асуудаг. Би нэг л зүйлийг хэлдэг. Энэ хоёроос хамаарахгүй. Нэгдүгээр зэргийн нөлөөлөх зүйл бол дотоодын эв нэгдлийн асуудал. Дотооддоо эв нэгдэлтэй байж, гадаадад нэг цонхоор, нэг амаар ярьж байж гадаад бодлого маань амжилттай болно. Өмнөх засгийн газар биш, тэрний өмнөх, өмнөх засгийн газрууд ч гэсэн гадаад бодлогыг нэг цонхоор явуулах асуудалд алдаа гаргаж байсан. Ялангуяа хоёр хөрштэй харьцдаг асуудал дээр ихээхэн хэмжээний алдаа, дутагдал гарч байсан. Гаднынхны олз болно гэсэн үг шүү дээ. Сайд нар нь өөр юм ярина, УИХ-ын гишүүд нь өөр, өөр байр суурь илэрхийлнэ. Иймэрхүү алдаа гарч байсан учраас нэг цонхны бодлогыг баримтална гэсэн зорилтыг ажлаа аваад эхний өдрөөсөө тавьсан” хэмээсэн.

 

Тэрбээр бидэнд нэгдсэн бодлогогүй явж ирсэн гашуун туршлага байгааг сануулсан. Өөрөөр хэлбэл Хятадаас авсан 300 саяын иенийг Монголын тал юунд авах вэ гэдгээ таван удаа өөрчилсөн удаатай гэнэ. Тодруулбал, шинэ сайд, шинэ Засгийн газар гарахаар өмнөхөө үгүйсгээд, Хятадын тал сүүлдээ ойлгохоо больсон аж. Тиймээс салбарын сайд хамгийн их алдаа гарч байсан Орос, Хятад хоёр дээр анхаарч Монгол, Орос, Монгол Хятадын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дарга нь хуучин шадар сайд байсныг өөрчилж Гадаад хэргийн сайдад өгсөн байна.

 

Мөн орон нутгийн түвшинд аймаг, сумын дарга нар гаднаас санхүүжилт авч айлчлал хийдэг байдлыг хумьж эхэлжээ. Гадаад бодлого, гадаад харилцаанд хийгдэж байгаа гол, гол мэдээллээр төрийн байгууллага, УИХ-ын гишүүдийг хангах, яамны шийдвэр гаргаад гадаад харилцааны гол, гол ажлууд, дэлхий дахины чиг хандлагыг тогтмол мэдээлдэг мэдээллийн сүлжээг бий болгосон байна. Гадаад бодлогыг цогцоор нь явуулах нь чухал гэдгийг тэрбээр онцолсон юм. Гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого гэсэн гурван зүйлээс бүрддэг байна. Анхдагч нь соёлын гадаад бодлого.

 

Дипломат харилцаа тогтоогүй байхад аливаа ард түмэн соёлоороо дамжуулж бие биеэ танин мэддэг байсан. Дипломат харилцаа тогтоод улс төрийн харилцаанд орсноороо цаашаа эдийн засгийн бодлого яригддаг. Тийм учраас энэ гурвыг цогцоор нь авч үзэх ёстой гэсэн үндсэн дээр Гадаад харилцааны яамны бүтцэд өөрчлөлт хийсэн гэж байлаа. Үүний хүрээнд Эдийн засгийн гадаад харилцааны газрыг байгуулсан байна. Эдийн засгийн талаар нэг цонхны бодлогоо хэрэгжүүлж, зохицуулалт хийж байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 46 дипломат төлөөлөгчийн газар, консулын газар 32 нь элчин сайдын яам үйл ажиллагаа явуулж байна. Гадаад хэргийн яам 142 хүний орон тоотой юм байна. Мөн Салбарын сайд Элчин сайдын яамдын ажилтнууд шаардлага хангахгүй байгаатай санал нэг байгаагаа хэлсэн юм.

 

Г.Мягмарсүх

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.