Сүүлийн үед Ардчилсан намын дотоод зөрчил ялангуяа Хан-Уул дүүрэг дэх нөхцөл байдал улс төр сонирхогчдын анхаарлыг татаж эхэллээ. Нам доторх фракцуудын нөлөөллийн тэнцвэр өөрчлөгдөж, хуучин байр суурь ганхаж, шинэ төвлөрөл үүсэх шинж ажиглагдаж байна.
Хан-Уул дүүргийн Ардчилсан намд хамгийн их нөлөөтэй хүн бол ерөнхийлөгч асан Х.Баттулга. Нэг ёсондоо тус дүүргийг Женкогийн дош гэж хэлж болно. Харин түүний хувьд дошоо С.Баярцогтод алдаж байгаа сурагтай.
Хан-Уул дүүрэг бол зүгээр нэг орон нутгийн нэгж биш. Улс төрийн хувьд стратегийн ач холбогдолтой, нийгмийн идэвх өндөртэй, сонгогчдын бүтэц нь ч олон талтай. Иймд энэ дүүргийн намын хороог хянах нь цаашдын сонгууль, дотоод бодлогын чиглэлд шууд нөлөөлөх боломжтой учир тэд ингэж булаалдаж буй хэрэг.
Энэ тулаанд С.Баярцогтын талд хүч нэмж УИХ-ын гишүүн Б.Түвшин зохион байгуулалтын өөрчлөлтүүд, дүүргийн намын бүтэц доторх “цэвэрлэгээг” хийж байгаа гэнэ.
Энэ зөвхөн Хан-Уулын намын хороог хэн захирах вэ гэдэг тэмцлээс гадна цаашдаа ардчилсан нам доторх ирээдүйн өрсөлдөөн, фракцуудын шинэ үечлэл, дараагийн улс төрийн циклд хэн илүү нөлөөтэй байх вэ гэдэр асуудал яригдах нь тодорхой.