Мэдээлэл

Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ

2026.02.06 Төр Төмбөгөр 38 үзсэн

Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад орогнож байхад нь баривчилжээ.

Тодруулбал, Б.Бямбадоржийг өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард Тайланд улсад орогнож байхад нь Монголын интерполынхон баривчилсан байдаг. Харин Б.Баттулга гэгчийг мөн Тайланд улсад орогнож, тус улсаас Монгол руу хар тамхины төрлийн бодис илгээх гэж байхад нь хуулийн байгууллагынхан илрүүлэн, баривчилжээ.

Б.Баттулга гэгч нь Монгол Улсын нэр бүхий хоёр иргэний хамтаар “болор метамфетамин” гэх хар тамхины төрлийн бодисыг электрон бараа буюу конденсатор дотор нууж, Монгол руу илгээх гэж байхад буюу энэ оны нэгдүгээр сарын 09-ний /2026.01.09/ өдөр хуулийн байгууллагынхан илрүүлж, улмаар дээрх нэр бүхий хүмүүсийн байршлыг тогтоож баривчилсан байна.

Тэрээр бусдын паспортыг ашиглан илгээмж илгээж, баривчлагдахаас зайлсхийж байнга байршлаа сольж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байгаа аж.

Эл хэргийг нэхэн сануулбал, Б.Бямбадорж, Б.Баттулга нар нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25 /2021.05.25/-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ийн  төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая/ ам.долларын гүйлгээ хийж, залилсан байдаг.

 

Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бямбадорж нь удаа дараа оргон зайлж байсан бөгөөд хамгийн сүүлд оргон зайлсан байхад нь Ховд аймгаас баривчилж, цагдан хорьж байгаад сулласан байдаг. Гэсэн ч Б.Бямбадорж, Б.Баттулга нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь болохын өмнөхөн дахин оргон зайлж байлаа. Тэгвэл Б.Баттулга нь гадны улсаас хар тамхи цахилгаан бараанд нуун илгээмжээр явуулах гэж байгаад баригдсан нь энэ юм.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт