Мэдээлэл

Бэлгийн хүчирхийллийн хохирогч Ш-ийг “төрийн хамгаалалтад” авчээ

2026.01.23 Төр Төмбөгөр 10 үзсэн

СУИС-ийн Соёл, иргэншлийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа ангийнхаа долоон эрэгтэйд хүчиндүүлсэн гэх асуудлаар 34 настай Ш олон нийтийн сүлжээнд мэдээлэл нийтэлж, улмаар Товч.мн сайтын редакцид ярилцлага өгсөн.

Тодруулбал, Оюутан байхдаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэй хэргийн талаар болон уг хэрэгт холбоотой ангийнхныхаа зургийг сошиалаар дэлгэж, улмаар хэвлэл мэдээллийн байгууллагад хандаад буй. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас “Шалгаж байгаа” гэдгээс өөр хариулт, тайлбар одоогоор алга.

Харин прокурорын байгууллагаас дараах мэдээллийг өглөө.

“Иргэн Н.Ш нь 2020 оны арванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” гэдэг гомдол гаргасан. Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс хоёр удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад бодит байдлыг тогтоогоогүй, хэргийг хаах үндэслэлгүй гэж үзэн 2025 оны тавдугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” хэмээн мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр товч.мн сайтын хүсэлтийн дагуу гэрч, хохирогчийг төрийн хамгаалалтад авах хуулийн дагуу яаралтай хүсэлт өгсөн байдаг. Үүний дагуу тухайн эмэгтэйг хамгаалалтад авчээ. Энэ талаар товч.мн сайт “Хохирогч эмэгтэйг төрийн хамгаалалтад хүлээлгэн өгч байна. Гэрч хохирогчийг хамгаалах байрны сэтгэлзүйч, болон бусад албаны хүмүүс хамтран ажиллаж байна” хэмээн өчигдөр орой мэдээлсэн юм.

Дашрамд дуулгахад, Хохирогч Ш-ийг Хүний эрхийн өмгөөлөгч Р.Булгамаа хүлээн авч уулзаж байна. Олон нийтийн зүгээс тавьж буй хүсэлтийн дагуу түүнд тохиолдсон хэрэг дээр хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр нь ажиллахаар боллоо.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт