Мэдээлэл

Трамп Ираны дайны асуудлаарх хэлэлцээг өнөөдөр хийнэ

2026.08.03 Төр Төмбөгөр 8 үзсэн

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх шинэ хэлэлцээ өнөөдөр эхэлнэ гэж BBC  агентлаг мэдээллээ.

Дональд Трамп өчигдөр “Air Force One” онгоцонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ: “Тэд довтолгооны цар хүрээг мэдэж байсан.  Бид тэдэнтэй хэлэлцээр хийхээр ярилцаж байна. Энэ нь маргааш үдээс хойш эхэлнэ” гэжээ.

Үүнээс өмнө Трамп өөрийн Truth Social хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ Иран болон Ойрхи Дорнод дахь АНУ-ын холбоотнууд түүнээс довтолгоогоо түр хойшлуулахыг хүссэн бөгөөд хэлэлцээрийн үндсэн нөхцлүүд дээр тохиролцоонд хүрсэн гэж бичсэн байна.

Иран одоогоор Трампын мэдэгдэлд хариу өгөөгүй байна. Трамп өмнө нь ч дайныг хэлэлцээрийн замаар удахгүй эцэслэнэ гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй.

Air Force One онгоцонд хэлсэн үгэндээ Трамп Тегерантай хийх хэлэлцээр хэзээ эцэслэх ёстой талаар тодорхой хугацаа хэлэхээс татгалзаж:

“Яаж өрнөхийг нь харна. Бид хүссэн үедээ арга хэмжээ авахад бэлэн” гэж хэлжээ.

Мөн тэрээр Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман, түүнчлэн АНУ-ын түншүүд болох Арабын Нэгдсэн Эмират Улс болон Катар амралтын өдрүүдэд цохилт өгөхгүй байхыг түүнээс хүссэн гэж мэдэгдсэн байна.

Трамп: “Бид бүх бэлтгэлээ хангасан байсан. Тэд ингэж хүссэн шалтгаан нь хэлэлцээр байгуулагдана гэж үзэж байгаа явдал. Ормузын хоолойн асуудлаар ч хэлэлцээр хийгдэнэ, цөмийн асуудлаар ч тохиролцоо бий болно” гэжээ.

Трампын энэхүү мэдэгдлийн дараа өнөөдөр өглөө Азийн зах зээл дээр дэлхийн газрын тосны үнэ буурсан байна. Тодруулбал, газрын тосны үнэ 4.5 хувиар буурч нэг баррель нь 83.98 ам.доллар (62.26 фунт стерлинг) болсон бол АНУ-д арилжаалагддаг газрын тосны үнэ 4.6 хувиар буурч нэг баррель нь 80.74 ам.доллар (59.85 фунт стерлинг) болсон талаар ВВС агентлаг мэдээллээ.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт