Мэдээлэл

Т.БАТ-ЭРДЭНЭ: ИЗНН-ын Онц Их Хурлаар тус намын эрх зүйн чадамжийг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ

2026.03.10 Төр Төмбөгөр 12 үзсэн

-Энэ удаагийн Онц их хурлыг нийт гишүүдийн төлөөллийг бүрэн хангаж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлд нийцүүлэн зохион байгууллаа. Энэ нь шүүхэд бүртгүүлэх хууль ёсны үндэслэл болно-

ИЗНН-ын Бодлогын асуудал хариуцсан дэд дарга, доктор, дэд профессор, ногоон хөгжлийн судлаач Т.Бат-Эрдэнэтэй уулзаж,  2025 оны гуравдугаар сарын 09-ны өдөр болсон Онц Их Хурлын талаар болон Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх ИЗНН-ын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

– ИЗНН парламентад суудалтай, засагт хамтарч байсан туршлагатай хүчин. Гэтэл өнөөдөр Засгийн газрын гишүүнээ АТГ-т өгч, намын даргаа чөлөөлөх хэмжээнд хүрсэн нь нийгэмд ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Чухам юу болоод ийм байдалд хүрэв ээ?

– Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Төрийн шийдвэр гаргах бүх шатны албан тушаалтнууд улс төрийн намын төлөөлөл байдаг учраас намууд өөрсдөө өндөр ёс суртахуунтай, институцийн хувьд төлөвшсөн байхыг цаг үе шаардаж байна. Тийм ч учраас УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, намуудын хариуцлага, санхүүжилтийг шилэн болгох түүхэн алхмыг хийсэн. ИЗНН бол Монгол улсын ардчиллын нэг багана болсон 26 жилийн түүхтэй ууган улс төрийн хүчний нэг.

Харамсалтай нь, ИЗНН-ын дарга Б.Батбаатар даргын хувьд энэхүү шинэ цагийн шаардлагад нийцэн ажиллах улс төрийн ухаан, алсын хараа дутаж, хуучны хүнд суртлын өнгө аястай арга барилаар намаа удирдахыг оролдсон нь энэхүү зөрчил маргааны гол шалтгаан болсон юм. Үүнийг бид зүгээр нэг шүүмжлэл бус тодорхой баримт нотолгоон дээр үндэслэн хэлж байна. Тухайлбал, боловсон хүчний бодлогыг “хувийн ашиг сонирхол”-д нийцүүлсэн. Улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ намынхаа боловсон хүчний нөөц, мэргэшсэн мэргэжилтнүүдийг ашиглах ёстой. Гэтэл Б.Батбаатар нь сайдын эрх мэдлээр дулдуйдан төрийн албаны томилгоо хийхдээ намын бодлогыг бус, өөрийн хувийн ашиг сонирхол нэгтэй этгээдүүдийг шууд томилсон. Энэ нь төрийн албыг төрөл төрөгсөд, танил талынхаа хэрэгсэл болгосон үзэгдэл бөгөөд ИЗНН-ын нэр хүндийг ард түмний нүдэнд гутааж буй хэрэг юм. Санхүүгийн ил тод бус байдал хэтэрсэн. Намын санхүүгийн тайлагнал дээр ч асуудлууд бий. 2025 оны жилийн эцсийн тайлангаар намын нийт өр төлбөр 206,1 сая төгрөгт хүрч, хуримтлагдсан алдагдал нь -164,8 сая төгрөг болсон байна. Хэдийгээр 455,4 сая төгрөгийн төрийн санхүүжилт авсан ч энэхүү хөрөнгийг намын дүрмийн дагуу гишүүдийн боловсрол, судалгаанд хэрхэн зарцуулсан нь бүрхэг байгаа юм. Төрийн санхүүжилтийн зардал гэж 230 сая төгрөг бүртгэгдсэн хэрнээ үүний үр дүн гишүүдэд мэдрэгдээгүй. Мөн нэг асуудал нь хууль зөрчсөн удирдах арга барил. Тэрбээр намын даргын хувиар 2026 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Улс төрийн зөвлөлийн хурлын тогтоол гэгчийг гаргаж, тайланг хүргүүлэх чиглэл өгсөн ч бодит байдал дээр намын дотоод хяналтын байгууллага, Үндэсний хорооны оролцоог хааж боогдуулсан. Намын дарга Б.Батбаатар, санхүүгийн ажилтан Ц.Отгончимэг нар санхүүгийн тайланг “үнэн зөв” гэж баталж байгаа ч гишүүд үүнд эргэлзэж АТГ-т хандаад байна.

– Тэгэхээр ИЗНН-ын Онц их хурал Улс төрийн намын тухай хуульд нийцэж байгаа юу. Энэ нь зөвхөн дотоод дахь суудлын төлөөх тэмцэл биш гэсэн үг үү?

– Туйлын үнэн. Энэ бол ИЗНН-ын оршин тогтнох үнэт зүйл, улс төрийн ёс зүйн төлөөх тэмцэл. Намын даргын суудал бол хэн нэгний хувийн өмч биш, харин гишүүдийн итгэл, хууль ёсны хүлээлт дээр тогтдог хариуцлага юм. Бид энэ хямралыг даван туулж, намыг шинэ Улс төрийн намын тухай хуулийн үзэл санаанд нийцсэн, шилэн, хариуцлагатай институци болгон шинэчлэхийн төлөө Онц их хурлаа холбогдох хуульд нийцүүлэн хуралдууллаа.

– Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэнтэй холбогдуулан намууд дүрмээ нийцүүлэн өөрчилж, бүртгэлээ шинэчилж байгаа. Гэтэл ИЗНН хуульд заасан хугацаанд Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадаагүй байгаа юм байна. Одоо дахиад 60 хоногоос илүү хугацаа өнгөрвөл намын эрх зүйн чадамжийн асуудал яригдана гэсэн болгоомжлол байна. Энэ эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ?

– Энэ бол манай намын хувьд маш хариуцлагатай цаг үе. Гэхдээ бид “60 хоног” гэдэг хугацаанаас илүүтэй, яагаад өнөөдрийг хүртэл ИЗНН-ын бүртгэл Дээд шүүх дээр удаа дараа бүдэрч ирсэн бэ гэдэг баримт нотолгоог харах ёстой. Дээд шүүхээс гаргасан баримтуудаас үзэхэд Б.Батбаатар даргын үед ИЗНН-ын дүрмийн өөрчлөлт болон удирдлагын бүртгэлийг хийлгэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч 2024 оны 12 дугаар сарын 202025 оны 03 дугаар сарын 282025 оны 11 дүгээр сарын 042026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Улсын дээд шүүхээс удаа дараа “ТАТГАЛЗСАН” шийдвэр гаргасан байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл, хуучин ДАРГА намын дотоод ардчилал, хууль ёсны процедурыг хангаж чадаагүй, бичиг баримтын болон дүрмийн ноцтой зөрчилтэй байсаар ирснийг нотолж байгаа юм. Хамгийн сүүлд, саяхан 2026 оны 01 дүгээр сарын 23-ны Дээд  Шүүхийн шийдвэрээр шүүхээс “Зөвхөн нэг удаа хандах эрх” гэсэн анхааруулга өгсөн байгаа нь намын эрх зүйн чадамж аль хэдийнэ “эрсдэлийн ирмэг” дээр ирснийг харуулж байна. Энэ хугацааг тооцож үзвэл бидэнд олгосон 60 хоног дуусах дөхөж байгаа бөгөөд энэ нь биднийг юу ч хийхгүй хараад суух боломжгүй болгож буй нь мөн энэ онц их хурлыг хийх шалтгааны нэг болоод байгаа юм.

Тэгвэл энэ 60 хоногийн хугацаанд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

 Бид энэ гацаанаас гарахын тулд дараах гурван алхмыг хийж байна. Нэгдүгээрт, процедурын алдааг засах. Өмнөх татгалзсан шийдвэрүүд нь намын дотоод шийдвэр гаргалт дүрмийн бус байсантай холбоотой. Тиймээс бид энэ удаагийн Онц их хурлыг нийт гишүүдийн төлөөллийг бүрэн хангаж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлд нийцүүлэн зохион байгууллаа. Энэ нь шүүхэд бүртгүүлэх хууль ёсны үндэслэл болно. Хоёрдугаарт, санхүүгийн хариуцлага. Баримтаас харахад 2025 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар “Төрийн санхүүжилтийг хууль ёсоор зарцуулаагүй” гэх дүгнэлт гарсан байна. Энэ бол намын бүртгэлд саад болж буй том тээг. Бид шинэ удирдлагын багаар дамжуулан санхүүгийн аудитыг шилэн болгож, энэ зөрчлийг арилгаснаар эрх зүйн чадамжийг сэргээнэ.Гурдавдугаарт, хуулийн хугацааг баримтлах. Бид Онц их хурлын шийдвэрээ ажлын 10 хоногт багтаан Дээд шүүхэд өгнө. Хэрэв бид өмнөх шиг “хуурамч” бичиг баримт биш, бодитой, дүрмийн дагуух шийдвэрээ хүргүүлбэл 60 хоногийн дотор бүртгэл хийгдэх бүрэн боломжтой.

Товчхондоо, Б.Батбаатар даргын үеийн “удаа дараа татгалзсан” гашуун түүхийг бид эцэс болгож байна. Намын эрх зүйн чадамжийг аврах цорын ганц зам бол хууль ёсны Онц их хурал бөгөөд энэ замаар асуудлыг шийдвэрлэх явдал. Иймээс  Онц Их Хурлаас ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд, Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Батбаатар нар олонхийн саналаар сонгогдлоо.

-ИЗНН-ын гишүүдийн Онц Их хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудыг юу байх вэ. Мөн дараагийн 10 жилд энэ нам ямар байх вэ гэдэг үзэл баримтлал, шинэчлэлд энэ хурал ямар нөлөө үзүүлэх вэ?

– Манай намын Онц Их Хурал нь “Шинэчлэл-Хариуцлага-Хууль ёс” гэсэн ерөнхий уриатайгаар зохион байгуулагдлаа. Энэ бол зүгээр нэг хурал биш, ИЗНН-ыг хуучинсаг, нэг хүний засаглалаас ангижруулж, орчин үеийн, хариуцлагатай улс төрийн институци болгон дахин төлөвшүүлэх стратегийн ач холбогдолтой үйл явдал юм. Хурлаар шийдвэрлэсэн гол асуудлуудыг дараах байдлаар багцалж болох юм. Удирдлагын шинэчлэл ба Хариуцлага тооцох. Хурлын эхний хэсэгт намын даргын улс төрийн тайлан илтгэлийг хэлэлцлээ. Б.Батбаатар даргын удирдах арга барилын алдаа, намын дүрмийг зөрчсөн үйлдлүүд болон Засгийн газарт ажиллахдаа намын боловсон хүчний бодлогыг алдагдуулсан асуудлуудад гишүүд үнэлэлт дүгнэлт өгсөн. Үүний үр дүнд Намын даргыг чөлөөлөх, шинэ даргыг сонгох процесс явагдлаа. Намын дүрмийн шинэчлэлийг хийсэн. Улсын дээд шүүхээс өмнө нь ирүүлж байсан “Татгалзсан” шийдвэрүүдийн гол шалтгаан нь дүрмийн зөрчил байсан. Тиймээс бид энэ хурлаар, нэгд намын даргын хэт их эрх мэдлийг хязгаарлах, хамтын удирдлагын зарчмыг бэхжүүлэх, Дотоод хяналтын механизмыг (Хяналтын ерөнхий хороо) чадавхжуулах чиглэлээр Намын дүрмийн шинэчилсэн төслийг хэлэлцэж баталлаа. Санхүүгийн шилэн байдал ба Аудитын дүгнэлт. Бид өмнөх удирдлагын үед үүссэн 206 сая төгрөгийн өр төлбөр болон төрийн санхүүжилтийн зарцуулалтыг гишүүдэд нээлттэй танилцуулж, цаашид ИЗНН-ыг “шилэн санхүүжилттэй” нам болгох шийдвэрүүдийг гаргана.

Бид зөвхөн дотоод маргаанаа яриад зогсохгүй, Монгол Улсын улс төрийн орчин дахь ИЗНН-ын байр суурийг тодорхойлно. Мөн Хамтарсан засагт ИЗНН-ыг хэн, ямар бодлогоор төлөөлөхийг энэхүү Онц Их Хурлаар тодорхойлж Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүлнэ. Товчхондоо, энэхүү Онц Их Хурал нь ИЗНН-ыг хувь хүний “халаасны” нам биш, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг, гишүүдийнхээ оролцоог хангасан, төлөвшсөн улс төрийн хүчин болгон “цэгцлэх” зорилготой юм.

– Та бүхэн УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандан шаардлага хүргүүлнэ гэж байна. Эдгээрээс ямар үр дагавар хүлээж байна вэ?

-Бидний хүргүүлэх шаардлага маш тодорхой зарчимтай. ИЗНН бол Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Ногоон хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх үзэл баримтлалтай нам бөгөөд өнөөдөр бид энэ салбарт улс төр, бодлогын түвшинд тэргүүлж байгаа хүчин. Бид Хамтарсан Засгийн газарт орсон нь энэхүү үзэл баримтлал, хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэсэн зорилго болохоос хэн нэгэнд сайдын суудал бэлэглэх асуудал биш юм. Харамсалтай нь, Б.Батбаатар дарга энэхүү түүхэн үүрэг хариуцлагыг ухаарч ойлгохгүй, зөвхөн өөрийн хувийн эрх ашигт намын нэр хүндийг ашиглаж, цаг хугацаатай уралдан бүтэлгүйтэж байна. Тиймээс бид Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд дараах хоёр зүйлийг хатуу мэдэгдэхээр шаардлага гаргалаа. Нэгдүгээрт, Засаг иргэн Батбаатартай биш, ИЗНН-тай хамтарсан. Өнөөдрийн Засгийн газар ИЗНН-тай гэрээ байгуулж, бодлогоо нэгтгэсэн болохоос бус иргэн Б.Батбаатартай хамтарч ажиллаагүй гэдгийг сануулах юм. Нам нь итгэл алдарч, Онц Их Хурлаараа чөлөөлсөн хүн “намын төлөөлөл” нэрээр Засгийн газарт суух нь улс төрийн утгагүй үзэгдэл төдийгүй засаглалын ёс зүйн доройтол юм. Хоёрдугаарт, алдаагаа засах чин хүсэл. Бид алдаагаа засах чин хүсэл зорилготой байгаагаа мэдэгдэж байна. Намаас томилогдсон сайд нь намынхаа боловсон хүчний нөөцийг ашиглаж бодлого хэрэгжүүлэхийн оронд хувийн ашиг сонирхлын үүднээс томилгоо хийж, намын нэр хүндийг гутааж байгааг бид цаашид тэвчихгүй.

АН тамга тэмдгийн хэрүүлд чамгүй урт хугацаа зарцуулж байсан гашуун туршлага бий. Та бүхэн тийм байдалд хүрэх вий гэх болгоомжлол байна уу?

Бидэнд тийм болгоомжлол байхгүй. Учир нь ИЗНН-ын өнөөдрийн нөхцөл байдал АН-ын маргаанаас зарчмын том ялгаатай. АН-ын хувьд хоёр өөр тал, хоёр өөр тамганы маргаан байсан бол манай намын хувьд энэ нь “Намын нийт гишүүдийн хүсэл зориг” ба “Дүрэм зөрчсөн нэг иргэн” хоорондын асуудал юм.

Үүний ард нэг л том үнэн бий. Бид ардчилсан, эрх зүйт төртэй улсад амьдарч байгаа бөгөөд хууль иргэн бүрд, дарга сайд гэж ялгаварлахгүйгээр тэгш үйлчлэх зарчимтай. Бид энэхүү шударга ёсны зарчимд, хуулийн засаглалд туйлаас итгэдэг. Тиймээс Б.Батбаатар гэдэг хувь хүн тамга бариад хууль болон намын дүрмээс дээгүүр алхаж чадахгүй. Улсын Дээд шүүх 2025 оны 05 дугаар сарын 1-ний тогтоолоороо түүнийг бүртгэхээс татгалзаж, намын даргын эрх зүйн чадамжгүйг нь хэдийнэ тогтоосон. Бид хууль ёсныхоо дагуу алдаагаа засаж, намаа гишүүдэд нь эргүүлэн өгөх болно. Эцсийн дүндээ, хувь хүний дур зорго хэзээ ч хуулийн засаглалыг ялан дийлдэггүй бөгөөд ИЗНН-ын шинэчлэл бол Монголын улс төрд ёс зүй, хариуцлага тогтоох түүхэн эхлэл байх болно.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт