Comment.mn

АНУ-ын хамгийн харгис шоронгийн хоригдол яаж тамлуулж байснаа ном болгон бичжээ

Мохамеду ульд Слахи Гуантанамогийн шоронд 2002 оноос хойш байгаа аж. Тэрээр америкийн хамгийн харгис шоронд ямар их зовлон зүдгүүр туулснаа 466 хуудас бүхий өдрийн тэмдэглэлдээ бүгдийг бичсэн байна.

Уг гар бичмэлээс “нууц” гэсэн шошгыг авч хаяхын тулд бүхэл бүтэн зургаан жил шаардагдсан бөгөөд одоо тэрхүү дурсамж ном дэлхийн 20 орны уншигчдын гар дээр очих гэж байна. “Гуантанамогийн хоригдлын өдрийн тэмдэглэл” ном энэ сарын сүүлээр хэвлэгдэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Америкийн албаны этгээдүүдийн зүгээс олон жилийн турш хориотой байсан энэхүү бүтээл эцсийн эцэст хэвлэгдэхээр болжээ. Түүнд Гуантанамогийн шоронд явагддаг байсан харгислал тамлалтыг тов тодорхой дүрслэн өгүүлсэн байна.

Мохамеду ульд Слахийн энэхүү өдрийн тэмдэглэл хамгийн аймшигтай шоронд одоог хүртэл байсаар байгаа аюултай тамлалтын тодорхой гэрч болох юм.

“Хувцсан дотор маань хүзүүнээс хөлийн ул хүртэл битүү мөс хийж, хайлсан тохиолдолд ахин шинээр хийдэг байсан. Түүнээс гадна, намайг хамгаалагч үе үе зодож, ихэвчлэн нүүр рүү цохидог байв. Мөс нэг талаас өвдөлт өгдөг хэдий ч зодуураас үлдсэн хөхрөлтийг арилгаж өгдөг байлаа. Энэ бүх тамлалт урдаас нарийн төлөвлөсөн мэт надад санагддаг байв. Бүх бие маань мөсөөр хучигдсан үед ямархуу аймшгийн өвдөлт мэдэрдэг байсныг маань хүйтэн уур амьсгалтай газарт төрж өссөн хүмүүс бол төдийлөн сайн төсөөлөхгүй байх. Эрт дээр дундад зууны үед золиослогчоо удаан тамалж үхүүлэхийн тулд ноёрхогчид ийм арга хэрэглэгдэг байсан гэсэн. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд хоригдлын нүдийг боож байгаад зогсоо зайгүй нүддэг байсан. Үүн шиг секунд тутамд шинэ цохилтыг хүлээнэ гэдэг ямар тамтайг та нар төсөөлөх ч үгүй байх” хэмээн хоригдлын дурсамжийн нэгээхэн хэсэгт бичигдсэн байна.

Ульд Слахи 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараахан өөрийн эх орон болох Мавританид америкийн тусгай албаныханд баривчлагдсан бөгөөд Гуантанамогийн шоронд ирэхээс өмнө Иордан, Афганистанд байцаагдаж байжээ.

Түүний өдрийн тэмдэглэлийн редактор Ларри Симсийн өгүүлснээр, энэхүү хоригдол нь тэр их хатуу залхаалтыг туулж байсан хэдий ч хүнлэг чанараа хадгалж үлдэж чаджээ.
“Тэр бол Гуантанамод онцгой төсөл гэж нэрлэгддэг байсан хоёр хоригдлын нэг байсан бөгөөд түүнийг байцаах төлөвлөгөөг нэгбүрчлэн бичмэл байдлаар гарган, Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельд гарын үсэг зуран баталдаг байсан аж. Харин байцаалтыг явуулсан нөхдүүд ажлын гүйцэтгэлээ нэгбүрчлэн тайлагнадаг байсан бололтой” гэж Симс мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.today.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.