Comment.mn
7 хоногт 1 сэтгүүлч амь насаа алдаж байна

7 хоногт 1 сэтгүүлч амь насаа алдаж байна

 

Францын долоо хоног тутмын хошин шогийн сэтгүүл “Charlie Hebdo”-ын редакц руу зэвсэглэсэн гэмт этгээдүүд халдаж 12 хүний амийг бүрэлгэж, 10 хүн гэмтээж шархдуулсан ноцтой гэмт хэрэг гарч дэлхий нийтийг цочоогоод байна. 

Энэхүү аллагад алжир гаралтай Францын иргэн Саид и Шериф нэх ах дүү хоёр сэжиглэгдэж байгаа бөгөөд тэдний дүү болох 18 настай Хамид Мурат гэгч нь цагдаад бууж өгөөд байгаа тухай дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд бичиж байна.

Тэд өөрийн шашины тэргүүн зөнч Мухамедын хөрөгийг тус сэтгүүлд доромжилсон өнгө аясаар нийтэллээ хэмээн дургүйцэж энэхүү аллагыг үйлдэхдээ “Бидний ариун шүтээнийг доромжилсны төлөө өшөө авахаар ирлээ” хэмээн хашгирч байсан хэмээн гэрчүүд ярьж байжээ.

Энэ мэт шашин шүтлэг, үзэл бодлоос гадна мэдээллийн эх сурвалжийн ноцтой баримт нотолгооноос үүдэлтэйгээр зөвхөн өнгөрсөн 2014 онд 66 сэтгүүлч амь насаа бусдын гарт алдаж, 119 хүн ор сураггүй алга болжээ. Энэ аймшигт статистик тоог сүүлийн 10 жилээр авч харвал дэлхийн улс орнуудад үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан сэтгүүлч, сурвалжлагч нараас 600 гаруй нь амь насаа алдаад байна. Энэ нь 7 хоногт 1 сэтгүүлч зүй бусаар бусдад алагдаж, амь насаараа хохирч байна

“Амгалан тайван” гэх манай улсад өнөөдрийг хүртэл сэтгүүлч, сурвалжлагчийн амь насанд халдсан гэх гэмт хэрэг хууль, хяналтын байгууллагад бүртгэгдээгүй байгаа ч гэсэн тэдний амь нас, ар гэр, эрүүл мэндэд заналхийлж, айлган сүрдүүлэх явдал байсаар байна.

Хэл амаар доромжилж нэр төр, алдар хүндэд халдах, шүүх цагдаагаар айлгаж сүрдүүлэх, санхүү эдийн засгаар нь дарамтлах, их бага хэмжээгээр цохиж, нудрах зэрэг үйлдлүүд бараг л өдөр тутам тохиолдож байна. Гэвч хэвлэл, мэдээлэл, сэтгүүлзүйн салбараа төлөөлж байгаа гэх өнөө олон байгууллага маань зөвхөн эсэргүүцэл илэрхийлж байна хэмээн “матрын нулимс” унагахаас цаашгүй, өнөөдрийг хүртэл явсаар ирлээ. Энэ бүхэнд нь манай нийгэм ч гэсэн дасаж эдгээр үйлдлийг байх ёстой, хэвийн үзэгдэл мэт хүлээн авдаг болж байгаа нь хэвлэл, мэдээллийн салбарт ажиллаж байгаа иргэдийн сэтгэлийг ихээр эмзэглүүлж, түгшүүлж байна.

Сэтгүүлзүй, энд түүнийг маш өргөн утгаар нь хамааруулж харах ёстой. Сэтгүүлзүй дэлхийн аль ч улс оронд, ямарч үндэстэн ястан, шашин шүтлэгээс үл хамааран, хүнийг ядуу хоосон, баян цатгалан гэлтгүй нэг ижил ойлголттой, ижил үүрэг хариуцлага хүлээж байдаг, ёстой нөгөө даяаршсан мэргэжлийн нэг юм.

“ТҮРҮҮ ИНФО” АГЕНТЛАГ энэхүү Франц улсын долоо хоног тутмын хошин шогийн “Charlie Hebdo”сэтгүүлийн редакцийн хамт олонд гүн эмгэнэл илэрхийлж, энэхүү харгис хэрцгий аллагыг эрс буруушааж, дэлхийн хүн ардын энх амгалан, саруул сайхны төлөө мэргэжил нэгт нөхөдтэйгөө ямагт хамт байж өөрсдийн дуу хоолойгоо өргөж, тэмцэх болно гэдгээ илэрхийлж байна.

“ТҮРҮҮ ИНФО” АГЕНТЛАГ

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.