Comment.mn

Ж.Дамдинсүрэн: Яг үнэндээ орлогын эх үүсвэртэй иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчиж байна

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ оны нэгдүгээр сараас “Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, цагдаагийн албан хаагчдыг нийтийн тээврээр үнэтэй зорчуулна” гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар тус холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

 

-Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог иргэдийг энэ сараас төлбөртэй зорчуулна гэж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар тэд үнэгүй зорчиж байна. Ямар зөвшилцөлд хүрсэн бэ?

 

-Шийдлийн Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Тэд энэ оныхоо төсвийн тодотголыг хийж чадахгүй байна. Тиймээс бид Ерөнхий сайд, холбогдох яамд, нийслэлийн удирдлагуудад “Хууль дүрмээ цэгцэлтэл хуучин байдлаар нь хариуцсан сайд, сайдынх нь багцад төсөвлөсөн мөнгөө оруулбал бид хэвийн үйлчилгээ үзүүлж байя. Энэ хугацаанд эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөөч” гэсэн албан бичиг хүргүүлсэн. Өчигдөр зарим нэгээс нь хариу авах байсан боловч ирүүлсэнгүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын26-нд Нийслэлийн нийтийн тээврийн зөвлөл хуралдсан. Энэ үеэр тус зөвлөлийн дарга Н.Гантөмөр “Бид 500 төгрөгийн тарифаар тооцож, нөхөн олговрыг чинь төсвийн тодотголоор нэмж олгуулна. Зөрчилтэй байгаа хуулийн заалтуудыг Засгийн газартай ярьж тохирсон. Тиймээс он гараад дээрхи иргэдийг үнэ төлбөргүй тээвэрлэж байна уу. Бид гэм буруугаа хүлээж байна” гэсэн. Тиймээс бид шийдвэрлэхийг нь хүлээгээд үнэгүй зорчдог иргэдийг хуучин байдлаар нь тээвэрлэж байна. Хэрэв Н.Гантөмөр дарга бидэнд худлаа хэлсэн бол эргүүлээд тооцоо бодох хугацаа бидэнд байна.

 

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан цагдаагийн албан хаагчийг нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчуулахад ямар эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой вэ. Өмнө нь нөхөн олговрыг хуулийн дагуу олгодоггүй байсан юм уу?

 

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, цагдаагийн албан хаагчдын унааны зардалд нөхөн олговор олгоно гэсэн хуулийн заалт байхгүй. Гэтэл Засгийн газрын тогтоол үндэслэж жил бүр мөнгө төсөвлөдөг. Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль, Цагдаагийн болон Боловсролын тухай хуульд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих ёстой гэж хуульчилсан байдаг. Харин Авто тээврийн тухай хуульд нөхөн олговор олгосон тохиолдолд дээрх дөрвөн субъектийг үнэ төлбөргүй тээвэрлэж болно гэсэн заалт 2008 оны тавдугаар сарын 29-ний өдрийг хүртэл байсан. Үүнд өөрчлөлт оруулж хүчингүй болгосон. Иргэн бүр нийтийн тээвэрт адилхан мөнгө төлж зорчъё гэсэн ганцхан саналыг бид тавьдаг. Хэрэв төрөөс тэдэнд халамж үзүүлэх гэж байгаа бол тэр мөнгөө эзэнд нь өгчих хэрэгтэй. Үүнийг нийтийн тээвэрт хувийн хэвшил орсон цагаас эхэлж тавьсан. Энэ саналыг тухайн үед хүлээж аваад УИХ-ын гишүүн Г.Батхүү, Э.Бат-Үүл дарга хоёр Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж, үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдэд өөрсдөд нь нөхөн олговор олгохоор болсон. Гэтэл үүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, цагдаагийн байгууллагынхан эсэр гүүцсэн. Тиймээс ерөнхийлөгчөөр ахмад настан, хөгжлийн бэрх шээлтэй иргэдийн нийгмийн хам гаал-лын тухай хууль, цагдаагийн болон боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөд хориг тавиулсан. Ингээд үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдэд нөхөн олговор олгох, үнэ төлбөргүй тээвэрлэх заалт аль, аль нь хүчингүй болсон. Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газар долоон жилийн хугацаанд дээрх хуулийн зохицуулалтыг хийж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Одоо бол энэ асуудал хууль эрхзүйн хувьд мухардалд орсон.

 

-Нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдийн нөхөн олговорт олгоно гэсэн 53 тэрбум төгрөг тэдгээр иргэнийг жилийн хугацаанд зорчуулахад хүрэлцэхгүй юу. Энэ жил нийт хэчнээн иргэний нөхөн олговрыг авах тооцоо гаргасан бэ?

 

-Энэ оны төсвийн төслийг өргөн барьсан цагаас эхлэн энэ асуудлыг бид хөндсөн. Тухайн үед ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг төсвийнхөө төслийг танилцуулахдаа “Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаагийн албан хаагчдын унааны зардлыг орон нутагт шилжүүлнэ” гэсэн. 2013 онд 113 мянган оюутан, 89 мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, дөрвөн мянга гаруй цагдаагийн албан хаагчийг400 төгрөгийн тарифаар тээвэрлэхэд 53.1 тэрбум төгрөгийн нөхөн олговор авч байсан. Харин 2014 онд мөн 113 мянган оюутан, 83705 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 33934 иргэн, цагдаагийн байгууллагын ажилчдыг нэмж тооцоод нөхөн олговрыг олгосон. Энэ онд дээрх тоогоор нөхөн олговрыг тооцоход 74 тэрбум төгрөг болж байгаа юм. Гэтэл үүнийг 53.1 тэрбум төгрөг болгож бууруулсан. Ам.долларын ханш хэд дахин өсч байхад ийм бага мөнгөөр дээрх иргэдийг үнэгүй тээвэрлэх боломжгүй.

 

-Хэрэв энэ асуудлыг иргэдийг хохироохгүйгээр аль, аль талдаа ашигтай байдлаар шийдэхгүй бол танай холбоо цаашид ямар арга хэмжээ авах вэ?

 

-Бид энэ асуудал шийдэгдэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандах бодолтой байна. Үндсэн хуульд бүх хүн тэгш эрхтэй байна гэж заасан байдаг. Нийтийн тээвэрт хэсэг нь төлбөргүй зорчиж, нөгөө хэсэг нь мөнгө төлж байгаа нь зөв үү. Яг үнэндээ орлогын эх үүсвэртэй иргэд нь нийтийн тээвэрт үнэгүй зорчдог систем үйлчилж байна. Ахмад настнууд тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэмж, оюутнууд тэтгэлэг, цагдаагийн албан хаагчид цалин авдаг байх жишээтэй.

 

-Ахмад настнуудын үнэгүй зорчих үнэмлэхийг автобусны кондукторууд хурааж байна гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

 

-Өндөр настнуудын үнэмлэхийг жилд нэг удаа солих ёстой байдаг. Гэтэл2013 оноос хойш ахмадын үнэмлэхийг шинэчилж солиогүй. Бид иргэдийг хохироохгүйн тулд холбогдох газруудад нь ахмад настныхаа үнэмлэхийг солих шаардлага хүргүүлсэн. Тухайн үед Нийслэлийн халамжийн газрын дарга“Өнгөрсөн оны тавдугаар сарын1 хүртэл хуучин үнэмлэхээр тээвэрлэж байна уу” гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл түүнээс хойш ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар шинэ он гаргалаа. Он гарангуут энэ асуудал манайд хамааралгүй. Нийслэл мэднэ” гэсэн хариулт өгсөн. Харин нийслэлд үүнийг хэн хариуцаж байгаа нь тодорхой бус байна. Тиймээс кондукторууд хугацаа нь дууссан үнэмлэхийг хурааж байгаа. Асуудлаа шийдэхгүй, хариуцсан ажлаа бие бие рүүгээ түлхэж байгаагаас болж иргэд дунд нь хохирч байна.

 

-Ирэх дөрөвдүгээр сараас нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэх талаар ярьж байсан. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоог удирдаж буй хүний хувьд үүнийг юу гэж дүгнэж байна вэ. Хэрэгжүүлэх боломж бий юү?

 

-Том оврын автобуснууд хяналтын камертай болж, GPS-ээр хаана явж байгааг нь хянадаг, төлбөр тооцоог цахим хэлбэрээр төлдөг иж бүрэн системийг нийтийн тээвэрт нэвтрүүлнэ гэж ярьж байна. Миний бодлоор энэ систем нэвтрэх боломж манай улсад хараахан бүрдээгүй. Төслийг хэрэгжүүлэх гэж буй компанийн хувьд учир дутагдалтай зүйл байна гэж дүгнэж байна. Яагаад гэвэл, хэнд, хэнээр үйлчлүүлэх гэж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Иргэн болон тээвэрлэгчидтэй уулзаагүй хэрнээ тендер зарласан. Цаад тооцоог нь судлахад ухаалаг систем нэвтрүүлсэн хүмүүс тээвэрчдийн олдог орлогын 10 хувийг авах юм байна лээ. Өөрөөр хэлбэл, 500 төгрөгөөсөө 50 төгрөгийг нь ухаалаг систем нэвтрүүлсэн хүмүүст өгнө гэсэн үг. Үлдсэн 450 төгрөгөөр бид үйлчилгээ үзүүлэх ямар ч боломжгүй шүү дээ. Үүнийг бид зөвшөөрөхгүй. Үүнээс гадна нэн түрүүнд шийдэх шаардлагатай зүйл бол нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудыг орлогоос хамааралгүй болгох хэрэгтэй. Орлогын хойноос хөөцөлдснөөс болж осол гарч, соёлгүй байдал үүсдэг. Жишээлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг25 компанийн 32 автобус багшийн дээдийн буудал дээр нэг цагт зэрэг ирж байна. Тэднийг буруутгах аргагүй. Хуваарьтай цагийн дагуу явж байгаа юм. Манай нийтийн тээврийн систем буруу байгаа учир иргэд хувийн унааг илүүд үзэж байна. Үүнээс шалтгаалж жижиг машин ихэсч, замын түгжрэл үүсч байна. Тиймээс хувийн унаанаас татгалзаж, нийтийн тээвэр рүү хошуурдаг тогтолцоог бий болгох нь хамгийн чухал.

 

-Нийтийн тээвэрт ийм тогтолцоог бий болгох боломж байна уу. Одоогоор хэчнээн автобус иргэдэд үйлчилж байна вэ?

 

-Хамгийн түрүүнд иргэдээ бодох хэрэгтэй л дээ. Би цайны газрын эзэн байлаа гэж бодоход хоол идэх хүнээ бодож байж хоолоо хийхгүй бол хэчнээн сайхан хоол хийгээд яах ч юм билээ. Нийтийн тээврийн үйлчилгээ үүнтэй яг адилхан. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан үйлчилгээ үзүүлж байж, орлого олно. Тиймээс нийтийн тээврийн компаниудыг орлогын хойноос хөөцөлдөггүй л болгох хэрэгтэй. Тэгвэл бүх зүйл соёлтой болох болно. Одоогоор 22 аж ахуйн нэгжийн 940 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Манайд аюулгүй найдвартай үйлчилгээ үзүүлэх баталгаа алга. Солонгос улсад 4-5 жил үйлчилгээнд явсан автобусыг манайх оруулж ирж байна. Тэрүүгээр10 гаруй жил үйлчилгээ үзүүлдэг. Энэ бол эрсдэлтэй.

 

-Автобусны жолооч нар хоорондоо уралддаг, жолоо барьж байхдаа тамхи татдаг. Кондуктар нь иргэдтэй зүй бусаар харилцдаг гэх гомдол их гардаг. Яг ямар мэргэжлийн хүмүүс нийтийн тээвэрт ажиллаж байна вэ?

 

-Мэргэжлийн сайн жолооч нар нь уул уурхайд өндөр цалинтайгаар том тэрэг барьж байна. Харин автобусны жолооч нарын ихэнх нь микро автобус барьж байсан хүмүүс байдаг. Уг нь болD ангилалтай гурваас доошгүй жил машин барьсан, 21 наснаас дээш хүмүүс автобусны жолооч хийх журамтай. Гэтэл энэ стандартыг бүрэн хангаж чадахгүй байна. Кондуктор хийж байгаа хүмүүс янз бүрийн мэргэжилтэй байдаг.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.