Comment.mn

Б.Болор: Татвар нэмснээр эдийн засгийн хүндрэлээс гарсан туршлага байхгүй

Б.Болор: Татвар нэмснээр эдийн засгийн хүндрэлээс гарсан туршлага байхгүй

 Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос энэ оны төсвийн тодотголын талаар зарим зүйлийг тодрууллаа.

 -Төсвийн байнгын хорооны анхны хуралд хоцорч ирсэн нь гишүүдийн бухимдлыг төрүүллээ. Яагаад хоцорч ирэв ээ?

-Байнгын хорооны анхны хурлаа удирдаж явууллаа. Гишүүд жаахан ширүүн байх шиг байна. Намайг 09.00 цагт ирэхэд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал танхимд ирчихсэн сууж байсан. Тиймээс албаны өрөөндөө байнгын хорооны ажлын хэсгийнхэнтэй гишүүдийн ирц бүрдэх хүртэл санал бодлоо солилцоод сууж байсан.

-Төсвийн байнгын хорооны хуралдаан ямар шалтгаанаар хойшилсон бэ?

-Байнгын хорооны хурлаар энэ оны төсвийн тодотгол болон дагалдах хуулийн төслүүдийн талаар хэлэлцэх ёстой байсан. АН-ын зарим гишүүн энэ асуудлыг түр хойшлуулах санал гаргасан. Парламентад суудалтай улс төрийн намуудын зөвшилцлийн ажлын хэсгүүд уулзах ёстой гэсэн үндэслэл хэлж байна лээ. Миний хувьд УИХ дахь намын бүлгүүд төсвийн тодотголыг хэлэлцэх нь зүйтэй гэх байр суурьтай байгаа гэж ойлгосон боловч байнгын хорооны хурлыг хойшлуулах санал гаргалаа.

-Засгийн газраас өргөн барьсан төсөв нэлээд шүүмжлэл дагуулж эхэллээ. Эдийн засаг хүнд байгаа үед иргэдээсээ татвар авах нь хэр зүйтэй юм бэ?

-Шинээр татвар нэмэхийг би дэмжихгүй байгаа. Хэлэлцүүлгийн явцад шийдэгдэх байх. Засгийн газраас тааруухан төсвийн тодотгол өргөн барилаа. УИХ тодорхой хэмжээнд засварлаад явах шаардлагатай. Төсвийн тодотголд учир дутагдалтай зүйл олон байна гээд буцааж татаад дахин оруулж ирнэ гэсэн асуудал байхгүй.

-Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд малчдаас малын хөлийн татвар авахыг юу гэж бодож байна вэ?

-Одоогийн ийм нөхцөл байдалд татвар авах асуудал байж болохгүй. Олон улсад татвараа нэмснээр эдийн засгийн хүндрэлээс гарсан туршлага байхгүй. Тэр тусмаа манайд энэ асуудлыг ярих болоогүй. Өөр арга замаар эдийн засгаа тэлэх үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Бүсээ чангалж байгаа нь энэ гээд тодотгол хийгээд халамжийн бодлогоо хумьснаар ард түмний нуруун дээр илүү их ачаа ирж байна гэсэн үг. Үүний оронд төрийн данхар бүтэц дээрээ анхаарах ёстой. Наанадаж Эрүүл мэнд спорт БСШУЯ-нд хоёр дэд сайдтайгаар ажиллаж байгааг болиулсан бол оновчтой байлаа. Өнөөдөр орлого тасалдаж байна гэж яриад байгаа ч иргэдийн орлогыг бууруулахдаа зохистой хандаагүй байна. Би томилолтоор ажиллаад саяхан ирсэн учраас төсвийн тодотголтой сайтар танилцаагүй байна. Гэхдээ учир дутагдалтай зүйл олон байна гэж дүгнэсэн.

-Өрийн босго дээр гишүүд нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байна. Зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд дахин ярилцах уу?

-Бодит байдал дээр өрийн босго ДНБ-ий 50 гаруй хувьд хүрээд байгаа. Төсвийн тодотголоор өрийн хэмжээг ДНБ- ний 70 хувьд байхаар оруулж ирсэн байна. Үүнд гишүүд саналаа солилцож байгаа. Зах зээлийн нийгэм мөнгө босгох шалгуурыг тавьдаг. Ингэж байж л эдийн засгаа тэлж ажиллах ёстой. Гэтэл өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийг өөрчлөх шаардлагатай болж байна. Өнөөдрийн хуулиар өрийн дээд хэмжээ ДНБ-ний 40 хувьтай тэнцэхээр байгаа. Тиймээс төсвийн тодотгголын төслийг хэлэлцэх явцад гишүүн Ц.Нямдорж “Зөвшилцийн ажлын хэсэг өрийн хэмжээнд юу гэж тогтсон байна. Зөвшилцлийн гэрээгээ зөрчиж байгаа юу. Энэ асуудлаа ярилцаад эргээд хуралдах хэрэгтэй” гэсэн санал гаргасан.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.