Comment.mn

Төсвийн алдагдлыг төрийн албан хаагчдын цомхотголоор нөхнө

Төсвийн алдагдлыг төрийн албан хаагчдын цомхотголоор нөхнө

Энэ оны төсвийн тухай хуульд хотын даргаас эхлээд яам, агентлаг, аймаг, сумын Засаг дарга нарын орлогч, орон тооны бус зөвлөхүүдийг цомхотгохоор заасан. Ингэснээр хуулийн дагуу дээрх орлогч дарга, орон тооны зөвлөхүүд өчигдрөөс ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж буй. Гэтэл “Алдсан хүн арван тамтай” гэдэгчлэн цомхотголд өртөж байгаа болон өртөх магадлалтай дарга нар эхнээсээ зарга үүсгэж, шүүх цагдаагаар явна гэдгээ мэдэгдэж эхэллээ. Хамгийн түрүүнд буюу өчигдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл шуурхай хурал зарлаж, орлогч дарга нартаа цалингүй ажиллах болсон талаарх мэдээллийг дуулгажээ. Ингэхдээ тэрбээр өөрийн харьяаны зургаан орлогч даргын асуудлыг хөндөж “Шууд цомхотгож байгаа гэж ойлгож болохгүй. Ирэх оны төсөвт орлогч дарга нарын цалинг тусгаагүй учраас цалингүй ажиллахаар болж байна” гэдгийг хэлжээ.

Хотын дарга шинэ оны өмнөхөн орлогч даргагүй ажиллахаа онцолсон. Хуулиараа бол хотын дарга хоёр орлогч даргатай байхаар тусгасан байдаг. Хотын орлогч дарга нар цалингүй атлаа төрийн ажилд зүтгэнэ гэдэг юу л бол. Ийнхүү “Цомхотгож байгаа юм биш” гэх үгийн цаана “Хотын мээр орлогч дарга нараа авч үлдэх арга хайж байна” гэх хардлага ч олон нийтэд түглээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар хотын зургаан орлогч дарга сард 800 мянган төгрөгийн цалинтай гэж үзвэл жилдээ 57 сая төгрөг зарцуулна. Гэхдээ энд зөвхөн зургаан орлогчийн орон тоо, халаа сэлгээ яригдахгүй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх орлогч дарга, орон тооны бус зөвлөхийг цөөлж, төрийн албан хаагчдыг ч мөн цомхотгохоор Засгийн газрын тогтоолд тусгасан. Өөрөөр хэлбэл, нийслэл 41 харьяа газартай аж.

Эдгээрээс нийт дарга, цэрэгтэйгээ нийлээд 186 хүн цомхотгох тушаал аваад байгаа аж. Гэвч өнөөдрийн байдлаар хэн нэгнийг тогтоолын дагуу шууд цомхотгоогүй байгааг албаны эх сурвалж онцолж байна. Өөрөөр хэлбэл, цомхотголд өртөж буй албан хаагчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэний дараа аль хэлтэс, агентлагаас хэнийг цомхотгох вэ гэдгээ ярилцана гэх. Төрийн албан хаагчдын дунд өнгөрсөн намраас айдас түгшүүр бий болсон. “Өнөөх данхайсан бүтцийн цомхотголд өртчихвий” гэж түгшихдээ бүтэн нойртой хонож чадахгүй байгаа талаараа тэд сэмхэн учирлаж суугаа юм. Тиймдээ ч төрийн албан хаагчид “Биднийг гэхээс илүүтэй даргын орон тоогоо цөөлөх шаардлагатай” гэдэг хүсэлт гаргасан. Үүнийг хаа сайгүй л дэмжиж байгаа. Ямартай ч Н.Алтанхуягийн Засгийн газраас Ч.Сайханбилэгийн нэгтгэсэн Зас- гийн эдийн засгийн хямралын эсрэг тэмцэх “гараа” нь төрийн данхайсан бүтцийг цомхотгох байв. Төсөвт байгууллагын 350 гаруй албан хаагчийг цомхотгож, төсвийн урсгал зардлыг 2.960.4 сая төгрөгөөр бууруулахаар хуульчилсан. Ингэснээр аймаг, сум, дүүргийн Засаг дарга нэг орлогчтой, нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой, орон тооны зөвлөхгүйгээр ажиллах юм. Үүнээс гадна бүх яамыг 15 хувийн цомхотгол хийхийг Засгийн газраас үүрэг болгосон. Одоогоор яамд ид бүтцийн өөрчлөлтөө хийж, газар хэлтсүүдээ нэгтгэж байна. Үүний дараа цомхотголоо хийнэ гэдгийг хэлж байгаа юм. Ийнхүү шийдлийн Засгийн газрын үед шинэ оны эхний ажлын өдрөөсөө нийслэл болон агентлагийн дэд дарга, дарга нарын зөвлөхүүд ажилгүй болж байна. Өөрөөр хэлбэл, төсвөөс санхүүждэг бүх шатны төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд дэд, орлогч дарга болон орон тооны зөвлөхгүйгээр 2015 оны ажлаа эхлүүлж байна. Гэхдээ шинэчлэлээс шийдлийн гэх нэршилд шилжсэн энэ Засгийн газар эдийн засгийн хямралаас гарахын тулд олон хүнийг “хоол”-ноос нь салгах нь ойлгомжтой боллоо. Хаана хаанаа хямралтай байгаа энэ цаг үед хэн ч ажилгүй суухыг хүсэхгүй л болов уу.

Шинэчлэлийн Засгийн газар өөрсдийн эрх мэдлээр төрийн албыг данхайлгаж, хамаатан садан, танил талаа төрийн албанд татаж, төсвийг хямруулсан. Тухайлбал, МАН Засгийн эрх барьж байх үед 11 яам, 15 сайд, 12 дэд сайдтай байв. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар 16 яам, 19 сайд, 17 дэд сайдтай болж томорсон. Өмнөх Засгийн газрын үед 121600 байсан төрийн албан хаагчийн тоог 167800 болгож нэмсэн байна. Нийт 26900 байсан төрийн өмчит аж ахуйн нэгжийн тоо 49600 болж, 85 байсан газар хэлтсийн дарга нарын тоог 201 болгож нэмжээ. Цаашлаад нийслэлийн Засаг дарга зургаа, аймаг дүүргийн Засаг дарга нар 2-4 орлогчтой ажилласан нь эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд хүргэснийг Ч.Сайханбилэг сайд засварлаж, хөл дээр нь босгохоор цомхотголоо үргэлжлүүлж байна. Дарга нарыг дагаад нэлээд хүн ажилгүй болно. Тухайлбал, даргын туслах, жолооч гээд нэг даргын цаана 2-3 хүн хямралыг дагаад хямрах болж байна. Аймгийн Засаг даргын орлогчийн жилийн төсөв 30 гаруй сая төгрөг байдаг гэнэ. Гурван орлогчтой аймгийн хоёрыг нь ажлаас чөлөөллөө гэхэд 60 гаруй сая төгрөг хэмнэх нь. Харин нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын орлогчийн төсөв 50 орчим сая төгрөг байдаг бололтой.

Нэг дүүрэг хоёр орлогчоо чөлөөлөхөд л 100 орчим сая төгрөг хэмнэх дүр зураг харагдаж байгаа юм. Мөн Засгийн газраас үүрэг болгосны дагуу яамд бүтцийн өөрчлөлт хийж, олон хүнийг цомхотгох нь байна. Энэ нь эдийн засгийн хямралаас гарах гарц гэж харж болох ч нөгөө талд нь иргэд “хэцүү” цаг үед ажилгүй суух болж байна. Төр өөрсдийн хариуцлагагүй байдлаа ийнхүү иргэддээ нааж, цомхотголоор шийтгээд байвал төрд итгэх олны итгэл алдарна. Нөгөө талдаа төрийн данхар бүтцийг цомхотгож Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “Ухаалаг төр”-тэй болж чадвал бусдаас нэмэх оноо цуглуулж, үрэлгэн төсвөө хэмнэх юм. Хамгийн гол нь цомхотголд жирийн нэг ажил үүргээ хийж байгаа албан хаагч өртөхөөс илүүтэй ширээний араас олон давхар шат дамжлагаар үүрэг даалгавар өгч, төрийн ажлыг гацаадаг эрх ямбатнууд багтвал олны талархлыг хүртэх болов уу.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР/Монголын үнэн/

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.