Comment.mn

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийг хөнөөсөн хэргийг баллах гэхдээ Ц.Элбэгдорж гэмгүй хүмүүсийг хилсээр ялласан нь олон улсын хүний эрхийн маш ноцтой зөрчил

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн долоо хоногт цацагдсан ярилцлагатай холбоотой дуулиан өнөө хэр нь намжаагүй байна. Яаран намжих ч аргагүй ноцтой зүйлүүдийг тэрбээр ярьсантай холбоотой биз.

Магадгүй, цаашаа үргэлжлэх олон үйл явдлын сэжүүрийг гаргаж тавьсан байж мэднэ. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийн ярьсан зүйлүүдэд тал бүрээс маш олон дүгнэлт, таамгийг хийж эхлээд байна. Тухайлбал, зөвхөн С.Зоригийг хөнөөсөн хэрэг, түүний өмнө, хойно өрнөсөн асуудлаар маш олон мэдээллийг гаргаж тавьжээ. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ юу ярьсныг доор сийрүүлэв.

Тэрбээр “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана. 1996 оны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчний удирдагчид гарч ирсэн. МҮАН болон Социал демикрат намын эвсэл ялалт байгуулж, 50 суудал авсан. Эвслийн тэргүүн нь Ц.Элбэгдорж байсан.

Гэтэл М.Энхсайхан нь Ерөнхий сайд болсон. Энэ нь тухайн үеийн удирдагчдын үзэл санааны том хагарлыг харуулдаг. Тухайн үеийн бүх протоколоор нотлогддог. Өөрөөр хэлбэл, идеалогийн зөрчилдөөн нэг үеийнхний дунд байсан. 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газар огцорч, 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард нь буюу гуравхан сарын хугацаанд ажиллаад дахиад огцорсон. Энэ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг юм. Тухайн үеийн удирдлага Ш.Отгонбилэг агсныг огцруулах асуудлыг болон 80 дугаар тогтоол буюу Сэргээн босголтын банкийг Голомт банктай нэгтгэсэн асуудлыг шийдвэрлээд ерөнхийдөө огцорсон.

Тухайн үед Ш.Отгонбилэг агсантай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүх дээр явж байсан. Ялж яваад ялагдсан. Нөгөө системийн авлигын асуудал үүнээс үүсэж байгаа юм. Тухайн үед Оюу толгой, Тавантолгой гэж байсангүй, Эрдэнэтийг тойрч л авлигын асуудал үүсэж эхэлж байгаа юм. Хэн нь “Эрдэнэ”-ийг хянаж байна тэр нь улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард огцорсон. Наймдугаар сард нь “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийг сольж, Д.Дорлигжавыг захирлаар нь томилсон. Үүнээс хойш том асуудлууд үүссэн. Найм, есдүгээр сараас Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож, шахаж эхэлсэн. Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван сарын хугацаанд улс төр нэлээд халсан. Түүний дараа аравдугаар сарын 1-ний Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд “Улаанбаатар” зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг. Сүүлд нь С.Зоригийг Чимгээ, Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа. С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн.

Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан. Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна. Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан. Энэ хэрэг дээр хэрэв Чимгээ, Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх “Алсан” гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой. Энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцож, Ерөнхийлөгч өршөөлөөр сулласан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Б.Хурц болон прокурорууд яагаад зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдэг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт би итгэдэг. Би гүйцэтгэгч нарыг буруутгахгүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо “Ганцхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг. Ер нь системийн авлига нь 1998 он буюу тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан. Гэвч тэр огцорсон, чадаагүй. Яг энэ систем 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор дахин угсрагдсан. Тэр 1998 онд хийж чадаагүй байсан зүйлээ, Ерөнхийлөгч болоод яг хийсэн. 2012 онд шүүх дээр нэрийг нь өгөөд л МАН-ыг яг дундуур нь хуваасан. Тэр шүүгчдийн нэр нь “Эрдэнэт”-ийн 49, С.Зоригийг хөнөөсөн хэрэг гээд байгаа шүүгчийн нэр яг адилхан байсан. Ерөнхий прокурор нь “Эрдэнэт”-ийн захирал байсан Д.Дорлигжав, шүүгч нар нь Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар, нэмээд гаднаас Б.Хурцыг авчирсан. Энэ системийг бий болгож, хоёр намыг бүхэлд нь мөнхөд хяналтдаа авахыг хүссэн бүлэглэл бий болсон. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг хүртэл парламентаар оруулахгүйгээр шийдсэн байдаг.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал шүүх дээр яагаад гацаад байна вэ гэхээр “Ч.Сайханбилэг гадагшаа гараад явчихсан” гэдэг тайлбарыг шүүх хэлээд сууж байна. Долоон жил боллоо. Ч.Сайханбилэг яг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой шийдвэрийг гаргасан уу, үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход л хийгдсэн тохироо. Ц.Элбэгдоржийн зүгээс тавьсан үндсэн тохироо нь энэ байсан. “Эрдэнэбилэг нарын ийм хүмүүс бидний зүгээс хийнэ. Чи үүнийг хийж чадах уу” гэдэг асуудал. Өөрөө үгүйсгэх байх, гэхдээ бараг уйлж байсан гэдэг. Ерөнхий сайдаа нөгөө бүлэглэл тэгж дарамталж чадаж байсан байна. Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас, гурван эх үүсвэрээр дөрөвдүгээр сарын 21-нээс зургадугаар сарын 20-н хүртэл 400 орчим сая ам.долларыг дансанд төвлөрүүлээд гурван гүйлгээгээр Орос руу шилжүүлж байгаа ийм асуудал. Үүнийг парламент хэлэлцэх бүрэн боломжтой байсан.

Тухайн үед “АН ялагдах магадлалтай” гэдгийг Ц.Элбэгдорж мэдэхийн дээдээр мэдэж байсан. Ч.Сайханбилэг ч түүнд сонин биш байсан. Гагцхүү “Эрдэнэтийн 49 хувь”-тай холбоотой энэ хэлцлийг сонгуулиас өмнө Ч.Сайханбилэгээр дамжуулан дуусгах ийм л зорилготой байсан. Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж наадмын үеэр дэвдэг шүү дээ. Тэр бол С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдчихсэн, “Эрдэнэт”-ийн 49-тэй холбоотой бүх тохироо нь хийгдсэн. Улс төрийн хувьд бүхнээ олж авсан улс төрийн аархал нь дотроос нь гарч байгаа биеийн хэлэмж шүү дээ” гэж ярьсан. Эндээс л гэхэд Л.Оюун-Эрдэнэ “С.Зоригийг хөнөөсөн хэргийг баллах гэхдээ Ц.Элбэгдорж гэмгүй хүмүүсийг хилсээр ялласан нь олон улсын хүний эрхийн маш ноцтой зөрчил” гээд хэлчихсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн өөр олон зүйлийг түүний ярилцлагаас ухаж болохоор байна.

Эх сурвалж: polit.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.