Comment.mn

Дараагийн Эрүүл мэндийн сайд хэн бэ?

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин ажиллахаар болсон. Түүний хувьд давуу эрхтэйгээр засгийн газраа бүрдүүлнэ.

У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газарт орж ажиллах Эрүүл мэндийн сайдад дараах эрхмүүдийн нэр яригдаж байна. Нэр дэвшигчдэд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын нэр яригдаад байна. 2016 оны 11 дүгээр сард Т.Мөнхсайхан нь ГССҮТ-ийн ерөнхий захиралаар, Ж.Чинбүрэн нь ХСҮТ-ийн ерөнхий захиралаар томилогдон ажиллах тушаал гарч, нэгэн цаг үед томилогдсон байдаг.

Эдгээр эрхэмүүд хоёулаа мэргэжлийн эмнэлгүүдэд ерөнхий захиралаар томилогдон ажиллаж байгаад Т.Мөнхсайханы хувьд 2019 оноос нэгдсэн эмнэлгийн ерөнхий захиралаар, Ж.Чинбүрэний хувьд УИХ-д сонгогдон ажиллаж буй.

Дашрамд дурдахад улсын эмнэлгүүдийг зохион байгуулалт, бүтэц, лавлагаа шатлалаар нь мэргэжлийн чиглэлийн болон нэгдсэн эмнэлэг гэж хоёр төрөлд хуваадаг. Мэргэжлийн чиглэлээр дагнасан эмнэлгүүдэд ГССҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, АӨСҮТ зэрэг эмнэлгүүд ордог бол нэгдсэн эмнэлэгт УНТЭ, УГТЭ, УХТЭ зэрэг эмнэлгүүд ордог байна.

Улсын хоёр том эмнэлгийг удирдсан, шилдэг мэс засалч Т.Мөнхсайхан

Тогтмолын Мөнхсайхан нь 1983 онд төрсөн, 2006 онд АШУИС-ийг их эмчээр төгсч, улмаар 2006 оноос ГССҮТ-д гэмтэл согог судлалын их эмчээр ажиллаж байгаад 2016 онд ГССҮТ-ийн ерөнхий захиралаар, 2019 оны долдугаар сараас УНТЭ-ийн ерөнхий захиралаар тус тус томилогдон ажиллаж байна. Тэрээр Үений дурангийн Нийгэмлэгийн захирал,  Монголын түлэнхийн сангийн тэргүүн,  Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэдэг.

Т.Мөнхсайхан нь 2006-2019 онд ГССҮТ-д ажиллаж байх хугацаандаа Монголд анх удаагаа үений дурангийн мэс засал, Хагас хиймэл үеийг солих мэс засал, Мөрний дурангийн мэс засал болон шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслуудыг тус тус нэвтрүүлэн нутагшуулсан гэгддэг. Тэрээр Монголын түлэнхийн санг байгуулснаар жилдээ 0-5 насны 60 орчим хүүхэд түлэгдэлтээс болж нас бардаг байсныг 90 хувиар бууруулж, төлбөрийн боломжгүй бага насны хүүхдүүдийн зардлыг тус сангаасаа гарган эмчилдэг байна. 

Жилдээ нэг ангийн хүүхдүүдтэй дүйцэхүйц бага насны хүүхдүүдийн амь насыг аварч, эндэгдлийг бууруулж чадсан түүний гавьяаг төрөөс үнэлэн алтан гадас одонгоор шагнаж байв. Т.Мөнхсайханы хувьд УНТЭ-ийн ерөнхий захиралаар  ажиллаж буй жил ормын хугацаанд хоёр Монголд анх удаагаа хоёр талт буюу амбулаторийн эмийн сан, цогц үзлэг, оношилгооны “Эрүүл мэндийг дэмжих төв”, эмчилгээний 10 орчим шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, 20 орчим эмчилгээ, үйлчилгээний томоохон дэвшилтүүдийг хийж, хэрэгжүүлжээ.

Т.Мөнхсайхан 14 жилийн хугацаанд 2000 гаруй өвчтөнд өвдөгний үений дурангийн мэс засал, хагас хиймэл үе солих мэс заслуудыг хийсэн хэмээн үнэлэгдэж шилдэг мэс засалчаар шалгарч байв. Т.Мөнхсайхан улсын эмнэлгийг олон улсын жишгээр хөгжүүлэх хэд хэдэн бодит алхамуудыг хийж эхэлсэн гэгдэж буй. Тухайлбал  ГССҮТ-д эмчилгээ, үйлчилгээний шинэ технологи, эмчилгээг нэвтрүүлж, хэд хэдэн мэс заслуудыг шинээр хийх боломжийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн УНТЭ дээр хагас бие даасан байдлыг цогц утгаар нь хөгжүүлэх, дан ганц улсын төсвөөр биш эмнэлэг өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой гэдгийг цогцоор нь харуулахыг зорьж буй аж. Тэрээр тусгай мэргэжлийн гэгдэх ГССҮТ,  улсдаа хамгийн томдоо орох нэгдсэн эмнэлгийг амжилттай удирдаж буй залуу удирдлага хэмээн салбартаа зүй ёсоор үнэлэгдээд буй.

УИХ-ын гишүүн, Хүний гавьяат их эмч Ж.Чинбүрэн

Жигжидсүрэнгийн Чинбүрэн нь 1972 онд төрсөн, 1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан, 1998-2007 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч, 2008 оноос одоог хүртэл ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгчээр, 2016 -2019 онд ХСҮТ-ийн ерөнхий захиралаар, 2020 оны долдугаар сараас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Тэрээр ХСҮТ-ийн ерөнхий захиралаар ажиллах хугацаандаа Хавдаргүй монгол, Элэг бүтэн Монгол зэрэг томоохон хөтөлбөрүүдийг санаачлан өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Мөн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д амжилттай хийсэн.  Ж.Чинбүрэн эмч 23 жилийн туршид 1200 гаруй хүнд элэгний хагалгаа хийжээ. Түүний эрүүл мэндийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг төрөөс үнэлэн 2019 онд Хүний гавьяат эмчээр шагнасан байдаг.

Ж.Чинбүрэн нь элэгний өвчлөлийг бууруулах зорилгоор МАН-аас 2020 оны УИХ-д нэр дэвшин, олонхын саналаар ялалт байгуулсан. Одоо түүнийг “Монголоо эмчилнэ” гэсэн уриагаа хэрэгжүүлэхийн төлөө хууль эрх зүйн орчныг өөрчлөх, эрүүл мэндийн салбарт бодит дэмжлэг өгөх хууль санаачилна хэмээн хүлээлт үүсээд байгаа аж. Гавьяат эмч Ж.Чинбүрэн нь 2018 онд Францын мэс заслын Академийн хүндэт гишүүн болж байжээ.  

Салбартаа болон нийгэмд ур чадвар, хийсэн бүтээснээрээ тодроод буй дээрх хоёр эрхмүүдийн хэн нь салбарын бодлогыг зангидаж, бодит хөгжлийг авчрах вэ гэдгийг харах л үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.