Comment.mn

Д.Төмөрцог: “Чимээгүй ирэх дурлал”, ”Бүсгүй”, “Ханьдаа дуулъя” дуунд хуримын бөгж солилцсон хос олон

Өнөөдрөөс тоолбол 27 жил “Хурд”-ын гэх өндөр тайзыг амилуулж яваа төрмөл  авьяастан бол Дамбын Төмөрцог буюу Хурдын Цогоо. Түүний цээл, сонсголонт хоолой Монголын уянгын дууны орон зайг дүүргэдэг. 1993 оноос “Хурд” хамтлагийн гоцлол дуучин болж, тайзнаа гарсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тэрбээр сэтгүүлчийн өмнө тухлан суугаад амьдралаа дэлгэж, сэтгэлээ уудлаагүй. Бусдыгаа бодвол хамгийн амбийцгүй нь гэж хэлж болохоор Цогоогийн олонх фэн нь бүсгүйчүүд. 
Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай
Энхрий цайлган бүсгүй минь
Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй
Энэ л насаараа би үгүйлж явах нь дээ…
хэмээн Цогоог гитарын зөөлөн аялгуунд уусан шингэн дуулж эхлэх мөчид л өөрийн эрхгүй бодлогоширмоор, босч бүжиглэмээр, хашгирмаар, хайрлан дурламаар болдог. Тайзан дээр дуулахаар л заяагдсан түүний хэвлэлд өгч байгаа анхны бүрэн хэмжээний ярилцлагыг уншигч авхай та таалан болгооно биз ээ.  

-27  жилийн өмнөх Цогоотой танилцмаар байна. Таны тухай намтар ярилцлага бүү хэл нэг, хоёр томоохон мэдээлэл ч тун ховор юм. Бүхний өмнө ийм ил амьдарсан хэрнээ яагаад хэвлэлд ярилцлага өгдөггүй юм бол гэж гайхлаа?
-Яагаад ч юм ярилцлага өгөх ажлаас бултчихдаг байсантай холбоотой юм болов уу. Тэгэхээр “Хурд”-аар овоглоод 27 жил болсны дараа танай сониноор дамжуулан сонсогч, фэнүүдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Миний дууг сонсдог, манай хамтлагийг сонссоор байдаг бүх бүсгүйчүүддээ “Үндэсний шуудан” сониноор дамжуулан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. “Хурд”-ыг тайзан дээр гарах бүрт гараа өргөж, алга ташдаг, чин сэтгэлээсээ уяран сонсдог, дагаж дуулдаг та бүхэндээ хайртай шүү. 27 жилийн өмнөх Цогоо бол үг дуу цөөнтэй, яриа хөөрөө муутай, “Рашаант” өртөөнд мал хариулдаг, үе үе хот руу сүү зарах гэж орж ирдэг, гурван жилийн цэргийн алба хаачихсан, дуу хөгжимд ах нарынхаа адил хайртай залуу хархүү явлаа.  

-Таныг хамтлагийн дуучин болъё гэхэд ах нар чинь хэд хэдэн удаа татгалзаж байсан гэж сонссон. Тиймээс “Хурд” хамтлагийн хоёр дахь бүрэлдэхүүнд нэлээд хожуу бөгөөд тун сонин учралаар багтаж дээ гэж бодож байв. Дуучин болсон түүхээсээ хуваалцаач?   
-“Хурд” гэх рок хамтлаг анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар цаг хэцүү болж, зах зээлийн шуурганд хамтлагийн гишүүд тарж, хувийн бизнес эрхлэх нь эрхэлээд явцгаасан.  1991 онд эхний бүрэлдэхүүн албан ёсоор тарснаар Д.Ганбаяр ах ганцаараа үлдсэн. Ингэж үлдэхдээ хоёрдугаар бүрэлдэхүүн бий болгосон. Хамтлаг хоёр жил гаруйн хугацаанд дуучингүй, зөвхөн хөгжмийн бэлтгэл хийдэг байлаа. Энэ хугацаанд би гурван жилийн цэргийн алба хаагаад ирсэн байв. 1993 он боллоо. Дуучин хайж, 300 гаруй залуусыг шалгасан байдаг. Нэг ч хүн тэнцээгүй. Тэгэхэд “Харанга” хамтлаг бүрэлдчихсэн, хэдийн уран бүтээлээ эхлүүлчихсэн үе байлаа. Миний хувьд дуу дуулах хүсэл байсан ч ах нар намайг ер тоодоггүй. Ингээд тоогдоогүй хүн чинь аав, ээждээ тусална. Малаа хариулна. Малынхаа сүүг хот руу зөөж зарна. Юу эсийг хийх вэ. Төмөр замын гурван угсармал, хорооллын прадоксын байруудын өмнөх талбайд “Сүү аваарай” гээд орилж л явлаа. Манай хамтлагийн басс гитарчин Н.Наранбаатарынх төмөр замын гурван угсармал байранд байдаг учраас сүүгээ зарчихаад битон, саваа гэрт нь оруулж тавьчихаад хамтлагийн бэлтгэлийн байр руу их явсан. Манай хэд хөгжмийн бэлтгэлтэй, “Харанга”-ийнхан байнгын бэлтгэл хийнэ. Би оччихоод “Би дуулъя” гэхээр, “Чиний дуулна гэж юу байдаг юм” гээд голно. Иймэрхүү байдлаар нэлээд удаан явсан. Тэгж байтал цагаан сар боллоо. Тухайн үед ЗХУ-д үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг “Весна” магнитофон ашиглан нэгэнд нь дууныхаа понаграммыг тавин, нөгөөд нь хөгжмөө сонсон дуулж бичээд кассетаа хураачихлаа. Сар шинээр ах нар аав, ээж дээр золгохоор ирэхэд нь өнөөхөө “Май, үүнийг нэг сонс” гээд өгчихлөө. Д.Ганбаяр ах сонсоод “Хүүш энэ чинь болчихмоор юм биш үү” гээд цочиж байна. Цагаан сар дуусуут “Цогоог Харангынхнаар шалгуулна” гэсээр дагуулаад явлаа. Лхагва миний дуулсан бичлэгийг сонсоод, “Ганбаяр аа, чамд хэлээ биз. Айлаас гуйхаар авдраа уудал. Танай дотор л хамтлагийн чинь дуучин байгаа гэж зөндөө хэлсэн дээ” гэж байна. Ингэж л би 1993 онд “Хурд”-ын гоцлол дуучин болж байлаа.  

-Урт үстэй, элдэв чимэг зүүлттэй залуучууд тайзан дээр гарч ирээд микрафоноо авч гүйсээр үсээ сэгсэрч бут авдаг байсан нь тухайн цаг үедээ “үзэгдэл” байв. Тун удалгүй уянгын дуу дуулж, бүсгүйчүүдийн төдийгүй залуусын сэтгэлийг хайраар хөглөсөн нь учир шалтгаантай байв уу?
-Анх “Чоно”, “Алив бос” гэх мэт дандаа рок дуу дуулсан. Тэр үед рок дуу, хөгжим сонсогчгүй байлаа. Монголын хамгийн том хөгжмийн фистиваль “Пентатоник”-ийн тайзан дээрээс дээрх дуунуудаа дуулж, үзэгчдийг мөн ч олон “залхаасан”. Одоо хэлбэл, фэнүүд минь итгэхгүй л болов уу. “Зайлаач ээ”, “Тайзнаас буугаач” гэж мөн ч олон хөөгдсөн дөө.  Тэгээд “Ганц нэг уянгын дуу хийж үзье” гэж ярилцаад “Цэргийн бодол” дууг дуулсан. “Цэргийн бодол” бол тэнгэрт дэвшсэн, бидний хамгийн том ах Д.Ганболдын үг, аяыг нь хийсэн дуу шүү дээ. Монголын ард түмний дунд хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн бодол” дуу энэ жил 42 нас хүрч байна. Ах маань 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиосон түүхтэй. Гурван жилийн цэргийн хуарангаас төрсөн энэхүү бүтээл яах аргагүй шилдэг бүтээл. “Цэргийн бодол” бол манай хамтлагийг Монголын ард түмэнд таниулж өгсөн дуу. Үүнээс хойш биднийг ямар уран бүтээл гаргах бол гэж сонсогчид хүлээдэг болсон. 

-Та бүхний хамгийн анхны том тайз?
-1995 онд байх гэж санаж байна. Тухайн үед “Их долоо” гэгддэг байсан “Буян”-гийн Жагаа, “ Цагааншонхор”-ын Энхтайван зэрэг долоон том босс Монголд бизнес эрхэлдэг байлаа. Тэр хэд нэг, нэг хамтлаг авч Төв цэнгэлдэхэд 30 мянган хүн цуглуулсан том шоу хийсэн. Бие биедээ томорч байгаа нь тэр л дээ. Гэтэл манайхыг авдаг хүн байдаггүй ээ. Тэр үед “Цэргийн бодол” гарчихсан ч нийтэд төдийлөн түгээгүй байсан үе. Төв цэнгэлдэхэд өнөөх шоу болох гээд хуралдлаа. “Харанга”, “Хөх тэнгэр”, “Никитон”, “Камертон”, “Номинталст”-ыг өнөөх боссууд авчихлаа. Манайхыг авах хүн байдаггүй. Ингээд тоглолт хийхээр хуралдаад дуустал, одоо аль намын дарга хийж байгаа вэ, Б.Батболд гэж нөхөр нь биднийг авъя гэж байна. Ингээд л бэлтгэлдээ ороод, пижигнэлээ дээ. Тоглолтын гуравдугаарт “Хурд” гээд л зарлалаа. Бид тайзан дээр гараад “Чоно”, “Алив бос”-оо дуулчихлаа. Хүмүүс нэг л хөдөлдөггүй шүү. “Цэргийн бодол”-оо дуулаадахсан чинь л цэнгэлдэхэд байсан 30 мянган хүн бүгд орилоод босоод ирсэн дээ. Энэ дууг оюутнуудаас эхлээд цэрэг, цагдаагийнхан үгийг нь хувиргаж их дуулна. Тэр бүү хэл шоронд ял эдэлж байгаа хоригдлууд хүртэл үгийг нь хувиргаж дуулдаг байсан юм.  

-Хамтлаг байгуулагдаад 29 жил болжээ. Энэ хугацаанд хамтлагийн гишүүд нэг ч удаа олны нүдэнд болох болохгүй үйлдлээр өртөж, чих халууцуулж байсангүй. Нэг айлын олон эрэгтэй хүүхэд ийм дэг, зарчимтай өсөж, өдий хүртэл Монголын шилдэг хамтлагийн эгнээнээс ухарсангүй, бат бөх оршиж байгаагийн нууц нь юу байна вэ?
-Гэр бүлийн хүмүүжилтэй маань холбоотой. Миний аав ээж хоёрын ажил, амьдрал “Рашаант” зөрлөгөөс эхлэлтэй. Бид тэнд өссөн. Ганц “Рашаант” ч биш одоогийн “Хангай”, “Ногоон толгой” зөрлөгт ч манайх байсан. Төмөр зам дагаж өссөн, төмөр замчин гэр бүлийн хүүхдүүд. Бид 20, 51 дүгээр сургуульд сурдаг, сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан. 

-Аав, ээж хоёрынхоо тухай тодорхой яриач. 11 хүүхэд төрүүлж өсгөсөн буурлууд өдгөө нас сүүдэр хэдтэй билээ. Хөвгүүд ихэвчлэн аавынхаа харцанд томоожиж өсдөг хүмүүжлийн уламжлал манайд байдаг даа?
-Миний аавыг Ц.Дамба гэдэг. Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат хүн. Ер нь, Баянхонгорын Ламын гэгээний удмынх. Бага залуудаа боловсрол эзэмшсэн, 1935 онд төрсөн. Ээжийг минь Ж.Памжав гэдэг. Завхан аймгийн Дөрвөлжин сумынх. Аав ээж хоёр минь илгээлтээр ирж, төмөр замчин болцгоож, 63-ын точик дээр танилцаж, гэр бүл болсон түүхтэй. Аав ээж хоёр маань насаараа төмөр замд ажиллаж, одоо гавьяаны амралтаа эдэлж суугаа. Аав замчнаас эхлээд бригадын, шалгалтын бригадын даргаар ажиллаж байсан. Ээж сумчин.  Манайх гэдэг айл арван хүү, ганц охинтой. Бид чинь гэрийн боорцог, ааруул, өрөм л идэж өссөн. Дамбынх гэдэг айлын ерөнхий бодлогыг ээж барина. Аав, ээжийн ажил ихэвчлэн үүр, шөнөөр эхэлдэг учраас хэдэн сайхан нөхөд гэр, хошоо дааж үлдэнэ шүү дээ. Ээж оройн хоолны дараа маргааш хэн нь юу хийхийг даалгаж өгдөг байлаа. Үүрээр аав, ээж хоёр ажилдаа явлаа, бид хэд тоглож тоглож нэг юм орой 17.00 цагаас өмнө дааж авсан ажлуудаа хам хум дуусгадаг байлаа. Хальтхан орон гэрээ цэвэрлэсэн болно. Ээж хараад л мэдэлгүй яах вэ дээ. Шалны модоор мөн ч олон гөвүүлсэн дээ, бид. Бид чинь ер нь тэгээд ах, захтай өссөн үеийн хүүхдүүд. Одоо бол бидний үеийнхэн шиг гэр бүлдээ хүмүүждэг залуус ховор болж. Хүүхдийн хүчирхийлэл хэрээс хэтэрсэн байна. Алах гэж, өвтгөх гэж, тамлах гэж хүүхдээ цохидог хүмүүс олшроо юу даа. Гэтэл бидний эцэг эх үр хүүхдээ ухааруулж, хүмүүжүүлэх гэж, чих зөөлөнтэй өсгөх гэсэндээ жавтий хүртээдэг байж. Олон эрэгтэй хүүхэд нэг гэрт өссөн болохоор ах нь дүүгээ, дүү нь ахаа хүндэлж, хайрлаж,  хамгаалж өссөн дөө. 

-Тэгвэл ээжээсээ айдаг байжээ? 
-Манай аав бол их гүдэсхэн эр хүн. Баргийн юманд оролцоод байдаггүй. Гэхдээ сард нэг удаа биднийг жагсааж байгаад сайн авна даа. Ээж бол жинхэнэ цэргийн командлагч. 80 гарсан ээжээсээ архайсан хэдэн хүү нь одоо ч айна. 

-Таны ах Д.Отгонбаяр “Цогоо ганцаараа хэдэн ч цаг тайзан дээр дуулсан хоолой нь цуцдаггүй” гэж ярьж байсан. Таны энэ цээл, цуцашгүй хоолой удмынх уу?
-Миний хоолойн тембр Солиа. Ийм тембр ер нь их ховор, байхгүй гэхэд болно. Би ээжээс минь өвлөгдсөн болов уу гэж хэлнэ. Миний ээж их сайхан дуулна. Ёстой л цангинадаг байсан. Залуудаа надаас нарийн хоолойгоор, сайхан дуулна.   

-Солиа тембрт тохирохгүй дуу гэж бий юү?
-Байлгүй яахав. Хүн хүний зохиол өөр шүү дээ.

-“Хурд” хамтлаг дууныхаа шүлэгт их анхаардаг болов уу гэж анзаарагддаг. Шүлгээ хэрхэн сонгодог вэ?
-Одооны дууны шүлгүүд дандаа зорилтот болжээ. Жишээ нь, С.Жавхланд зориулж  шүлгийг нь бичдэг, аяыг нь хийдэг болсон. Гэтэл ийм байгаагүй. Манай хамтлагийн ихэнх дууны үг хог дээрээс олдсон байдаг юм. “Зураг шиг бүсгүй”, Аавдаа би хайртай”…гэх мэт. Найз нөхдүүд “Гудамжнаас ийм шүлэг оллоо. Энэ дуу болохоор байна уу” гээд л аваад ирдэг байсан. Ийм байдлаар дуу болж амилсан хэд хэдэн уран бүтээл бий. “Зураг шиг бүсгүй”, “Аавдаа би хайртай” бүтээл яагаад өнөөдрийг болтол сонсогчдын хайртай дуу байсаар байгаагийн нууц нь тэр үед одоогийнх нь шиг утас, цахим харилцаа байсангүй. Хайртай бүсгүйдээ, аав, ээждээ бичих гэснээ цаасан дээр буулгадаг, дурсгалын шүлэгтэй гоё гоё дэвтэр залуусын энгэрт зөндөө байсан. Эндээс л өнөөдрийн амь, сүнстэй дуунууд төрж байж гэж боддог. 

-Зураг шиг хээнцэр бүсгүйтэй танилцаад
Зун шиг өег сэтгэл надад төрлөө
Ухааны илрэл үгийг чинь сонсохоор
Утсаар ярих болзоог тавилаа…гэх гоё дуу бий. Энэ мэт олон сайхан хайрын дууг залуусын чихэнд та нар “уясан”. Уянгын дуу, ялангуяа амраг хайр, ариун дурлалын тухай дууны аялгуу зохиоход тухайн зохиогчоос гоо сайхны өндөр мэдрэмж шаардахаас гадна дуучнаас тэр хэмжээний авьяас шаарддаг болов уу. Дууг хэрхэн урлаж, амилуулах ёстойг таниас л асуувал зөв юм шиг санагдах?

-Үг бол үнэн байж зүрхэнд хүрдэг. Гэтэл орчин үед бүсгүйгээ хэт гоёчилж, магтаад байгаа учраас хайрын шүлгүүд ургүй, амтгүй болоод байгаа санагддаг. Өөрөөр хэлбэл, нийтэд биш нэг хүнд зориулсан шүлэг, ая дуу болохгүй байгаа юм. “Чимээгүй ирэх дурлал”, “Зураг шиг бүсгүй”, “Чамайг зорино” дуунуудыг сонсож байгаад суучихсан хүмүүс олон. Манай тоглолт дээр хуримынхаа бөгжийг солилцсон хос зөндөө. Яагаад гэхээр үг нь үнэн учраас тэдний зүрхэнд амилаад байгаа юм. Мэдээж дууны шүлэг бол гол амин сүнс. Түүнд зохицсон ая чухал. Ийм бүтээлийг яаж илэрхийлэх нь дуучны асуудал болдог.  

-Таны фэнүүдийн олонх нь бүсгүйчүүд. Танд тэд сэтгэлээ илчлэх ч юм уу, хайрын захидал өгч байв уу?
-Байсан, байсан. Нуугаад яах вэ. 

-Нэг айлын 10 хүүхэд бүгд хөгжмийн авьяастай байхаас гадна хоёр ч том хамтлаг бүрдүүлнэ гэдэг тун сонин. Бүгд ямар нэгэн өөр мэргэжил эзэмшээгүй ч ард түмний хайртай хөвгүүд болжээ?
-Би багаасаа л мал хариулдаг хүүхэд байснаа дээр хэлсэн. Хэдэн хонь, ямаагаа Рашаантын урдхан талын хайрхны энгэрт тогтоочихоод өөрөө хайрхныхаа оройд гарч суугаад гитартай дуулдаг байсан. Рашаантынханд сонсогдохоор чанга орилж дуулдаг хүүхэд байсан. “Би хэзээ нэгэн цагт Монголын нэртэй дуучин болно доо” гэж өөртөө байнга хэлдэг, дотроо тэгж боддог хүү байлаа. Манайхан чинь бөмбөр, гитар, цахилгаан хөгжим бүгдийг нь тоглоно. Ах нар гитараа өөрсдөө хийдэг байлаа шүү дээ. Нэг нь л юу сонирхоно бүгд дагаад сурчихдаг байсан. Бид чинь арван жилийн сурагч байхаасаа л хөгжим, дуу сонирхож явсаар урлагтай амьдралаа холбоцгоосон. 

-Анх тайзан дээр гарсан мэдрэмжээ хуваалцаач. Айдас, сандрал байв уу?
-Сандралгүй яах вэ. Сандрахгүй үе гэж ховор шүү дээ. Тайзны ард зогсож байхаас эхлээд л шээс хүрнэ. Нойл орохоор гарахгүй, буцаад тайзны ард ирэхээр л дахиад шээс хүрнэ. Энэ бол сандрал, айдас. Гэхдээ одоо бол шээс хүрэхээ больсон. (инээв) 

-Та хэр эмоцитой вэ. Их тайван, дөлгөөн харагддаг. Зан араншингийн тухайд аав, ээжийнхээ хэнийг дууриасан бэ?
-Би багын их дуугүй хүүхэд байсан. Гэхдээ найз нөхөдтэйгээ нийлээд суувал яринаа ярина.        

-Та “Чамайг зорино” гэх дууны үг, аяыг зохиосон байдаг. Энэ дуу бас л хүмүүсийн хайртай уран бүтээл шүү дээ. Хамтлагт ороогүй байхдаа зохиосон гэхээр төрмөл авьяас байж дээ?
-Дуучин болохоосоо өмнө зохиож байлаа. Дуучин болчихоод өөрөө дуулсан. Хүмүүст ч их хүрсэн. Боломжийн бүтээл болсон гэж боддог. 

-Та гэр бүлээ танилцуулаач. Охин нь оюутан байх аа?
-Охинтойгоо амьдарч байна. ”Их Засаг” сургуулийн Хуулийн ангийн III курсийн аюутан. 

-Нэг үе “Хурд” хамтлагийн нэрний өмнө “Эрэл” гэх шошго дагадаг байсан. Хэзээнээс “Эрэл” Хурд болсон юм бэ?
-2000 оны сонгуулиар бид эх орноо бүтэн тойрсон. Энэ л үеэс “Эрэл” Хурд болсон. Тухайн үед “Эрэл” компанийн байранд байрладаг байсантай холбоотой. 

-Та бүхэн сүүлийн үед хүмүүнлэгийн ажил нэлээд өрнүүлж байна. Дэлхий нийтийг айлгаад байгаа коронавирусийн халдвараас төр засаг ч гэлтгүй иргэн бүр урьдчилан сэргийлж байгаа энэ үед хандивын тоглолт зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байхаас гадна “Хайртай” аяныг 21 аймгаар явж хийлээ. Энэ аяны зорилго юу вэ?
-Сая бид “Хайртай” төсөл хэрэгжүүлээд 21 аймаг, дөрвөн том суурингаар яваад ирлээ. Улаанбаатарын есөн дүүрэгт аянаа үргэлжлүүлэх ажил түр хугацаагаар хойшлоод байна. Аяны зорилго нь, манай Монголын нийгмийн амьдрал бүсгүйчүүдийн нуруун дээр яваад байна. Улс орон, өрх гэрээ төвхнүүлэх үйлсэд эрчүүдийн оролцоо, хандлага муу байгаад эмзэглэж тэдэндээ зориулаад “Хайртай” аяныг санаачилсан. Эх орноо бүтэн тойрсон аяны хүрээнд хэд хэдэн нөлөөллийн ажил хийлээ. Эрчүүдээ сэрээх зорилготой юм уу даа.  Мөн бид Монголын ард түмний хайр, хүндэтгэл дор өдий зэрэгтэй уран бүтээлээ туурвиад яваа. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байх ёстой. Тиймээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголд анх удаа онлайн, лайв тоглолт хийхээр бэлтгэлээ хангаад дуусч байна. 

-2000 онд 21 аймаг 330 сумаар явж байсан 2019 онд тойрч байгаа энэ аялал хоёроос харвал, иргэдийн амьжиргаа, аймаг, орон нутгуудын ахуй байдалд өөрчлөлт гарч уу?
-Сайхан болжээ. Зөвхөн авто замын сүлжээг нь л ярихад бүх аймаг, сум руу хөтөлсөн авто замтай болж. Залуус соёлтой болж. Иргэдийн амьжиргаа дээшилсэн байна. 2000 онд орон нутагт очиход залуусын олонх нь л согтуу байдаг байлаа. Одоо архи уусан хүн харагдахгүй юм. Ганц нэг л согтуу хүн хаа нэг үзэгдэж байна. Түүнээс булан тохой бараадсан, хийх ажилгүй, согтуучууд цөөрч. Аяныхаа хүрээнд “Хэрсүү хүүхэд”, “Урмаар тэтгэе”, “Хөвгүүдийн уулзалт” гэх гурван том контент бэлтгэсэн. Үндэсний телевизээр  бямба гараг бүр гарч байгаа. 

-Та Монголын нийгмийн ачааг эмэгтэйчүүд үүрч явна гэж хэллээ. Эрчүүдийн оролцоо, идэвх сул байгаагийн учир шалтгаан юунд байна вэ?
-Үнэн шүү дээ. Эрээнээс хэн гахай үүрч вагонд чихэлдэж явааг хараарай.  Хүүхнүүд зүтгэж байна. Ажлын байруудад хэн байна, эмэгтэйчүүд. Тэд манлайлж байна. Бүхнийг эрчүүдийн оролцоогүйгээр хийж байна. Эрчүүд бүсгүйчүүдэд багахан дэмжлэг үзүүлэх байдлаар амьдарцгааж байна. Эрчүүд хаачив. Үүний шалтгааныг бүрэн хэлж мэдэхгүй ч, хүн хүнээ хүндэтгэх үзэл санаа үгүй болж байгаатай холбоотой болов уу. Мөн Монгол Улсад гэр бүл рүү чиглэсэн төрийн бодлого алга. Төрийн бодлогыг шууд хэрэгжүүлж байх ёстой хамгийн бага нэгж нь гэр бүл байтал тэнд салалт, архидалт, хүчирхийлэл, хүүхдийн хүмүүжлийн харилцаа, боловсрол эзэмшилт, ажилгүйдэл, орлогын хуваарилалт бүгд байхгүйтэй ижил болсон. Замбараагаа алдсантай холбоотой юм болов уу. 
-Дурлал дуугүйхэн, чимээгүйхэн ирэх юм
Дуулах дуу, ярих ярианд минь тодоос тод илрээ дээ
Томоогүйхэн, гэнэнхэн нас минь хэдийн арилжээ
Торниун болоод идэрхэн үе минь иржээ…гэх дууг онцгойлон асуумаар болох юм. Учир нь хайр бол мөнхийн сэдвээс гадна, дурлаагүй хүн байдаггүй. Олон сайхан хайрын дууны тань төрсөн түүхийг сөхмөөр байв ч сонины зай талбай хэмжээтэй. Онцолж асуусан дууныхаа төрсөн түүхийг сонирхмоор байна?

…Хайр сэтгэлийн ариун зөөлөн хүсэл
Ханийн жаргал эдлэх мөрөөдөл болон төгсөх юм
Бодсон бодлын бүхэл бүтэн хэлхээнд
Булбарай чи минь байгаа чигээрээ үзэгдэх юм
Дутуу нойртой шөнийн зөн билгийн зүүдэнд
Дуулим хорвоод чамтайгаа амьдарч байгаа нь харагдах юм
Дусал нулимс унахдаа хацрыг исгэн доошилж
Дурлал дагасан бодол түүгээр урсан ариусах юм
Уян зөөлөн сэтгэл учирлын болзоог дурсаад
Улирах цагийн аяст үл мэдэг гомдох юм
Уруулын чичирхийлэлт зүрхэнд гүн мэдрэгдээд
Улам ихээр догдолж мэдрэхүй бүр мөсөн чинэрэх юм
Холын холд одохуй чиний минь дүр зураг
Ойрын ойр юм шиг санаанд илхэн буух юм
Хос хунгийн цэнгээг нүдээн чилтэл харахуй
Хайрт чамайг санаад нулимс аяндаа асгарах юм…

Энэ бол яах аргагүй үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, сэтгэлийнх нь гүн дэх хайрын түүхийг нь эргэн сануулдаг увидастай дуу. “Чимээгүй ирэх дурлал” дуу олон хосыг учруулсан. Энэхүү дууны шүлгийг зохиолч есдүгээр ангийн сурагч байхдаа орцонд суугаад бичсэн байдаг. “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин МУГЖ Д.Отгонбаяр аялгууг нь хийснээр дуулсан. Монголын анхны рок баллад дуу гэдгээрээ тэсрэлт хийж уянгын дууны стил жанрыг үндсээр нь өөрчилсөн. 
…МУГЖ дуучин Д.Төмөрцогийн ертөнц энэ. 30-аад бүрэн хэмжээний тоглолт, 10-аад цомог, дөрвөн DVD, Монголын рок поп хөгжмийн дээд шагналыг 12 удаа хүртэж байсан нь түүний хоолойг хэр “шандас”-тайг төвөггүй илтгэнэ. Цогоо бол хайр мэдрэгч хэн бүхний зүрх сэтгэлийн орон зайд дураар амьдрагч. Тэдний өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг “ертөнц” нь Хан-Уул дүүрэгт бий. Цогоог зорьж очоод дуулах дуунд нь уясан суух сайхан байлаа. Өнөөх л зөөлөн, намуун, сонсголонтой хоолой мэдрэмж хөглөж, тэрхэн агшинг уянга дүүрэн болгох аж. Түүнтэй ханатал ярьж суугаад бэлтгэлийнх нь байрнаас гарч одохуй хаалганы цаана, 
“Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч
Нүднээс далд ганцхан ижий минь намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгирвал
Ижий минь л ганцаар миний дууг танина байх даа…гэх дуу чихнээ сонсогдоод аялгуу нь алсрав. Ай Цогоо… арван наймтай  насыг чинь сэтгэлдээ зураглан бодохуй өөрийн эрхгүй нүдэнд инээд тодорч, сэтгэлд хайр буцлах шиг ээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.