Comment.mn

Н.Мөнхбаясгалан: Завхан аймаг “Эрүүл хүнс, Эко бүс нутаг” болж чадвал эдийн засгийн чадавхи дээшилнэ

Завхан нутгийн залуус нэгдэн “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, Завхан нутгаа Монгол улсдаа жишиг, тэргүүлэгч аймаг болгох зорилго өвөртлөн Завхан нутгийнхаа 2020-2030 оны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг санаачилж төслөө боловсруулаад буй билээ. Энэхүү төслийн хүрээнд энэ сарын 11-нд Завхан нутгийн оюутан залууст зориулсан “Шинэ Завхан Оюутан, залуучууд хөгжлийн форум” уулзалт зохион байгуулав.

Уг форум уулзалтын үеэр “Мөнхөд Ашдын зам” ХХК-ны ерөнхий захирал, “Шинэ Завхан” төслийн санаачлагч Нанзаддоржийн Мөнхбаясгалантай цөөн хором хөөрөлдлөө.

-“Шинэ Завхан-2030” төсөл хэрэгжүүлж буй. Энэхүү төслийнхээ хүрээнд Завхан нутгийн оюутан, залуучуудын форум уулзалтыг зохион байгуулж байгаа юм бэ. Энэ тухайгаа?

-“Шинэ Завхан 2030” хөгжлийн хөтөлбөрийг Завхан аймгаас төрөн гарсан одоо цагтаа бусдыгаа манлайлж яваа урлаг, спорт, бизнес, улс төрд ажиллаж байгаа төлөөлөл болсон залуучууд энэхүү хөгжлийн хөтөлбөрийг санаачлан нэг жилийн хугацаанд боловсрууллаа. Энэ хөгжлийнхээ хөтөлбөрийг залуучууддаа танилцуулах гэж байна.  Нутаг орныхоо хөгжлийг урт хугацааны бодлого, хөгжлийн хөтөлбөрөөр тодорхойлдог ийм цаг үе ирсэн. Ийм учраас Завхан аймгийн өнөөдрийн хөгжлийг богино хугацаанд хөгжүүлэхээр зорилго тавиад байна. Өөрөөр хэлбэл, өмнөх 30 жилийн хөгжлийг дараагийн 10 жилд авчирна гэсэн төлөвлөгөөтэй хөгжлийн хөтөлбөрөө боловсруулсан байгаа.

-Өмнө нь Завханд очиж орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан. Нутгийн иргэдийн санал, үзэл бодол, тэдэнд тулгамдаж буй асуудал нь юу байна?

-Нутгийн зон олон маань бидний хөгжлийн хөтөлбөрийг маш сайхнаар хүлээж авсан. Бүх иргэддээ хүрч очин уулзаж хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж яваа. Нутгийн иргэд дараагийн үеийнхэн төрөн гарч ирж хөгжлийн төлөө явах гэж байгааг ойлгож байна. Одоо цаг үетэйгээ хөл нийлэн алхах болсныг бүгд дэмжсэн. Тиймээс хөгжлийн хөтөлбөр зайлшгүй хэрэгтэйг Завхан аймгийн ард иргэд хүсэж байгаа.

-Өнөөдрийн Завхан өнгө төрх ямар байдалтай байна. Та бүхний 2030 хөгжлийн хөтөлбөрөөр ямар төвшинд очих вэ?

-Өнөөдрийн Завхан бол хөгжлийн төвшингийн хувьд сайнгүй үзүүлэлттэй яваа. Монгол улсын статистикийн газрын мэдээллээс үндэслэж гаргасан судалгаанд, өнөөдрийн Завхан ядуурлын түвшингээрээ улсынхаа хэмжээнд хоёрдугаар байранд явж байна. Мөн хүний хөгжлийн индексээр 21 аймгаас 14-т орсон. Дэд бүтцийн хөгжлөөрөө хамгийн сүүлд засмал замтай болж байгаа аймаг. Эдгээр чухал статистик үзүүлэлтээс харахад Завхан аймаг ямар төвшинд байгаа нь тод харагдаж байгаа юм. Ийм байдалд оруулахгүй байх боломж бидэнд байсан. Тиймээс л бид заавал урт хугацааны хөгжлийн хөтөлбөр нэн шаардлагатай тэгж байж дорвитой үр дүнд хүрнэ гэж үзсэн. Үүний төлөө манай залуучууд тууштай явна.

-Өөрөөр хэлбэл, дэд бүтэц Завхан аймагт муу хөгжсөн нь харагдаж байна. Улс төрийн хүчнээс буюу энэ нутгаас гарч ирсэн улс төрчийн мөрийн хөтөлбөр хэрэгжсэн үү, хувь нэмрээ оруулж чадсан уу?

-Энэ асуудлыг сэтгүүлчид бас судалж үзээрэй гэж хүсэж байна. Бидний харж байгаа өнцгөөс дөрөв дөрвөн жилийн богино хугацаанд амлалт, улс орон, аймаг нутгийг хөгжүүлнэ гээд явж байгаа бодлого хэрэгжихгүй байна гэж үзэж байгаа. Үүнийг харуулсан бодит судалгаа ил тод байна.

Харин одоо урт хөгжлийн бодлогоор аймаг, орон нутаг хөгждөг. Улс төрчдийн дөрвөн жилийн хугацаанд явуулж байгаа мөрийн хөтөлбөр биш юм байна. Дээрээс нь улс төрчдийн төрийн бодлого, шийдвэрээр өнөөдөр улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох юм биш. Орон нутаг, иргэд, ахмад, эрдэмтэн, ирээдүйгээ сонсоод урт хугацааны хөгжлийн хөтөлбөрөө баталж нутаг орноо гэсэн сэтгэлтэй улсууд бодит байдал дээр төслөө боловсруулж байгаа.

-Хөгжлийн төсөлд залуучууд, ахмад настан, иргэдийн амьдралд дээшлүүлэхэд зориулж ямар бодлогыг тусгав?

-Та бүхэн минь үүнийг сайн ойлгоорой бид бол шийдвэр гаргах албан тушаалтай хүмүүс биш. Төсөл санаачлага гаргаад одоо явуулж байгаа бодлого, шийдвэр биш байна гэж үзэж байгаа юм.

Завхан аймгийг бид мал аж ахуй дээр суурилсан энэ аймгийг үүндээ тулгуурлан бодлогын хөтөлбөрөө боловсруулж байна. Тухайлбал, уул уурхайгаас ангид аймаг болгохыг төсөл хөтөлбөртөө санаачилсан. Гэвч одоогоор Дөрвөлжин сумын Баян-Айргийн уурхай, Ургамал, Завхан мандал сумдуудад уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна.

Бид бүхэн аймгийн онцлог шинжийг агуулсан Хөдөө аж ахуйд суурилсан томоохон хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа энэ нөхцөлд заавал уул уурхайгаас ангид байж энэхүү үйл ажиллагааг явуулъя гэж байгаа юм. Аймаг болгон өөрсдийн гэсэн жишиг, онцлог шинжийг агуулсан бүс нутаг болчихсон. Жишээлбэл, Хэнтий аймаг түүхийн аялал жуучлалын жишиг нутаг, Дундговь аймаг үлэг гүрвэлийн жишиг бүс нутаг, Дархан-Уул аймаг аж үйлдвэрийн бүс нутаг болсон. Харин Завхан аймагт өөрийн онцлог, шинжийг харуулсан бүс нутаг болох боломж  бүрэн байгаа гэдгийг бид харж байна. Энэ нь эрүүл хүнс, эко бүс нутаг боломж бидэнд бий. Ус нь бохирдоогүй, гол ус нь ширгээгүй, онгон дагшин байгалиараа, шим тэжээлтэй өвс ургамлууд ургадаг эдгээр онцлогийг агуулсан жишиг бүс нутаг боломж байна гэж харсан. Хэрвээ бид нар “Эрүүл хүнс, Эко бүс нутаг” болж чадвал Завхан аймагт үйлдвэрлэгч хот айлаас сум, аймаг, орон нутаг болгон өөр өөрсдийн гэсэн эдийн засгийн чадавхтай болно гэдгийг олж харсан. Ингээд судалгаанд тулгуурлаж хөтөлбөрөө боловсруулсан. Тухайлбал, Эрүүл хүнс гэхээр л Завхан аймгийнх, эрүүл мах, ногоо, жимс бүтээгдэхүүн гэхээр л Завхан аймгийнх яагаад байж болохгүй гэж. Яагаад гэвэл  уул уурхайгаас ангид бүс нутаг болох боломж бүрэн байгаа болохоор үүнийг бид судлаад түүндээ тулгуурлаж төслөө боловсруулсан. 

Аймаг, орон нутаг болгон хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж хөгждөг гэдгийг бид харж байгаа. Тэгэхээр бид нутаг орныхоо төлөө залуучууд маань өөрсдөө гар бие оролцож, нийгэмдээ идэвх зүтгэлтэй, санаачлагатай амьдрахыг уриалж байна.

Ингээд “Шинэ Завхан оюутан, залуучуудын хөгжлийн форум уулзалтын фотогоос хүргэе.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.