Давхар дээлийг тайлна гэв үү. Гайгүй байлгүй. Өөрсдөө болохоор та нар өчнөөн жил өмсөж өмсчихөөд яг намайг өмсөх болохоор болино гээд байхдаа яадаг юм. Тэрийг чинь л өмсөхгүй бол даараад байна хөөе. Даахгүй гэв үү чи. Даахгүй байсан ч яадаг юм давхарлаад углаж л байвал ямар өөр хийгээд байх ажил байх биш.Байгалийн баялгийг тэгш хуваарилна гээд бас юугаа элийрээд байнаа. Эрх мэдэлтэй болсон дээрээ хаана ямар орд байгааг олж мэдээд амин хувьдаа жаахан ашиг олох гэж байхад юу солиороод байгаа юм. Илүү мэдээлэлтэй нь хожиж, иргэд гэгдэгсэд нь хохирдог алагчилсан нийгэм сонгочихоод донгос та нар. Дархан Эрдэнэтийг хот болгоно гэнэ ээ. Давраарай та муусайнууд. Хуучин цагт хот байсан нь тэндээ л биз, хог дээр үсэрч одоо та нар сумынх болсон мэдэв үү. Улаанбаатараас өөр хотоор яах юм. Орон нутгийн та нар оркоороо дуудуулаад явж байвал зохино за.Төсвийн зардал дураараа нэмдэгийг минь болиулна гэв үү. Гайгүй байлгүй. Тэр мөнгөөр чинь би тойрогтоо хэдэн тэрбумын амбаар барьж, тогтсон хувиа тэндээс нь хүртэхгүй бол яаж амьдрах юм. Тураад үхчихдэг юм байгаа биз дээ туучий минь. Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг өөрөө мэдэг гэнээ. За ёстой болиорой хөөш. Тэр чинь ямар сайдтай ажиллахаа мэддэг болчихвол манай фракцаас яаж сайд төрөх юм. Ядаж байхад тэрний чинь томилсон сайд үгэнд орохгүй гүлдийгээд, үхэр шиг зөрүүдлээд байвал яах юм. Халаасны ганц сайдтай болох гэхээр хачин юм яриад байгаарай. Хууль батлах босгыг өндөрсгөнө гэнээ. Хуцваа ёстой. Өмнө нь бид нар 39 үүлээ хуралдаад, 20 гишүүн хор найруулж байгаад лоббины хуулиа баталж болоод байсан юм одоо яачаад байгаа юм. Нийт гишүүдийн олонхийн саналаар хууль баталдаг болчихвол лоббины хуулиас олдог олз минь алга болж, хувьдаа зориулж хууль гаргаж болохгүй болчихно эргүү минь. Намуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ил болгоно гэв үү. Ёстой горьдсоны гарз шүү. Наад намд чинь хэдэн төгрөг хандивлаж байж насаараа нам дагасан нөхдийн толгой дээгүүр нь гишгэж тооноор нь орж очоод тойргийг нь булааж авдаг юм мэдэв үү. Тэгээд ч тэр намд чинь өгсөн мөнгөө төрд очсон хойноо хэд нугалж авдагийг мэдэх юм бол та нар гайхсандаа галзуурах байх л даа чааваас. Хөгжлийн бодлоготой байна гэж хөгийн юм ярихаа больцгоо. Хөгжчихвөл таануудын тархийг угааж, өөрийнхөө өмчийг нэмэгдүүлэх арга байхгүй болчихно. Хараат бус шүүхтэй болно гэж мөрөөдөөрэй таанууд. Тэр чинь хараат бус болчихвол анжгай нь яаж амьдрах юм бэ. Хууль, шударга ёс энэ тэр гэж сэтгэлд сэвтэй эвгүй юм бүү донгосоод бай.Ерөөсөө наад Үндсэн хуулийн өөрчлөлт чинь шал дэмий хэрэггүй юм байна.Ах нь тоглоод л ам халсандаа өөрчилье, засъя, үүнийг чинь дэмжээд явъя гэж баахан дэмийрсэн болохоос биш яалаа гэж улсад хэрэгтэй, хувьд хохиролтой ийм юм батлах вэ дээ. Буруу хойшоо хэт шударгуу золиг минь. С.Соном
Төстэй мэдээлэл
ЦЕГ: Хүнсний дэлгүүрийн худалдагчийн биед халдаж, зодож танхайрсан этгээдийг шалгаж байгаа
Цахим орчинд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн эрэгтэй бусдын биед халдаж буй бичлэг тарж олны бухимдлыг хүргээд буй билээ. Тухайн этгээд ЗУРГААН ЗАЙРМАГ зээлсэнгүй гэж үйлчлүүлэгч, худалдагчийн биед хүнд...
4 Үзсэн
БАРИЛГАЧИН худалдааны төв “наадмын онцгой хямдрал ” зарлалаа
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилт болон Нийслэлийн төвлөрлийг сааруулах, бодлогын хүрээнд БАРИЛГАЧИН худалдааны төвийн төсөл...
8 Үзсэн
Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн монгол улсад зохион байгуулагдана
“ЮНЕСКО”-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр...
11 Үзсэн