Comment.mn

Маргааш шөнө банк хоорондын бага дүнтэй гүйлгээ хийгдэхгүй

Монголбанкнаас шинэ систем нэвтрүүлж байгаатай холбоотойгоор маргааш шөнө банк хоорондын бага дүнтэй гүйлгээ хийгдэхгүй гэдгийг төв банкнаас мэдээллээ.

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй төлбөр (Гурван сая төгрөг хүртэл)-ийн системийг бүрэн шинэчилж,  ACH+ буюу Автомат клиринг хаус cистем нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагджээ.

АСН+ системийг 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө буюу 15-ны өдрийн 00:00–02:30 цагийн хооронд нэвтрүүлэх тул дурдсан хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээ дамжихгүй юм. Дээрх хугацаанд банкуудын интернет банк, мобайл банк гэх мэт цахим сувгийн банк хоорондын гүйлгээ түр зогсох юм байна. Харин Монголбанк болон банкуудын картын систем хэвийн ажиллах тул иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөрийн карт ашиглан ATM, ПОС төхөөрөмжөөр гүйлгээ хийх боломжтой аж.

АСН+ системийг нэвтрүүлснээр ижил төрөл, зориулалт бүхий багц гүйлгээ, төлбөрийн нэхэмжлэхэд үндэслэсэн дебит гүйлгээ, бодит цагийн горимын гүйлгээ болон шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгслийн гүйлгээг дамжуулах боломжтой болно. Мөн аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулсан гарцыг бий болгож, төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, хөрөнгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, үр дүнгийн тооцооллын үлдэгдэл хүрэлцэхгүй байх эрсдэл үгүй болох зэрэг олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшил гарах юм.

Түүнчлэн АСН+ системийн томоохон хэсэг болох Дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр харилцагчид утасны дугаар, цахим хаяг зэрэг нэмэлт мэдээлэл ашиглан гүйлгээ илгээх, хүлээн авах боломж бүрдэнэ. Ингэснээр гүйлгээний нэр, данс зөрөх алдаа багасах, харилцагч өөрт дөт мэдээлэл ашиглан, хялбар аргаар гүйлгээ хийх зэрэг давуу талууд бий болно.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.