Comment.mn

Ч.Улаан УИХ-ын сонгуулийн мөнгөө улсын наадмаас босгов уу

Улсын наадам өндөрлөсөн ч уяачдын бухимдал эрчээ авсан тухай таагүй мэдээг уншигч танд болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүх, наадам зохион байгуулсан комиссын хамт олонд хүргэж буйдаа юун түрүүнд хүлцэл өчье. Гэхдээ асуудал дэгдээсэн хүн нь ичиж айхгүй байхад үнэнийг нуун далдлахаас эмээнэ гэж юу байхав ээ. Учир нь, энэ жилийн наадамд зөвхөн хурдан морьд, эрхэм хүндтэй уяачид төрийн наадамд торгон жолоогоо өргүүлэхийн төлөө уралдсан юм биш.Тэд наадмын зурхайгаас эргэхээс урьтаж авч өгөлцсөн авлига хээл хахуулийн хамт уралдсан гэвэл уншигч та итгэх үү.

Харамсалтай нь, бодит нөхцөл байдал хийгээд үнэн баримт нь хурдан морины ард мөнгө хамт уралдсан явдал юм. Энэ тухай баримт, мэдээлэл манай сонинд олонтаа ирсний дээр, ирэх өдрүүдэд хууль шүүхийн байгууллагад нэр бүхий уяачид албан ёсоор хандаж, ханцуйн дотроо наймаалцсан авлига хээл хахуулын талаар албан ёсоор гомдол гаргахаа дамжуулж зарлахыг хүссэн юм. Ингэхдээ тэд УИХ-ын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд уг гомдлоо хаяглахын зэрэгцээ хань хамсаатнуудынх нь хамт монгол наадмыг, тэр дундаа хурдан морины наадмыг цэвэр шударга шандас сорьсон монгол өв уламжлалд нь үлдээхийн төлөө тэмцэхээ илэрхийлэв. Учир байдлыг нь тунгаан үзэх нь ээ, энэ нь ч зөв аж.

Иймд асуудлыг тойрч бус тодорхой мэдээллэх нь зөв биз ээ. Тодруулбал, Монгол Улсын тод манлай уяач Л.Батмөнхийн бүтэн жилийн хөдөлмөр Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар үгүй болсон байх жишээний. Түүний бүтэн жилийн хугацаанд уяж сойж, хурдлуулсан шүдлэнг нь шүдлэн насны морьдын уралдаанаас тодорхой бус шалтгаанаар хассан байна. Энэ талаар Монгол Улсын Тод манлай уяач Л.Батмөнх улсын баяр наадмын үеэр “Авлига өгөөгүй болохоор миний морийг хасчихлаа. АТГ ажлаа хийхгүй байна” хэмээн ил тод мэдэгдсэн. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд улсад 30 гаруй айраг, түрүү авсан уячид дундаа хүндтэй эрхэм.

Худлаа үг хэлж, худлаа мэдээлэл түгээж, мөн хориглосон морийг нь наадамд уралдуулах гэж чардайгаад байхааргүй төлөв төвшин нэгэн. Ийм байхад түүний Ч.Улаан сайдын өөрийнх нь нутгаас гаралтай буюу Сүхбаатар сумын Асгатаас гаралтай сартай хүрэн адууг нь 140см-ээс дээш, эрлийз гэсэн ангилалд оруулан гарааны зурхай руу явж байхад нь барьж уясан байгаа юм. Уг нь бол эрлийз адуу мөн бишийг сэрвээний өндөр, шүд, үүлдэрлэг байдлаар нь шинжиж, хэмжиж байж хасч тогтоодог журамтай. Гэтэл тэр журам Л.Батмөнх уяачийн шүдлэнд үйлчилсэнгүй.Түүгээр ч үл барам үүний цаана авлига хээл хахуул бий гэдгийг тэрбээр албан ёсоор наадамчин түмэнд хандаж зарласан. Мөн ингэхдээ ёстой жинхэнэ утгаараа хасах байсан эрлийз морьдыг уралдуулсан тухайд тэрбээр мөн л “Энэ наадам эрлийзүүдийнх болж байна. Төр, түмний нүдэн дээр авлига авч эрлийз морь уралдууллаа. Жинхэнэ монгол адууг хассан. Уяач хүний бүтэн жилийн хөдөлмөрийн ингэж болохгүй шүү дээ. Морины комисс авлига өгснийг нь гаргадаг, авлига өгөөгүйг нь аваад үлдсэн” хэмээн хатуу үнэнийг дэлгэсэн юм.

Иймд энэ талаар нь асуудлын учгийг олохоор асууж тодруулах нь ээ, эрлийз морьдыг наадамд уралдуулах ханш энэ наадмаар 20 сая төгрөгт хүрсэн аж. Энэ тухай баримт ирэх өдрүүдэд ил тод задрах тул бичихээс бэргэж, илчлэхээс эмээгээд байх зүйл алга. Гэхдээ хурдан морины уралдаан тойрсон энэ авлигын хэмжээ анхандаа таван сая төгрөг байсан яриа ч мөн баримттай гэдгийг давхар дуулгая. Харин явцын дунд хурдан морьдын эрлийз, эрлийз бишийг тогтоох ёстой комиссын гишүүд таван сая төгрөгнийхөө ханшийг 20 сая төгрөг болгож, бүр таван сая төгрөг өгсөн нэр бүхий уяачдын морьдыг татаж, дээрх мөнгөн дүнгийн авлигыг өгсөн уячдын морьдыг хараагүй, үзээгүй, хэмжээгүй, шинжлээгүй болж уралдуулсан байна. 

Гэтэл энэ тухай гомдол санал гарч эхлэхтэй зэрэгцэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан чихээ дарж, нүдээ аньсан мэт аархан “Та нар, худал мэдээллээр гүтгэлээ. Хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн дарамталж, ёстой л жинхэнэ утгаараа өөрийгөө ч, төрийн наадмыг ч доромжилж чадсан байх юм. Уг нь бол тэрбээр саяхан л Сүхбаатарын удам дамжсан уяач хэмээн өөрөөрөө сайрхаж, Монгол Улсын манлай уяач цолыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос хүртэж байсан түүхтэй.Харамсалтай нь, тэрбээр энэ удаад монгол наадмын уралдааныг өөрийн гараар үгүй хийчихлээ. Яг л саяхан л МАН-аас гарч МАХН-д элсэж, МАХН-аас урваж МАН-д элссэн улс төрийн урвалт шарвалт шигээ улсын наадмаас ч гэсэн урваж, увайгүйтлээ. Хэзээ ч урьд хожид хурдан морьд уясан уяачийн эрдэм, унасан хүүхдийн ухаан, төрмөл угсааны морь хурдаараа уралдаж байснаас бус эзэн зохион байгуулагч хоёрын ханцуйн дотроо наймаалцсан авлига, хээл хахуулын мөнгөөр уралдаж байгаагүй юм. Иймд наадам үзэж баяссан наадамчин олноосоо Ч.Улаан сайдын өмнөөс хүлцэл өчье. Таван сая төгрөгөөс эхэлсэн авлигын мөнгө нь 20 сая төгрөгт хүрсэн гэж бодохоор Ч.Улаан энэ удаагийн наадмаас УИХ-ын сонгуулийн мөнгөө босгосон байж ч мэднэ. Магадгүй үүнийхээ төлөө өнгөрсөн хавраас эхлэн монгол өв уламжлалаа тээж яваа уячдыг хооронд нь хагаралдуулж, эрлийз морь дагасан нь бараг л эрлийз уяач, монгол морио уралдуулсан нь монгол уяач гэх маягтай хачин увайгүй хандлагыг ч үүсгэн санаачилж, хөхиүлэн дэмжсэн байх талтай.

Асуудлыг мөн баримтаар тодруулах үүднээс Ч.Улаан сайдын эхлүүлсэн өнгөрсөн хаврын будилааныг эргэн сануулая. Тухайн үед тэрбээр анхандаа Монголын морин спорт уяачдын холбоог улстөрчдөөс салгах нэгдсэн зорилготойгоор уяачид ММСУХ-ны VII их хурлаа хийхэд өөрийн нэрийг дэвшүүлж, уг холбооны ерөнхийлөгч болохоор санаархсан. Үүнд нь тал өгөөгүй, санал өгөөгүй уяачдад хорсож, шарлахсандаа дараа нь “Үндэсний гэдэг” нэр зүүсэн холбоо байгуулж, өөрийгөө тэргүүнээр нь залсан. Уг холбооныхоо хурлыг төрийн ордонд зохион байгуулж, жинхэнэ утгаараа салбар хариуцсан сайд болоод УИХ-ын гишүүнийхээ дархан эрхийг эдэлсэн. Улмаар хуулиараа улсын бүртгэлд бүртгэгдэх боломжгүй байсан холбоогоо улстөрчийн, тодруулбал сайдын албан тушаалаа ашиглан улсад бүртгэлтэй болгоод зогсохгүй улсын наадмын морин уралдааныг өмчлөхийг санаархаж эхэлсэн. Угаасаа Ч.Улаантай, Ч.Улаангүй улсын наадамд эрлийз, монгол морь тусдаа уралддаг болоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Гагцхүү хэрхэн ялгах тал дээр л асуудал хөндөгдөв. Харин үүнийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хувийн тоглолтдоо ашиглаж, удаа дараа улстөржүүлснийх нь балаг өнөөдөр хурдан морь авлигатай хамт уралддаг болсон дараа, дараагийн удаад дэлгэх тодорхой баримтууд баталж таараа. Батлах ч болно. 

Ер нь бол яаж ч бодсон түүний өөрийн гар, хөл бологсдоор дамжуулан эрлийз, монгол адууг ялгах нэрийн дор уяачдаас татаас буюу авлига авч байгаа нь зүйд нийцэхгүй. ММСУХ-ны VII их хурал дээр ч, өөрийнхөө байгуулсан холбооны анхдугаар хурал дээр ч тэр уяачдаа, холбоогоо талцал, улстөржилтөөс ангид байлгана хэмээн ярьсан атлаа хуваагдал, улстөржилтийн эх үндсийг өөрөө тавьж байгаа нь хачирхалтай. Магадгүй тэрбээр улс төрийн карьер нь ч, уяачийн карьер нь ч дуусахтай зэрэгцэн хүн ёсны бус арга замаар карьераа үргэлжлүүлэх, бусдыг өөртөө татах оролдлого хийж байгаа нь энэ байж мэднэ.

Манай улсад 120 мянга орчим уяач бий. Тэдний туслах уяач, ар гэр, унаач хүүхэд гэх зэргээр 800 мянга орчим хүн хурдан морины соёлын оролцогчид болдог. Тэгэхээр улстөрчийн хувьд энэ бол арааны шүлс асгарам талбар байж таарна. Монгол наадмын нэг хэсэг болсон хурдан морь бол монголчуудын өв соёлын үнэт дархлаа болохоос нам дамжин улстөржиж явдаг ахмадуудын тоглолтын талбар биш. Ер нь бол монгол, эрлийз морины талаар морь судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай гуай ““Эрлийз” гэдэг үгийг энд хэрэглэж байгаа нь ерөөсөө буруу. Хоёр өөр зүйлийн амьтны дундаас гарсан үр төлийг “эрлийз” гэдэг. Нэгэн зүйлийн, хоёр өөр үүлдрийн адууны үр төлийг адуу л гэлгүй яах вэ дээ. Манайхан буруу нэрлээд, ялгах гэж бүтэхгүй аргаар оролдоод байгаа юм. Өнгөц харахад ялгаж уралдах гээд л маргаад, зөрчилдөөд байгаа мэт боловч жаахан гүнзгий харвал монгол адуун дээр суурилан үүссэн хурдны чиглэлийн шинэ, хуучин үүлдэр, хэвшлийн адууны улстөржүүлсэн зөрчил л яваад байгаа юм аа.Монголчууд адуугаа хурдны чиглэлээр өсгөж үржүүлэх оролдлогыг хагас зуун жил тутамд хийж, зохих үр дүнд хүрч ирсэн” хэмээн ярьсан удаатай. Магадгүй уяачдыг талцуулсан Ч.Улаан сайд өнөөдөр өөрийгөө хожиж явна гэж бодож байж мэднэ. Тэгвэл харамсалтай нь, үгүй юм аа. Тэр Монголын морин спортын ирээдүйн хөгжилд асар их хор хохирол учруулчихлаа. Гагцхүү өнөө маргаашийнхаа эрх ашгийг, ирэх дөрвөн жилд дахиад төрийн зөөлөн сэнтийд залрах вэ гэсэн бодолдоо хөтлөгдөн олон хүнийг, монгол өв уламжлалыг золиосолж байна.

Эрлийз морьдыг наадамд уралдуулах ханш энэ наадмаар 20 сая төгрөгт хүрсэн аж. Энэ тухай баримт ирэх өдрүүдэд ил тод задрах тул бичихээс бэргэж, илчлэхээс эмээгээд байх зүйл алга. Гэхдээ хурдан морины уралдаан тойрсон энэ авлигын хэмжээ анхандаа таван сая төгрөг байсан яриа ч мөн баримттай гэдгийг давхар дуулгая. Харин явцын дунд хурдан морьдын эрлийз, эрлийз бишийг тогтоох ёстой комиссын гишүүд таван сая төгрөгнийхөө ханшийг 20 сая төгрөг болгож, бүр таван сая төгрөг өгсөн нэр бүхий уяачдын морьдыг татаж, дээрх мөнгөн дүнгийн авлигыг өгсөн уячдын морьдыг хараагүй, үзээгүй, хэмжээгүй, шинжлээгүй болж уралдуулсан байна.

Монгол төрийн наадмын хурдан морины уралдаан Ч.Улаан тэргүүтэй хэсэг бүлэг хүний таалалд нийцэж явагдвал үнэт соёл маань удахгүй мөхнө. Уяачдыг талцуулсан энэ үйлдэл зөвхөн түүнд л ашигтай, өөр хэнд ч биш. Уяачид улстөржихийг хүсэхгүй байхад Ч.Улаан сайд тэднийг улстөржүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө болсон Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаантай холбоотой гомдол санал зөвхөн тод манлай уяач Л.Батмөнхөөр тогтоогүй. Сум, орон нутгаас улсынхаа наадмыг зорин ирсэн олон уяач бүтэн жилийн хөдөлмөрөө ашиг хонжоо хайж, авлига харсан хүмүүст алдахдаа харууслын нулимстай, цээж дүүрэн гомдолтой буцаж байна. Монгол төрийн наадам, монгол уяачид Ч.Улаан сайдаар дутахгүй. Ирэх оны сонгуулийн мөнгөө улсын наадмын морины уралдаанаас олох оролдлого хийж байгаа бол Ч.Улаан сайд та ажлаа өгнө үү.

Мөн одоогийн Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд нь энэ сайддаа хариуцлага тооцно уу. Дахин хэлэхэд, уяачид улс төрөөс ангид байхыг хүсдэг. Улсын наадмаа ч гардан зохион байгуулаад явуулах чадвартай. Монгол, эрлийзээ ч ялгаж таньдаг улс. Харин Ч.Улаан сайд шиг уяачдын асуудлыг улс төртэй хутгаж, амин хувийн эрх ашгаа урдаа тавьдаг хүн ММСУХ-нд хэрэггүй. Монгол наадам авлигагүй, будилаангүй, цэвэрхэн болох ёстой. Түүнээс биш амаараа ярьснаа ажлаараа үгүйсгэдэг хүмүүсийн тоглоомын талбар болох ёсгүй. Бас улсын наадам бол улсын дархлаа мөн, улс төрийн нам дамжихаас тэс өөр зүйл гэдгийг Ч.Улаан сайдад сануулъя. Мөн авлига хээл хахуулынх нь баримтуудыг тэврээд хууль, цагдаагийн байгууллагын үүдэнд уулзахад бэлэн олон олон уяачдын урилгыг уламжлая. Та харин урилгад эзэн болж, улайхгүйгээр, урвахгүйгээр ирээрэй. Энэ нь таны монгол түмний эрхэмлэн дээдэлдэг хурдын морины төлөө хийх сүүлчийн сайн үйлс тань ч байх юм билүү, хэн мэдлээ. Ашиг сонирхлоо тэтгэвэртээ гаргах цаг болсон гэдгийг тань сануулсандаа шүү.

Үндэсний шуудан сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.