Comment.mn

М.Энхсайхан : Олон түмэн яагаад буруу бодлого сонгодог вэ?

Үнэт зүйлс ба Баабар, Бат-Үүлийн тухай

“Боловсрол төвтэй Улс Төр” нэртэй ТББ байгуулж туулсан замаа, хуримтлуулсан туршлагаа шинэ үеийнхэндээ хэлж, зааж, сургая гэсэн санааг Бат-үүл маань санаачилсан юм. Дуншиж дуншиж өнөөдөр энэ байгууллага мэндэллээ.

Бат-Үүл бид хоёр утсаар л ярилцаад байсан болохоос уулзалдаад байсангүй. Энд сууж байгаа ардчиллын анхдагчид болсон эрхэмүүдтэй ч  мөн адил уулзалдаад байсангүй.

Биднийг үнэт зүйл нэгтгэх ёстой хэмээсээр Бат-Үүл биднийг уулзалдуулж байгаа хэрэг юм. Уулзалдуулахаар барахгүй нийгэм рүү гээ хандсан ажил явуулах эхлэлийг тавьж байна.

Би саяхан 461-р ангид АТГ-ын “томилолт”-оор 24 цаг ажиллаад ирсэн.

Намайг тэнд байх зуур Бат-Үүл, Баабар гээд олон хүмүүс өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байдаг.

Хорихоос гаруутаа Бат-Үүл рүү утастдлаа. “Халуунаар дэмжиж нийтлэл бичсэнд талархаж байнаа” гэлээ. Гэтэл Бат-үүл “Би уурлаад хатуухан үгээр бичсэн юм. Чамайг хамгаалах гэсэн юм бишээ. Чиний тухай ч бичих гэсэн юм биш. Би зарчим хамгаалж байна” гэдэг байгаа. Намайг гэж бичээгүйд нь гомдмоор, үнэт зүйлсээ хамгаалсан гэхээр нь баярламаар ацан байдалд би орж билээ.

Манай дүү сандраад Баабар луу утастдсан гэнэ. Манай ахыг бариад явлаа л гэсэн бололтой. Баабар хариуд нь аваачаад буудчихгүй юм чинь гэж цочирдуулжээ. Цагийн дараа Баабар манай дүү рүү өөрөө залгаад За юу болж байна? гэж асуусан байдаг. Түүний үнэт зүйлсийн төлөө дуу хоолой олон түмэнд хүрч чадсан.

Энэ бүгдийг би хэлэхийн учир нь энэ хүмүүс зарчим, үнэт зүйлсийг хамгаалахыг урьтал болгодог хүмүүс гэдгийг хэлэхийг хүссэн хэрэг юм шүү.

Би ч мөн адил ардчилсан үнэт зүйлсийг хамгаалагч. Энд цугласан Та бүгд ч мөн адил гэж бодож байна.

Тэмцлийн гол фронт Эдийн Засаг байсан тухай

Би 461 гэсэн тэмдэглэлдээ хуучин тогтолцооны үеийн Ганц худагт нэгэн удаа Шүүхийн хуралд оролцсон гэдгээ хэлсэн. Ямар хуралд гэдгийг хэлэх нь зүйтэй санагдав.

Анхны ардчиллын Засгийн газар байгуулагдсан цаг үе байсан юм.

“Засгийн газрыг хуйвалдаанаар огцруулах гэлээ гэж тэр үеийн Ерөнхий сайд миний бие нэгэн улстөрчийг гүтгэсэн хэрэгт буруутгагдаж торгуулах ялын тогтоол” уншуулсан байдаг.

Тэр үед Хууль шүүхийнхэнтэй маргаан дэгдээх цаг зав алга байлаа.

Хуучин Эрүүгийн хуульд “хүн гүтгэх” гэсэн заалт байсан. Үнэндээ тэрхүү заалт коммунист угшилтай улс төрчдөд дөнгөж үүсч байсан ардчиллын Чөлөөт дуу хоолойг боймлоход хэрэглэгдэж байсан.

Хожмоо тэрхүү “гүтгэх” гэдэг заалтыг Эрүүгийн хуулиас гаргаж Зөрчлийн хуульд оруулсан нь ардчиллын ололт юм. Өнөөдөр энэхүү заалтыг буцаагаад Эрүүгийн хуульд оруулья гэх санаархал гарч байгаа. Хэрэв ийм юм болбол хамгийн түрүүнд хохирох хүмүүс нь Сэтгүүлчид, улс төрийн тэрс үзэлтэнгүүд гэдгийг хэлэхийг хүсч байна.

Миний хувьд Нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой Улс төрчийг буруу зөв нь хамаагүй шүүмжилж, тэр ч байтугай доромжлон хараахыг зөвшөөрдөг хүн. Энэ асуудлаар Монгол улс ухарч болохгүй л гэж бодож байна.

Ганц Худагт ялын тогтоол уншуулж байхдаа  би Шүүхийн шийдвэрийг дуулиан болгож, улс төр хийгээгүй. Тийм цаг зав байсангүй.

Монгол орныг Зах зээл рүү шилжих олон арга хэмжээг түргэн шуурхай авч хамаг хүчээ тийш нь чиглүүлэх шаардлагатай цаг үе байлаа.

Ардчиллын анхны Засгийн газар, дараа дараачийн Засгийн газрууд

Үнэ чөлөөллөө,

Өмчийг хувьчилж хувийн хэвшлээ тэргүүлэх чиглэл болгон дэмжлээ,

Банк, санхүүг дампуурлын ирмэгт байсныг зайлууллаа,

Импортын татварыг тэглэж чөлөөт худалдааг тэллээ,

Ашигт малтмалын хууль гаргаж гадны хөрөнгө оруулалтыг дуудлаа,

Донорын зөвлөлгөөнийг Хөрөнгө оруулагчдын уулзалт болгох ажил өрнүүллээ,

Орон сууцыг хувьчиллаа

Ажлын 6 өдөртэй долоо хоногоос 5 өдөртэй долоо хоногт шилжлээ,

Жилийн 60 хувь хүрч байсан үнэ, ханшны уналтыг хазаарлан барьлаа,

Өөр олон олон ажил хийсэн байдаг.

Миний хувьд гаргасан шийдвэрүүд маань үр дүнгээ өгч байгаа эсэхийг байн байн шалгахыг хүсдэг байв. Нэг өглөө зөвлөхүүд маань Тасганы овоо хогоор дүүрсэн байна гэв. Бид бүгдээрээ баярлалдаж билээ. Хог хүртэл зах зээлийн хэмжүүр болж байсан юм.

Төдий л удалгүй миний тэргүүлсэн Ардчиллын анхны Засгийн газар огцорсон юм. Монголд анх Засгийн газар огцорч байгаа нь тэр л дээ.

Удаахь ардчиллын Засгийн газруудын хувь тавилан миний тэргүүлсэн Засгийн газартай адилхан байсан.

Гэвч бүгдээрээ Монголын эдийн засгийг зах зээл рүү шилжүүлэхийн төлөө чармайж ажилласан байдаг.

Тэр цагаас хойш Засгийн газрууд ойр ойрхон огцордог үйл явдал бараг л манай улс төрийн соёл болж хэвшсэн нь туйлын харамсалтай. Өнгөрсөн 30 жилд Монгол улс бараг 20 орчим Засгийн газрын нүүр үзэж байгаа.

Хамгийн гол нь Засгийн газар солигдох болгонд мэргэжлийн чадамж нь бүхэлдээ доройтож байдаг бололтой юм билээ. Түүхээсээ авах том сургамж гэлтэй.

Өнөөдөр ардчиллын алтан хараацайнуудыг хараад Та бүгд өөрийн эрхгүй Цагаан морин жилийн ардчилсан үйл явдлыг эргэн дурсаж байгаа байх.

1990 оноос хойш олон нааштай өөрчлөлт хийгдсэн. Ардчиллын анхны Засгийн газрын үетэй харьцуулбал Монголын эдийн засаг 10 дахин өсчээ. Нэг хүнд ногдох ДНБ гэсэн үзүүлэлтээр ядуу Монгол орон дунд орлоготой орны зэрэглэлд хүрснийг мартаж болохгүй.

Зах зээлд шилжих бодлого зөрчил тэмцэл дундуур туулж байж хэрэгжсэн. Тэмцлийн гол фронт ардчилагчдын хувьд Эдийн Засаг байсан юм. Ардчилагчид гэдэг үгийг би зөвхөн АН биш мөн МАН, бусад ардчилагчдад хамааруулан хэлж байгаа шүү.

Шинэ, хуучны зөрчил өнөөг хүртэл оршсоор л байна.

Энэ цаг үед Шүүх, хууль хяналтын тогтолцоо өөрийн итгэл үнэмшилтэй, улс төрчдөөс хараат бус ажилладаг байлгах талаар хийсэн өөрчлөлтийг хадгалан хамгаалах асуудал томоохон сорилттой учирч байна.

Ардчилал, Зах зээл -Нэг ойлголт биш

Монгол орон 1990 онд ардчилал руу ч, зах зээл рүү ч шилжих том алхам хийсэн. Ардчиллын хувьд бяцхан арал болчихсон байгааг дээрх зургаас харж болно. 1997 онд шиг санагдаж байна Монгол улс хоёр хөршөөсөө олон жилээр түрүүлж ДХБ-ын гишүүн болсон байдаг.

Монгол орон хөгжлийн хувьд урагш ахихын хэмжээгээр шинэ шинэ асуудлууд бий болсон. Түүний нэг нь баян, хоосны ялгаа нэмэгдэж, орлогыг нийтэд хүртээмжтэй шударга хуваарилах явдал чухал болж байлаа. Тиймээс миний бие АН-ыг тэргүүлж байхдаа “Хүүхдийн мөнгө” өгөх асуудлыг босгон тавьж байсан. Хүүхдээр нь дамжиж олсон орлогыг хуваарилах нь хамгийн шударга байлаа. Энэ санаачилгыг хэрэгжүүлэгч нь МАН олонхи болсон Засгийн газар байсан байдаг.

Цагаан морин жилээс хойших Монголын нийгэмд болсон олон үйл явдлаас хоёр том асуудлыг би онцолмоор байдаг.

Нэг нь ардчилал, Нөгөөх нь зах зээл. Энэ хоёр ойлголт өөр хоорондоо уялдаатай ч ижилхэн зүйл биш юм. Үүнийг олон хүмүүс нэг л ойлголт юм шиг ойлгодог.

Шилжилтийн эхэн үед олон түмэн ардчиллаас өөр сонголт байхгүй гэдгийг ойлгодог байсан учир болж бүтэхгүй байгаа болгоноо “зах зээлийн ороо бусгаа цагт” гэж ярьдаг, Нийгэмд зах зээл рүүгээ шилжиж байгааг эсэргүүцсэн дуу хоолой ихэд сонсогддог байв.  “Зах зээл бидний хүүхдүүдээс мөхөөлдсийг нь булаав” гэсэн нийтлэл гарч миний бие өмнөх нийгэмд нэг л төрлийн мөхөөлдөс иддэг байсан бол зах зээлд мөхөөлдөсний төрөл нь олширч амт нь сонголттой болсныг хэлэхэд хүрч байлаа. Өнөөдрийн өндөрлөгөөс инээдэмтэй сонсогдож байж магадгүй.

Хэлэх гээд байгаа санаа нь Зовлон бэрхшээл дундуур туулж байж Зах зээл гэдэг ойлголт Монголд нутагшсан юм. Зах зээлийн сэтгэлгээ Хэр баттай нутагшсныг өнөөдөр харах үлдэж байна.

Өнөөдөр зах зээлийн ороо бусгаа гэхээ больж. Болж бүтэхгүй байгаа зүйлээ Ардчиллаас боллоо гэх дуу хоолой сонсогдож байна.

Ардчилал, Зах зээл хүйн холбоотой ч ижилхэн эд биш юм.

Хойт хөрш Орос оронд ардчилал байхгүй, Зах зээл байхгүй. Тиймдээ ч эдийн засгийнх нь өсөлтийн хурдац 1-2 хувиас хэтэрдэггүй.

Өмнөт хөрш Хятадад ардчилал байхгүй. Гэвч хүний олонлогийн хүчээр тэнд зах зээлийн сэтгэлгээ давамгайлж байдаг. Тиймдээ ч эдийн засгийн өсөлтийн хурдац нь өнгөрсөн он жилүүдэд 7-8 хувьтай байлаа.

Монгол ардчилалтай, зах зээлийн сэтгэлгээтэй явах цагт манай ЭЗ-ийн өсөлт 17 хувь хүрч байлаа.

Монгол бол Орос биш, Монгол бол Хятад биш. Тэднийг хуулбарлан дууриах шаардлага огтоос байхгүй. Ардчиллыг дарангуйлал руу чирснээр хөгжил ирэхгүй, харин Монгол оронд зах зээлийн сэтгэлгээг гүнзгий нутагшуулбал хөгжил хурдасах болно.

Жад ба Худ

Сонгогчид өөрийн тойргоос хэн хэн УИХ-д сонгодсон бэ гэдэг асуултад ихэвчлэн бүдэрдэг. УИХ-ын гишүүн Таны төлөө юу хийсэн бэ гэвэл энэ асуултад бүр ихээр бүдэрч ойчино.

Сонгосон УИХГ нь юу хийж байгааг мэдэхгүй, хянахгүй байгаа бол Тэд амин хувийнхаа асуудлыг урьтал болгож довоо шарлуулах эрхтэй л гэсэн үг юм. Тиймдээ ч ЖДҮ сангийн хулгай бий болдог. Тиймдээ ч хээл хахууль задгайрдаг.

Ардчилал бол шашин биш. Ардчилал бол зөвхөн санал өгөх төдийгөөр хязгаарлагдах ёсгүй юм. Сонгогдсон гишүүд нийтийн эрх ашгийн төлөө хариуцлагатай ажиллаж байна уу гэдэг асуулт чухал болж байна. Энэ асуултад зөв хариу олохын тулд сонгогчид яагаад буруу хүмүүсийг олноор нь сонгодог вэ гэдэг асуулт шинжлэх ухааны ч, мөн практик ач холбогдолтой асуулт болж хувирдаг.

Энэ талаар олон зүйл ярьж болох боловч арай хялбаршуулсан хариулт өгөхийг оролдье.

Хүн угтаа бол амьтан нэг талаас, нөгөө талаас оюун ухаантай учир өөр хоорондоо харилцаанд орж нийгэмшсэн амьтан болохыг зорьдог.

Хүний эрх, эрх чөлөөг хангахын хэрээр хүн “амьтан” болтлоо хувиа хичээгч болчихоо юу даа гэж бодох үе заримдаа гарах юм. Хүн дандаа л “амьтан” байж чадахгүй учир найз нөхөд, санаа нэгтнээ хайж овог аймаглах шаардлагатай болдог. Хамгийн анхдагч томхондуу хэлбэр нь Нутгийн Зөвлөл байсан юм боловуу гэсэн бодол орж ирж байна. Увс, Ховд, Архангайн… цаашлаад том том жалга довны сэтгэлгээ өрнөсөн байдаг. Би овог, аймгаараа нэгдэхийг буруушаагаагүй шүү. Энэ бол байгалийн жам ёсны үзэгдэл гэдгийг хэлэх гээд байна. Сонирхлын бүлгээрээ овог аймаг болох нь ардчилсан нийгэмд байх ёстой үзэгдэл юм. Харамсалтай нь энэхүү сэтгэлгээ нам дамнасан МАНАН үзэгдлийн сэтгэлгээний суурь дэвсгэр байсан юм.

Өнөөдөр Монголын нийгэм улс төрийн намууд гэхээсээ илүүтэй нутгийн зөвлөл, бөх, уяачид, хошин шог, МУСТА, мото, мотоцикл, сүүлд сошиал дээрх нэгэн зургийг хараад туяалзуур жад зэрэг овог аймагт задарсан юм шиг санагдсан. Бүгдээрээ улс төрийн өнгө аястай учир төрөл бүрийн улс төрийн овог аймаг болсон юм шиг .

Монголчууд эртнээс өөрийн овог аймагт харьяалагдахгүй хүмүүсээ Жад гэдэг байсан. Ураг барилдвал Худ гээд нэрлэчихдэг. Энэ сэтгэлгээ Монголд давамгайлсан юм боловуу гэж бодож байна.

Монголын ардчиллаас суралцах гээд Африкаас бишгүй л хүмүүс ирдэг байлаа. Тэд биднээс Та нар овог аймгийнхаа зөрчлийг хэрхэн шийддэг вэ гэж асуухаар нь дотроо инээж манайд овог аймаг байдаггүй, энэ асуудлаа бараг 12-13р зуунд шийдчихсэн юм шиг бардам хариулт өгдөг байсан. Одоо бодохнээ ичмээр дамшиг. Бид хүний мөн чанар болох овог аймгархдаг сэтгэлгээг таньж мэдээгүй л явсан юм байна гэж бодох боллоо.

Овгийн сэтгэлгээ давамгайлж буй нийгэмд юун том улс төр ярих. Тийм юм ярьж байгаа хүмүүс бүгд тэнэг, сэтгэлгээний өвчтэй болж харагддаг. Баабар, Бат-үүл гээд том улс төрчид мэдрэлийн өвчтэй хүмүүс болж хувирдаг.

Бидэнд бас алдаа байнаа байна. Миний бодоход улс төрөөс хойш суух эрх энэ хүмүүст байхгүй. Өөрсдөө гар бие оролцож манлайллыг бий болгох хэрэгтэй. Энэ зуур шинэ залуу үеэ бэлтгэх хэрэгтэй гэж санагдаж байна.

Ардчилсан нийгэмд Сонгогчид Яагаад буруу бодлого сонгодог вэ?

Овог аймаг болон задарсан нийгэмд Сонгогчид Том улс төрийг сонирхохоо больдог.

Сонгогчид нийгэмд тулгамдаж байгаа шийдлийг дэндүү хялбаршуулан харах хандлагатай байдаг.

Нийгэмд гэмт хэрэг гарлаа, хүүхдээ хүчирхийлсэн гэмт хэрэг гарлаа. Ямар шийдэл байна вэ гэсэн асуудал тулгарахад Цаазаар авья гэсэн популист хариулт хамгийн амархан зөв юм шиг сонсогддог.

Миний амьдрал бусдынхаас илүү болж чадахгүй байна ямар шийдэл байна вэ гэсэн асуудалтай тулгарахад Баячуудын хөрөнгийг хураая гэх популист хариулт чихэнд чимэгтэй сонсогддог.

Яагаад бусад тэргүүний хөгжилтэй орнуудын иргэд шиг амьдарч болохгүй байнаа гэсэн асуултад гадаадынханд бид мөлжүүлж байна, соруулж байна гэсэн хариулт зүрхэнд ойрхон хортой тусдаг.

Дээр нь үүх түүхээ үзээгүй, мэдээгүй, Их Монгол улсын үеийн монголчуудын байлдан дагууллын хэсгээс сураг сонсож цээж балбадагаас бие биенээ Цагаан хэрэм дээгүүр давуулж шидэх, гадаадынхныг хөөж туух хэнээрхэлд автдаг. Тэд цөөнх. Гэхдээ л бидний монголчууд.

Энэ бүгд нийлбэр дүнгээрээ аугаа том төөрөгдөл рүү, харанхуй ангал руу Монголыг минь чирчихвий гэж санаа зовж байна.

Боловсрол нимгэн хүмүүс хөрш орноос хоосон айж эмээдэг бөгөөд тэр нь бараг өвчин хэлбэрт шилжих нь бий. Хөршөө бид сонгохгүй. Хэн хэнтэйгээ хөрш байхыг Тэнгэр зохицуулдаг. Тэдэнтэй найрсаг харилцаж, нөлөөлөлд нь автахгүй байх болгоомжлол байх учиртай ч түүнийгээ өвчин эмгэг болтол хөгжүүлбэл буруу болно. Хоосон айдасыг эмчлэх арга бол боловсрол, мэдлэг байх учиртай билээ.

Өнөөдөр Монголд популизм оройн дээд Очирваань болчихоод байна.

Популизм бол цэгцэрсэн үзэл баримтлал биш. Тун нимгэн хөрстэй хийрхэл.

Тиймдээ ч популистууд фашизмаас зээлдэж цэргийн коммунизм байгуулах маягийн үйлдлүүд хийдэг. Энэ бүгд Монголд тус болохгүй, түр зуурын үзэгдэл.

Популистууд худалч. Худал ярихдаа сэтгэл нь ч өвдөхгүй. Энэ нь “худал хэрэг зохиож худал гэрчийн Шууд зааснаар баривчилдэг” жишэг болчихвол улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуургыг эхлүүлэх аюултай.

Популизм өндөр өртөгтэй, тэр нь улс үндэстнийг талцуулж хагалж бутаргадаг.

“Оспаныг казак түмний аугаа баатар” болгон өргөмжилж байгаа үйлдэл нь улс үндэстнээ хагалан бутаргах зорилготой үйлдэл. Тэнэг солиотой гэж популистуудыг зөвтгөх хэрэггүй. Монголыг бутаргах ноцтой ажил  эхэлчихээд байна. Популист  удирдагчид энэ асуудалд үйлдэл, эс үйлдлээрээ улс нийгмээ хагалан бутаргах замыг нь засч байна.

Популизм улс орны бие даасан байдлыг алдагдуулах хэмжээнд хүрэхээс сэргийлэх явдал чухал байна.

Хууль хяналтынхан ч популистуудын гар хөл болж салхилдаггүй, хууль номыг хатуу баримталж, бие даасан байдлаа хадгалж чадвал Монголын ирээдүйд ихэд тус болохоор байна.

Зах зээлийн нийгэмд Сонгогчид Яагаад буруу бодлого сонгодог вэ?

Онолын хувьд сонгогчид өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд буруу бодлого сонгох учиргүй хэмээдэг. Гэвч амьдрал дээр тийм биш.

Орчин үеийн төрийн үндсэн үүрэг бол Эдийн засгийн бодлого байдаг. Харамсалтай нь жирийн Сонгогчид зах зээл, чөлөөт худалдааны талаар тун өнгөц ойлголттой байдаг. Тэд зах зээлийн “үл үзэгдэх” гарыг олж харж чаддаггүй.

Нүүдэлчин Монголчуудын хувьд аливаа зүйлийг тэмтэрч үзэхээс нааш юмсыг ойлгодоггүй байдал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй.

Бүхэлдээ 3 төрлийн буруу ойлголт байх шиг байна. 3 төрлийн Төөрөгдөл гэж нэрлэсэн ч болох юм.

○ Гутранги үзэлд автах Төөрөгдөл

Зах зээл улс орны эдийн засаг болон нийгэмд маш их хурдтай өөрчлөлт авчирдаг. Тэрхүү өөрчлөлтөд түргэн дасан зохицох явдал ямар ч хүнд бэрхшээл дагуулдаг бөгөөд үндсэндээ өөрчлөлтөд дургүйцэх маягтай байдаг. Ажлын байртай нь ажлын байраа битгий өөрчлөгдөөсэй гэх, жижиг бизнес хийж байгаа нь өрсөлдөөнд унахгүй хэвээр байгаасай гэх, том компаниуд дэлхийн зах зээлээс ирэх эрсдлийг тооцож чадахгүй болох зэрэг нь бүхэлдээ нийгэмд тодорхойгүй байдал бий болгож, дээр нь худал мэдээлэл ихээр гарах үед нийгэмд Ирээдүйдээ үл итгэх уур амьсгал бий болдог.

Популизм газар авснаар хүмүүсийн өөдрөг үзэл бөхөх аюул бий болдог.

Техник, технологи хөгжиж уламжлалт ажлын байрнууд хэрэггүй болж шинэ ажлын байрнууд шинэ боловсрол, мэдлэг, мэргэшил шаарддаг тул олон түмэн эдийн засагт болж байгаа үзэгдлийг сөрөг талаас нь харах хандлагатай болдог.

Энэ нь эдийн засгийн бодит байдлыг доогуур үнэлэх үзэгдэл бий болгодог. Ихэнх нь эдийн засгийг муу гэж үнэлдэг.

Үүнийг бүхэлд нь ​Гутранги үзэлд автагдах Төөрөгдөл гэж нэрийдэж болох юм.

○ Зах зээлд дургүйцэх Төөрөгдөл

Энэ төөрөгдөл нь Хувийн хэвшлийн компаниудын эсрэг уулгалан дайрах хэлбэрээр илэрдэг. Зах зээл бол юуны өмнө эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр үнэ тогтохыг хэлэх бөгөөд жирийн иргэд компаниудыг үнэ ханш хөөрөгдөж байна гэж хялбаршуулан ойлгодог.

Хувийн хэвшлийн компаниуд аливаа шинэ бизнесийг хийхийн тулд том эрсдэл гаргаж, ихээхэн өртөг зардал чирэгдэл болж байж үр дүнд хүрэх нэг нь байхад нөгөө хэсэг нь дампуурч байдаг. Харамсалтай нь тэдний нөр их хичээл зүтгэлийг энгийн ухамсарт ойлгон хүлээж авч чаддаггүй, хувийн хэвшлийн компаниуд нэг өдөр л том томоор ашиг хийж байгаа мэт гэнэн төсөөлөл төөрөгдөлтэй байдаг. Тиймээс хувийн хэвшлийг буруушаах, бизнес эрхэлж л байгаа бол хулгайч гэж харах буруу хэвшмэл ойлголт нийгэмд бий болдог.

Түүнийг нь популистууд хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл болгох гэ оролддог.

Өөр нэг том зөрүүтэй ойлголт бол Монополийн тухай юм. Түлш шатахууны үнэ өсөхөд эрэлт, нийлүүлт гэхээсээ илүүтэй, компаниуд монополь байдлаа ашиглаж байна гэж Сонгогчид хялбаршуулдаг.

Бүхэлд нь энэ бүгдийг Зах зээлд дургүйцэх Төөрөгдөл гэж нэрлэж болох юм.

Гэтэл үнэн хэрэгтээ Хувийн хэвшлийг гадуурхаж боовол эдийн засаг хурдан доройтно.

Хувийн хэвшлийнхний оюуны болон санхүүгийн эрсдэл гаргадаг чадавхи оршин байхуй дор Монгол орон алхам алхамаар шинчлэгдэж байгаа гэдгийг ойлгох, ойлгуулах хэрэгтэй байна.

○ Гадаадынхныг эсэргүүцэх Төөрөгдөл

Дундаж иргэд Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтыг дутуу үнэлдэгээс Гадаадынхныг эсэргүүцэх Төөрөгдөл бий болдог.

Монголчуудын хувьд Хятадаас айх айдас хүүдэс нь энэ төөрөгдлийг улам хүч оруулж буй.

Энэ төөрөгдөл гадаадын компаниудыг хавчих, хөөх өнгө аясаар илэрдэг.

Нэгэн сэтгүүлч ОТ хүрэх замд замын нэг дэлгүүрт ороод Ажил төрөл, бизнесийг нь сайн уу? гэж асууж. Нөгөөдөх нь нутгийнхаа баялгийг гадныханд алдаад их л хэцүү байгаа тухай ярьсан байдаг. Та ч сардаа нэг бараагаа татчихаж байгаа биз дээ гэсэн асуултад Юу ярина вэ 2 долоо хоногтоо нэг шаланзаар бараагаа татаж байна гэж. Юунаас хаанаас тэр замын дэлгүүрийн барааг худалдан авах чадамж иргэдэд бий болсон тухай ойлголт алга.

Өөрсдөө хийж чадахгүй ажил мэргэжлээр гадны ажиллах хүч орж ирэхэд сураад авах хэрэгтэй гэж бодохын оронд миний ажлын байрыг булаачихлаа гэж сэтгэх нь энүүхэнд. Монголдоо барилга барих нь зөвхөн цалингийн тухай асуудал биш хүний доор орчих юм шиг сэтгэж Солонгос руу явах ажилчдын жагсаалтад бүртгүүлэх нь энүүхэнд гэсэн учир мэдэх хүний үгийг сонсож байлаа.

Дээр дурдсан болон олон шалтгаанаар ​Сонгогчдын эдийн засгийн буруу ойлголт системлэг чанартай бөгөөд түүнийхээ дагуу буруу бодлогын сонголт хийдэг.

Нэг нэгээрээ сонгуулийн хайрцаганд хийсэн санал нь нийлбэр дүнгээрээ нийтийн эрх ашгийн эсрэг болчихдог асуудлыг Үндсэн хуулиа хийж байхдаа, Сонгуулийн хуулийг хийж байхдаа, Улс төрийн үйл ажиллагаа хийж байхдаа ер нь тал талдаа анхаарах хэрэгтэй болсон байна.

Юу хийх ёстой вэ

Популизмыг буруушааж Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх асуудал чухал байна.

Их дээд сургуульд политэкономийн үндэс заах сургалтын хөтөлбөртэй болмоор байна.

Намууд үзэл баримтлалдаа анхаарч Улстөрийг зах зээлтэй нь номолдог болох хэрэгтэй байна.

Монголын нийгмийн арай боддог, уншдаг хэсгийн төлөөлөл болсон хүмүүс

“Бид Та нарыг дэмжиж байгаа шүү” л гэх юм. Тийм үгийг сонсоод баярланаа баярлана.

Гэвч бидний үнэт зүйлс Сонгогчдын олонхийн санал болох шаардлагатай.

М.Энхсайхан

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.