Comment.mn

Намын дарга нь намынхаа лидерүүдийг “намнадаг” гэв үү?

“…Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү”. 

Энэ бол хоёр жил зургаан сарын өмнө “Ардын эрх” сонинд АН-ын өнөөдрийн дүр төрхийг зөгнөн бичиж байжээ. Тухайн үед АН-ын даргын сунгаанд тус намын таван лидер өрсөлдөж байсан юм. Өнгөн дээрээ ардчилалтай, шударга өрсөлдөөн мэт харагдавч хэрэг дээрээ АН-ын даргын сунгаа нэгнийгээ харлуулдаг, баалдаг, намнадаг, гүтгэдэг технологи тавхан өрсөлдөгчтэй тэрхүү дотоод сонгууль дээр нь гаарсан билээ. Тиймээс “АН-ын даргын сунгаанд оролцогчид сөрөг хүчнээсээ аваагүй шархаа нөхрөөсөө олж авч байна” хэмээн “Ардын эрх” сонинд онцолж байжээ.

Эргээд харахад хэн хэн нь хамгийн их шарх авч, хэн нь нөхдийнхөө шархан дээр давс цацаад сууж байна вэ гэдэгт төвөггүй хариулж болохоор байна. АН-ын даргын сунгаанд оролцогчдоос сонгогдох найдвар хамгийн бага нь С.Эрдэнэ байсан. Гэвч тэр сонгогдсон. С.Эрдэнэ эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд болохгүй зүйл хийгээд байгааг олон нийт харж мэдэрч, шүүмжилж байжээ. Хэвлэлд ч бичиж байсан байна.

С.Эрдэнэ бусад таван өрсөлдөгчөөсөө Д.Эрдэнэбатыг хамгийн “зөөлөн зодсон” гэдгийг тухайн үед хэвлэлийнхэн олж хараад онцолж бичиж байжээ. Энэ нь ч үнэн байж мэднэ. Учир нь өнөөдөр С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН бүлэглэлийг хамтран өмгөөлж хамгаалж байгаагаар улам бүр батлагдаж буй. Тэд нийлж байгаад сөрөх чадваргүй сөрөг хүчин болоод байсан АН-ыг УИХ-д бүр бүлэггүй болгосон. С.Эрдэнэ ингэхдээ өөртэй нь намын даргын сунгаанд өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөв.

Түүнчлэн өөрийнх нь хамгийн хүчтэй, хамгийн том өрсөлдөгч байсан Н.Алтанхуягийг өнгөрсөн хавар намаасаа хөөсөн. Ингэж хөөхдөө Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболдыг ажлаас нь халж, түүний оронд нам дамжин явж явж АН-д элссэн Д.Батцогтыг шууд томилов. Д.Батцогт нь Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын тамгыг авмагцаа Н.Алтанхуягийг намаас хөөх тушаал гаргажээ.

БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр ч С.Эрдэнээс хангалттай шарх аваад улс төрөөс хэсэгтээ холдоод байгаа тухай АН-ынхан ярьж буй юм.

Мөн С.Эрдэнэ АН-ын дарга болонгуутаа Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Б.Баабар, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Н.Батбаяр тэргүүтэй 116 хүнийг Үндэсний бодлогын хорооноосоо хөөж байлаа. Энэ талаар нийтлэлч Б.Баабар өөрийн цахим хаягтаа “Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. АН цэвэршлээ” хэмээн жиргэж байв.

Харин одоо гэнэт ухаарсан уу, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин хоёрыг лав эргүүлж авчраад, намынхаа дэд дарга болгожээ.

Юутай ч “Намын дарга маань намынхаа лидерүүдийг “намнадаг” гэв үү” гэх яриа АН-ынхны дунд гарсан байна.

Тиймээс энэ бичвэрээ эхэнд дурдсан эшлэлээр хариулт нэхэн төгсгөе. “…Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү”.

З.Баттөмөр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.