Comment.mn

Наадмын дараа “нөгөө” үнэр арилах уу

Төв цэвэрлэх байгууламжид 50 жил хуримтлуулсан лагийг “Эко тайхи” компанийнхан өнгөрсөн оноос хойш боловсруулж,  үнэргүйжүүлж байгаа. Олон жил хуримтлуулсан лагийг ухаж, төнхсөнөөс болж хот даяар “өмхийрсөн” билээ. Тиймээс тус компанийнхан үйл ажиллагаагаа хэрхэн явуулж, лагийн үнэрийг хэзээ дарж дуусгах талаар тодрууллаа. Тус байгууламжид ирж байгаа усны бохирдол стандартаас 3-5 их болжээ. Эхний шат дамжлагад бохирыг хоёр шүүлтүүрээр шүүж, өтгөнийг нь ялгадаг аж. Дараа нь 5000 шоо метр эзлэхүүнтэй дөрвөн тунгаагуурт дамжуулна.

Тунгаагуур хоногт 190 000 шоо метр бохир шүүдэг байна. Үүний 1000-1500 шоо метр нь 96-98 хувийн чийгшилтэй лаг болдог. Товчхондоо Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохирыг өтгөн, шингэнээр нь ялгадаг. Шингэнийг нь 96-98 хувь хүртэл цэвэршүүлж, Туул голд цутгадаг бол өтгөнийг нь лаг болгон хатаадаг. Хатаах талбайн хэмжээ 14.5 га бөгөөд 44 хэсэг (цэвэрлэх байгууламжийнхан карт гэж нэрлэдэг)-т хуваадаг байна. Өөрөөр хэлбэл, маш том хэмжээтэй 44 нүх ухаж, түүн дотор лаг хатаана. Нэг карт 20х20, 20х36 м талбайтай, 2-2.5 м гүн.

Цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг хатаах зорилгоор нэг үйлдвэр барьж буй. Ингэснээр тусгай гадаргууд хатаах лагийн эзлэхүүн болон үнэр багасах аж. Өдгөө лагийг байгалийн жамаар хатаадаг бол шинэ үйлдвэр нь угаалгын машины сэгсрэгчтэй төстэй технологитой бөгөөд лагийг богино хугацаанд хатаана. Уг үйлдвэрийг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гадаадын олон оронд ийм технологи нэвтрүүлж, хатаасан лагаа шатаагаад эрчим хүч, дулаан, барилгын материал үйлдвэрлэдэг гэсэн.

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд нийт 70 000 шоо метр лаг цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан байна. Он удаан жил хуримтлагдсан лагийг боловсруулж, үнэргүйжүүлэх ажил 95 хувьтай явж байгаа аж. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах хүртэл “Эко тайхи” компанийнхан үнэрийг аль болох хурдан дарах ёстой. Тус компанийнхан лаганд ашигтай бактери бүхий бэлдэц хольж, өөр нэг талбай руу зөөж байв. Тэндээс ялгарах үнэрээр амьсгалахад бэрх. Гэхдээ хатсан лагийг ашигтай бактериар баяжуулсан үртэс бүхий бэлдэцтэй хольсноор үнэр нь 30 минутын дотор тодорхой хэмжээгээр арилж байв. Лагийг боловсруулаагүй байхад хорт бодисын хэмжээ 30 ppm байсан. Бэлдэц, лаг хоёрыг хольж, зөөвөрлөгч машинд ачаад өөр газарт аваачиж буулгах хүртэл ойролцоогоор 30 минут зарцуулж байлаа. Энэ хугацааны дараа дахин хэмжилт хийхэд бохирын хэмжээ найман ppm болсон байх юм. Харин долоо хоногийн өмнө буулгасан лагийн хорт бодисын хэмжээг хэмжихэд 0.1 байв.

Энэ мэтээр 2018 оноос хойш лагийн 161 360 шоо метр талбайг суллажээ. Лагийг үнэргүйжүүлэхэд ашигладаг гол зэвсэг нь Япон эрдэмтдийн гаргаж авсан бактери.

“Эко тайхи”компанийн менежер Ш.Болдсайхан “Бэлдэцтэй хольсон лагаас өмхий үнэртэхгүй. Цэвэрлэх байгууламжаас лагийг тунгаагуурт нийлүүлэх үеэр өмхий маш их үнэртэж байна. Учир нь тунгаагуурт лагийг шүүхдээ халааж, ашигтай бактерийнх нь хэмжээг өсгөдөг. Ингэснээр лагт хуримтлагдах хүнд металлын хэмжээ буурна. Гэхдээ бүрэн арилахгүй. Үүнээс гадна ойр орчимд арьс шир, өлөн боловсруулах 10 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тэд үнэр дарах ажил огт хийдэггүй. 50 жил хуримтлагдсан өтгөнийг хуулж авахад мэдээж үнэр гарна шүү дээ. Бороо их орохоор муухай үнэртэх нь бий. Уг нь бид энэ сарын сүүлчээр ажлаа дуусгах байсан ч санхүүжилт зогссоны улмаас 14 хоног хойшлуулсан юм. Холбогдох газрынхан Наадмын үеэр үнэр бүү гарга гэж үүрэгдвэл дахин долоо хоног ажлаа зогсоох байх. Тухайн үед ажлаа зогсоосон ч долоо хоногийн дотор л лагийн үнэрийг бүрэн дарна” хэмээн тун итгэлтэй ярилаа.

Тэд есөн карт дахь бохирыг боловсруулчихвал эхний шатны ажил дуусах гэнэ. Нэг картыг 2-3 хоногт сулладаг аж. Биднийг Цэвэрлэх байгууламжид очиход хоёр цооногоос бохирын үнэр “аймаар” ханхалж байв. Тэр үнэрийг дарж болох, эсэхийг албаныхнаас асуухад дулааны шугамын хоолой тээглэх учраас шинэчлэхэд хэцүү гэсэн.

Ойрын өдрүүдэд бороо их орсон нь Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бага зэрэг ихэсгэжээ. Хөрсний усны ундаргад байрладаг зарим аж ахуйн нэгж, байгууллага, иргэд бороо орохоор бохироо шууд төв шугамд нийлүүлснээр ачаалал ихэсдэг гэсэн. Хэрэв бохироо үерийн шугамд нийлүүлбэл зун ачаалал үүсэхгүй аж. Цагаан сар болон есдүгээр сард ачаалал ихэсдэг бөгөөд хоногт 200 000 шоо бохир цэвэрлэх шаардлагатай болдог гэж байна. Цэвэрлэх байгууламжийн ажилчид 3-4 дүгээр сард л “амьсгаа авдаг” бололтой.

Ажилчид нь ихэвчлэн залуучууд байсан. Тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс хордлого тайлах хүнс, хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангажээ. Гэхдээ зарим ажилчин амны хаалтгүй байв. Тэнд одоогоор 40-50 хүн ажилладаг. Ачаалал ихтэй үеэр 70 хүн ажилладаг аж.

…“Холбогдох газрынхан Наадмын үеэр үнэр бүү гарга гэж үүрэгдвэл дахин долоо хоног ажлаа зогсоох байх. Тухайн үед ажлаа зогсоосон ч долоо хоногийн дотор л лагийн үнэрийг бүрэн дарна”…

Лагийг үнэргүйжүүлсний дараа хэрхэхийг “Эко тайхи” компанийнхнаас тодруулахад “Бордоо болгоно” гэв. Боловсруулаад хатаасан лагт ч хортой бодис агуулагддаг. Хүнд металлын хэмжээг нь бууруулахын тулд лагийг 1000 хүртэлх хэмд халааж, халдваргүйжүүлэх технологи нэвтрүүлэх ёстой гэнэ. Ийм технологи байхгүй тул одоогоор үнэргүй болсон лагийг хүнсний ногоо тарих хөрс, малын бэлчээрт ашиглах боломжгүй аж. Харин уул уурхайн нөхөн сэргээлт, хөрсний доройтол бууруулах, нүхэн жорлонд хийж үнэргүйжүүлэх, ариутгах, хотын ногоон байгууламжид ашиглах, цахилгаан станцуудын үнсэн санг хучих зэрэгт ашиглаж болох юм байна.

Үнэргүй болгосон бордоогоор юу хийснийг сонирхлоо. Ажлын байрандаа янз бүрийн цэцэг, ургамал тарьжээ. Үүнээс гадна төмс, лууван зэрэг хүнсний ногоо тарьж, дээжийг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шинжлүүлэхээр өгсөн гэнэ. Хүнсний ногоонд хүнд металлын хэмжээ хэр байгаагаас шалтгаалан дараагийн технологио нэвтрүүлэх аж.

Одоогоор 720 000 шоо метр лагийг боловсруулаагүй бөгөөд үүнийг бэлдэцтэй хольсны дараа сая гаруй шоо метр “хар шороо” бий болно гэсэн. Жил бүр нийслэлийн Байгаль орчны газарт иргэд 15 000 шоо метр хар шороо ашиглах хүсэлт ирүүлдэг аж. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулснаар хөрс нөхөн сэргээхэд ашиглах боломжтой 700 000 шоо метр хар шорооны нөөцтэй болох юм байна.

Шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-нд эхлүүлсэн бөгөөд одоогоор геодезийн хэмжилт, барилгын зураг төслийг бэлдэж буй гэнэ. Тэдний тооцоолсноор, 2-2.5 жилийн дараа үйлдвэрийг ашиглалтад оруулах аж.

Г.Баясгалан

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.