Д.Мөнхтөр: Төр төмөр нүүрээ шатахуун импортлогчдод харуулах ёстой

Хэрэглэгчийн эрхийг тэргүүнд хамгаалах төвийн тэргүүн Д. Мөнхтөр шатахуун импортлогчдыг үнээ буулгаж, хууль бусаар хомсдол үүсгэхээ зогсоохыг шаардлаа.

Тэрээр ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны наймдугаар сард ажлаа хүлээлгэж өгсөн юм. Тэрээр шатахуун импортлогчдын өрсөлдөөнийг нэмэх зорилгоор шатахуун импортлогч компаниудын тоог нэмэх, төрийн хяналтыг оролцоог сайжруулах санал гаргажээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, МҮХАҮТ танхим зэрэг холбогдох байгууллагаас шатахуун импортлогчдыг 100-350 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг мэдэгдэж, цаашид үнэ чөлөөлөх асуудлыг хөндөөд байгаа. Тэгвэл үүнийг эсэргүүцэж төрийн оролцоо зайлшгүй байх шаардлагатай хэмээн үзэж байна.

Д.Мөнхтөр “Үнийн асуудалд Засгийн газар оролцохоос өөр аргагүй. Учир нь, шатахуун бол гаалийн тусгай татвартай, Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн. Гэхдээ 100 хувь оролцох биш хяналтын оролцоог нэмэх шаардлагатай. Тухайлбал, шатахуун импортлогчдын нөөц, хангамжийн мэдээллээ ил тод зарладаггүй. Үүнийг төрөөс зохицуулж, ил тод болгох хэрэгтэй. Би хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан. Сүүлийн үед шатахуунтай холбоотой асуудлаар хэрэглэгчийн эрх ашиг ихээр зөрчигдөж байгаа тул дуугарахаас өөр арга байсангүй. Дэлхийн зах зээл дээр 2016 онд бензиний үнэ хоёр дахин буурах үед ШӨХТГ-аас шатахуун импортлогчдод шалгалт оруулсан. Шалгалтын дүнгээр шатахуун импортлогчид өндөр ашигтай ажиллаж байгааг тогтоосон. Газрын тосны үнэ буурчихаад байхад үнээ буулгахгүй байгаа хууль бус гэж үзээд бензиний үнэ буулгах уриалга гаргаж байсан.Тухайн үед Тэс петролиум, Жаст ойл, Петрожамп зэрэг компани үнээ буулгасан. Түүний дараа МТ, Шунхлай, Петровис зэрэг томоохон компани литр тутмыг нь 50-200 төгрөгөөр буулгаж байсан удаатай. Монголд бензин импортлогч компаниуд үнэхээр монополь болсон. Түүгээр зогсохгүй хоорондоо үгсэн хуйвалдаж, зохиомлоор хомстол үүсгэх, үнэ нэмэх үйл явцыг хийж байна. Тэд нэгдүгээр сард нэгэн зэрэг засвар хийгээд, шатахуун түгээх станцаа хаана гэж байхгүй. Хэрэв үнээ буулгахгүй, шатахууны нийлүүлэлтээ хангахгүй бол хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа аж ахуйн нэгжээс шатахуун авахгүй байхыг удаа дараа уриалах болно. Төр төмөр нүүрээ энэ даварсан компаниудад харуулах ёстой” гэв.

newspress.mn