Гавьяатын энтэй багш нар минь

Оюунлаг сургуулийн хамт олон өчигдөр Боловсролын салбарт хийж бүтээсэн ажлын амжилт бүтээл,хүүхдийн төлөө зориулсан цаг наргүй хөдөлмөрийнхөө үр шимээр төрийн дээд шагнал “Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан багш С.Улаанхүү, Л.Эрдэнэцог нараа төрийн ордны Чингисийн төв талбайд угтан авлаа.

Аргагүй ээ энэ хоёр эрхэм бол 15 жилийн өмнө гавьяатын энтэй Дундговийн хоёр манлай багш  хөдөлмөр бүтээлээрээ гайхагдан бишрэгдэж явсан дурсамжтай сайхан мөчүүдийг би бишгүй соносож байсны хувьд мэдэх юм байна.

Ингээд  төрийн дээд шагнал “Алтан гадас одон хүртсэн багш С.Улаанхүү,Л.Эрдэнэцог нартай богинохон хугацаанд уулзаж ярилцсанаа та бүхэнд толилуулья.

Сур:Төрийн дээд шагнал хүртсэн багш нартаа баяр хүргэе.

С.Улаанхүү: Баярлалаа.Боловсролын салбарт 41 дэх жилдээ Оюунлаг сургуульдаа 14 дэх жилдээ ажиллаж байна.1975 оноос өдийг хүртэл түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирснийг минь төр үнэлж ийм сайхан шагнал хүртээсэнд туйлын их баяртай байна.

Л.Эрдэнэцог:Боловсролын салбарт 37 ,Оюунлаг сургуульдаа 11 дэх жилдээ багшилж байна.Үе үеийн олон сайхан шавь нарын минь буян,төр түмний хайр хишгийг хүртсэндээ сэтгэл өндөр байна.

Сур:Оюунлаг сургуулийн өнөөгийн амжилт бахархал ,түүх бүхэн та хоёртой яахын аргагүй салшгүй холбоотой.Энэ сургуулийг үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Дундговийн хоёр манлай багш энэ хамт олны дунд ажиллаж байгааг соносож байсан юм байна.

С.Улаанхүү: Энэ эрч хүчтэй,ажилсаг бүтээлч, халуун дулаан уур амьсгалтай,зангидсан гар шиг байж чаддаг хамт олон дунд орж ажиллаж  энэ сургуулийн түүхийг бичилцэж яваагаараа би үргэлж бахархдаг.Анх түрээсийн гурван өрөөнд 40 гаруйхан хүүхэдтэйгээр хичээл сургалтаа явуулж байсан сургууль маань өнөөдөр 5 давхар хичээлийн шинэхэн байртай, 900 гаруй сурагчидтай ,70 орчим багштай ,нийслэл улсын хэмжээнд танигдсан шилдэг сургуулиудын нэг болжээ.

Л.Эрдэнэцог:Тийм шүү.Нийслэлийн хэмжээнд бага ангийн сургалтын чанараараа тэргүүлэхээс гадна,12-р ангийн сурагчдын ЭЕШ-ын онооны чансаагаараа 2017 онд улсад 2-рт эрэмбэлэгдэж, улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц STEAM сургалт,бусад хичээлүүдийн шинэлэглабортори орчинг бүрдүүлсэн гээд олон зүйлийг хэлж болно шүү.Ингэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн түмнийг манлайлан яваа хамт олон дунд бид үлгэрлэн түшиж явахгүй бол болохгүй шүү дээ.

Сур:Багшийн хөдөлмөрийн амт шимтийг та бүхэн бие сэтгэлээрээ мэдэрсэн,багшийн ажлын чухам юу нь сайхан бэ.

С.Улаанхүү: Түмний үрсийг эрдмийн их далайд аялуулах сэлүүрийг бариулж зүг чигийг нь зааж  өгдөг буянтай ажил юм даа.Ийм ч учраас хүүхдийг чин сэтгэлээсээ ойлгодог,хайрладаг урам зориг,итгэл хүндлэлээр хөглөж байж хэдэн жилийн дараа багшаасаа илүү мэдлэгтэй болох үеийг харах шиг агуу бахархалтай зүйл байхгүй юм шиг цаг үргэлж бодогддог.Шавь нартаа сэтгэлээрээ хандан зүтгэлээрээ үлгэрлэх нь чухал шүү.

Л.Эрдэнэцог:Ухаарлын үзүүрт ямагт мэдлэг ойлголт байдгийн  нэгэн адил багш хүний сайхан сэтгэлийн үзүүрт хүүхдүүддээ  урам өгч итгэл хайрласан,хийж бүтээхийн хүслийг нь өдөөсөн зорилго байдаг юм.Энэхүү зорилгоо хэрхэн биелүүлсэн ямар боломжийн төвшинд хүрснээ хараад сэтгэл маань хөөрөх үе байдаг.

Ялангуяа эрдэм номын боловсрол төдийгүй сэтгэлийн боловсролд түлхүү анхаарч шавь нартаа өөртөө итгэх итгэлийг,харилцааны халуун дулаан уур амьсгалыг бий болгож байж суралцах зөв хандлагыг  бий болгоно. Ингэж л сургалтынхаа агуулга оюуны боловсролыг богино хугацаанд үр дүнтэй эзэмшүүлж болдог  ганцхан зөв шийдэл юм шүү.Үүнийг бидний олон жилийн туршилга хугацаа өнгөрөх тусам баталгаажуулаад л байна.Өнөө цагийн боловсролын шинэчлэлийн  асуудал сэтгэлийн боловсрол дээр тулгуурлаж байгаа нь шинэлэг зүйл биш бидний залуу үед байсан л зүйл.

Сур:Та бүхний шавь нарын амжилт бүтээлийн талаар яривал их л зүйлийг өгүүлэх байх.Товчхон танилцуулаач.

Л.Эрдэнэцог:Аймаг,нийслэл,дүүргийн хэмжээний хичээлүүдийн олимпиадаас шавь нар маань олон зуун медаль хүртсэн дээ.Өнөөг хүртэл тоолж байсангүй.Зөвхөн анги хамт олноороо унших бичгийн олимпиадын нийслэл болон аймгийн аварга ангиар 5 удаа шалгарсан байдаг.Багш хүний эрхэм нэгэн зорилго бол ангийн сурагчдаа эв эетэй,нөхөрсөг найз нөхдөө хүндэлдэг,хамтарч асуудлаа шийдвэрлэж чаддаг, хамт олон болгон хүмүүжүүлэх нь  сургалтынхаа зорилгоо биелүүлэх,чанар үр дүнг дээшлүүлэх  хамгийн  чухал зүйл болдог доо.

С.Улаанхүү:Аймгийн аварга тоочин сурагч  10гаруй байх,энэ онд Бразил улсад болсон дэлхийн 112 орны сурагчдаас хүрэл медаль хүртсэн С.Эрхэс,Зүүн өмнөд Азийн математикийн олимпиадаас анги өгсөн оролцож хүрэл медаль хүртсэн М.Ананд,Ш.Золбоо,хот улсын чанартай математикийн олимпиадын аварга 8,анх 2006-2009 онуудадд Европын Кингуру математикийн олон улсын уралдаанд Монгол хүүхдүүдийг анх удаа оролцуулж тэргүүн байр 5,дэд байр 8,гуравдугаар байр 14-г авсан гээд олон сайхан амжилтууд байдаг.Энэ бол тухайн цаг үедээ үзүүлж байсан үзүүлэлт.

Харин шавь нар нь өнөөдөр ямар хүн болж төлөвшиж вэ гэдэг хамгийн чухал үзүүлэлт болов уу.Өнөөдөр дэлхийн нэр хүндтэй Google,Samsungкорпорацид нэг нэг хүүхэд,олон улсын банкуудад мэргэжилтэнгээр хоёр хүү,гадаадын их дээд сургуулиудад олон арван шавь нар маань сурч,зарим нь төгсөөд сайхан л ажиллаж амьдарч байна.

Сур: Та хоёроор Дундговийнхон бахархаж энэ хоёрт л хүүхдээ өгч сургах юмсан гэсэн үгийг би бишгүй соносож байсан юм байна.Багшлах ажлын тань нууц юу вэ.

Л.Эрдэнэцог: Хүүхдэд зэмлэл хүртээх,хийсэн зүйлээс нь өө сэв хайдаг,энэ нь сайн энэ нь муу гэж дугаарладаг  хүн бол багш биш.Нэгдүгээр ангид шинээр орж буй хүүхдийг шалгаруулалт нэрийн доор авах авахгүйг нь шийдвэрлэдэг  сургуулийг хараад би гайхдаг.Бүгд л адилхан монгол хүүхдүүд.Юм сурч мэдэхийн хүслээр жигүүрлэсэн бяцхан хүүхдүүд шүү дээ.Ийм сургууль багш нараас л хүүхдийн хийж бүтээхийн хүсэл эрмэлзлэлийг нь мохоосон үр дүнд нь залхааж төвөгшөөсөн сурах хүсэлгүй  хүүхдийг бий болгох асуудал гардаг юм.Харилцаа гэдэг бол ийм л эмзэг зүйл.

Хүүхэд бүр өөртөө итгэлтэй,би чадна гэсэн оргилуун хүсэлтэй,харилцааны эерэг амгалан тайван орчинд сургалтын үр дүн хамгийн өндөр үр өгөөж сайтай байдаг юм.Тэгэхгүйгээр миний хийсэн зүйл буруу болов уу,ингээд хийчихвэл багш загнах болов уу,ээж аав даалгавраа хий гэж шаардана даа  айдастай  хатуу шаардлагатай орчинд хүүхэд багахан юм суравч тэр нь хүүхдийн сурч мэдэх хөгжих ирээдүйн сайхан боломжуудыг нь үгүй хийдэг гэдгийг хүн бүр ойлгох ёстой.

Өөрт нь таарсан үүрэг хариуцлагыг оноодог,үүнийг хийх нь миний үүрэг шүү гэдгийг ихэд ухамсарлуулах,явц байдалд нь тусалдаг дэмждэг хянадаг зөвлөдөг,багш өөрөө үлгэрлэдэг байх нь чухал шүү.Энэ л миний ажлын мөн чанар нь болов уу гэж бодогдох юм.

С.Улаанхүү: Багшийн ярьсан бүхэн манай сургуулийн сургалтын үр дүнг өндөр байлгах гол нөхцөл юм шүү дээ.Хүүхэд бүрт итгэл өгч урам хайрлаж сурч мэдэх хийж бүтээхийн сэтгэлийн галыг асаана гэдэг хичээл сургалтынхаа агуулгыг хялбар арга замаар өгөх гүүр нь болдог юм.Ингэж л сэтгэл зүйн таатай орчин, сургалтын үр өгөөжтэй агуулга аргзүй  нийлж цогц болж байж амжилт үр дүнг үзүүлнэ.Энэ бол манай сургуулийн сургалтын гол амин сүнс нь юм шүү дээ.

Үүнээс гадна аль ч улсын бай математик сургалтын агуулга нэгэн ижил ойролцоо байдаг.Харин хүүхдэд эзэмшүүлэх арга хэлбэр нь өөр өөр байж болно.Иймээс л хүүхдийн танин мэдэх,хувь хүний хөгжил бие даах бүтээлч чадварыг хэрхэн хөгжүүлж буй үр ашгаар нь арга зүйгээ үнэлж сонгох нь чухал.

Сур:Хүүхдэд урам хайрлах,би чадна гэсэн итгэлтэй зөв хандлагыг бий болгосон цагт сургалт үр дүнтэй болдог талаар голлон ярилаа.Үүнийг яаж хэрэгжүүлэх боломжтой вэ.

С.Улаанхүү:Багш хүн хүүхдийг сургаж хүмүүжүүлэхдээ харилцааны өндөр соёлтой байж  хичээл сургалтынхаа явцад өдөр тутам тэдний хийж бүтээх,сурч мэдэх хүслийг нь дэмжсэн үйл ажиллагааг урт удаан хугацаанд  тэвчээртэйгээр чиглүүлэн  ажиллаж байж  үр дүн гарна.Нөгөө талаас номын боловсрол болон сэтгэлийн боловсролыг хооронд нь хатуу зааглах юм биш харин ч хоорондоо харилцан уялдаатай нэг нь нөгөөгөө дэмжсэн нарийн шүтэлцээтэй,эрэмбэ зүй тогтолтой гэрээр жишвэл хос багана нь гэхэд буруудахгүй байх.

Л.Эрдэнэцог:Бага ангийн хүүхдийг уншуулж бичүүлж сургана гэсэн зорилгын цаана  зөв унших арга техникийг анхнаас нь хэрхэн зөв эзэмшүүлэх,агуулгыг ойлгож уншихолон төрөл арга барилууд,гол зангилаа зүйлийг тодруулах,ойлгосон зүйлээ хүнд ярихын тулд хэрхэн бэлтгэдэг,мэдээллийг бусдад хүргэхийн тулд биеийн хэлэмж дууны өндөр нам ямар байх,дүрс  загварчлал бичгэн  тэмдэглэгээний үндсэн арга барилууд гэх мэтээр сургалтын  маш олон зорилгууд байдаг.Эдгээрийг эзэмшүүлэх өдөр тутмын хичээлийн явц хором бүрт сэтгэл зүйн асуудал хамтдаа явагддаг юм шүү дээ.Ингэж байж хүүхдийн  хөгжил дэвшил,ирээдүйн зөв хандлага бий болно шүү дээ.Алтай язгуурын хэлний залгамал  бүтэцтэй Монгол хэлийг авианы задлаг нийлэг хэлбэрээр заахад хамгийн тохиромжтой болохыг олон улсын судалгааны дүн баталчихсан зүйл.Нөгөө талаас цагаан толгойн үеийн уншиж бичиж сурахад 21 хоног хангалттай хугацаа байдаг

Сур: Богинохон хугацаанд сонирхолтой ярилцлага өгсөн та хоёртоо баярлалаа.Хамт олон тань хүлээгээд яараад байх шиг байна.

С.Улаанхүү: Харин тийм ээ.Багш нар маань биднийг сургууль дээрээ хүлээж авна гэсэн.

Л.Эрдэнэцог: Дараа уулзья даа

Сур: Хүүхдэдээ урам хайрлаж итгэл өгсөн,суралцах арга барилыг шавь бүртээ эзэмшүүлж чадддагийн тод үлгэр жишээ болсон,ярих хэлэх нь хүн бүхэнд ухаарал шинэ эрч  хүч өгсөнхоёр багшдаа урт удаан наслахын ерөөл өргөе дөө.